Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бямбажав: Цаашид зардал шаарддаг биш, үйлдвэрлэл хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй байна

Сангийн сайд асан Э.Бямбажавтай ярилцлаа.


-Цар тахал гурван жил орчим үргэлжилж байна. Монгол Улсад үлдэж байгаа гол сургамж юу байна вэ?

-Энэ бол дэлхий дахиныг хамарсан, гэхдээ Монголын хувьд том сургамж, том дохио, том шаардлага байсан гэж хэлмээр байна. Мэдээж хүнээ хамгаалсан, дээр нь эдийн засгаа хамгаалахаас өөр аргагүй байсан. Энэ хоёр бол гол зорилт. Эдийн засгийн хэмжээ, чадал, чадамжаар цар тахлыг давахад Монголын хувьд хүнд, хохиролтой. Манайх шиг ядуувтар, буурай хөгжилтэй орны хувьд эдийн засгаа хамгаалахаас өөр аргагүй. Эдийн засгийн чадвар, нөөц, боломж шавхагдахад амархан байна. Ийм байдалд цар тахал хүргэлээ.

Хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах боломжит бүх арга хэмжээг авч буйг авч, овоо ажиллаж байна гэж харж байна. Харин эдийн засгийн том өөрчлөлт авчрах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Төсвийн орлогын 60-аас доошгүй хувийг үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг бүтээхэд зарцуулах ёстой юм. Гэтэл манайх ингэж ажиллаж чадахгүй байна. Өнгөрсөн оны улсын төсөв, 2022 оны төсвийн төлөвлөгөөг үзэж байхад манай төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх нь цаашид зөвхөн зарлага болох ажлууд байна. Жишээ нь, 2020 онд гэхэд 270 орчим объект ашиглалтад орсон. Гэтэл тэдгээрээс хоёрхон соёлын төв өөрөө хөрөнгөө олж магадгүй. Бусад нь дандаа төсвөөс хөрөнгө шаардсан объект байсан.

2022 оны улсын төсөв дээр ч тэр, хөрөнгө оруулалтыг харахад 70-80 хувь нь зөвхөн зардал шаардах ажлууд байна. Тэр зардлыг хаанаас олох вэ, ямар үйлдвэрлэл явуулж байж нөхөх вэ. Улсын төсөв цаашид улс маань дампуурах эрсдэл рүү яваад байгаа юм биш биз гэж болгоомжлуулахаас аргагүй байдал ажиглагдаж байна.

Төсвийн зардлаа хэмнэе гэвэл үр ашиггүй зардал, илүү орон тоогоо хэмнэх хэрэгтэй. Хоёрт, хөрөнгө оруулалтынхаа 60-аас доошгүй хувийг нийгмийн үйлдвэрлэл бий болгоход зарцуулах хэрэгтэй. Ингэж зорилго тавьж ажиллаж чадах юм бол манай улс сэхэхэд амархан байна. Шинэ сэргэлтийн бодлогын 100 төсөл гэж байгаа. Энэ төслүүдээ оновчтой сонгоод, бодитой хэрэгжүүлж чадах юм бол хүнд байдлаас гарч чадна. Гол нь шинэ сэргэлтийн бодлогоо жинхэнэ бодит ажил болгохыг дахин дахин хэлмээр байгаа юм.

-Эдийн засгийн хувьд онцолж яримаар байна. Цар тахлын үед монгол гэлтгүй дэлхий дахинд эдийн засгийн хүнд цохилтод орсон. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд байгаа онож чадав уу?

-Засгийн газрын үйл ажиллагааг бүр болохгүй байна гэж хэлэхгүй. 100 хувь гэж бодвол 60 орчим хувь нь зөв юмандаа чиглээд явж байна. Харин үлдсэн хувьд нь оновчтой, хүчтэй ажиллаж чадахгүй байна. Аливаа нэг зорилт, арга хэмжээг авахдаа тэр хэсэг юу гэх бол, тэр юу гээд шүүмжилчих бол, тэд юу гээд жагсчих бол гэсэн болгоомжилсон, айсан байдлаар хандаж байна уу даа гэж бодогдохоор арга хэмжээнүүд авч байна. Заавал бүх хүний санаанд таарсан, заавал бүх хүнд мөнгө олгосон, бүгдийг нь хамарсан арга хэмжээ авах нь зөв шийдвэр биш.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүнд үед дэлхий дахины ихэнх оронд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харахад ер нь чиг зорилтот бүлгийнхээ хэсэгт гол анхаарлаа чиглүүлдэг. Зорилтот бүлэг гэдэг маань дундчуудаас доош хэсэг. Дундчуудаас доош хэсгийг яаж өөд нь татах вэ, тэрнийгээ яаж дундчууддаа дөхүүлэх вэ гэж ажиллаж байж нийт ард түмний амьдрал сайжирна. Тэгэхгүйгээр нэг сая төгрөгийн тэтгэвэртэй нь ч, 300.000 төгрөгийн тэтгэвэртэй хүн ч адилхан нэмүүлээд, зөрүүг нь улам холдуулаад байдаг ажил байж болохгүй. Хүүхэд бүрт олгож байгаа мөнгө ч мөн адил, амьдралын боломжтой, саятнуудын хүүхэд бүрт 100.000 төгрөг өгч байх ямар шаардлага байгаа юм бэ. Зорилтот бүлэгтээ ажлаа чиглүүлж чадвал эдийн засгийн бодлого зөв болно.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс үйлдвэрлэлийн бодлогоо явуулах хэрэгтэй. Хүнийг ажилтай болгоход зориулж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хүнийг ажилтай болгохдоо тэр ажлаараа хөдөлмөрлөж олсон цалин хөлсөөрөө амьдраад байх боломжийг бий болгох ёстой юм. Социализмд муу юм их байсан чиг сайн юмны дотор энэ байсан юм. Хүнийг ажилтай болгож байсан, ажлаар хангаж байсан. Ажлынхаа цалин хөлсөөр амьдрах боломжийг бий болгож байсан юм. Энэ бол заавал үйлдвэрлэл хөгжүүлэх тухай асуудал шүү. Хоёрт, дээр хэлсэн нийгмийн зорилтот бүлэгтээ зориулж анхаарах хэрэгтэй. Гуравт, экспорт гаргахгүйгээр зөвхөн татварын орлогоор хөгжихгүй. Манайд хамгийн сайхан боломжтой экспорт бол нар салхины сэргээгдэх эрчим хүч. Нар салхины сэргээгдэх эрчим хүчээ ашиглаж чадвал бүх Хятадын хэрэгцээг хангаж чадах хэмжээний нөөц байгаа. Даанч ашиглаж чадахгүй байна. Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ төсөл хийгээд Азийн орнууд Солонгос, Япон, Монгол хамтраад явж байгаа ч тэнд ерөөсөө манай Засгийн газар анхаарч, олигтой ажил болгохгүй байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их л ярьж байна. Ноосоо олигтой ашиглаж чадахгүй байна шүү дээ. Үйлдвэрлэл хөгжүүлээд үйлдвэрлэлийн аргаар боловсруулаад хаана ч хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийдэг болох хэрэгтэй. Эдгээр нөхцөл байдал энэ гурван жил үргэлжилж байгаа цар тахлын үед хамгийн онцгой харагдаж байгаа сургамж болж байна.

-Хил гаалийн боомилолт өнөөдрийг хүртэл ихээхэн хүндрэлтэй явж ирлээ. Манай талаас санаачилгатай ажиллаж чадсангүй гэсэн шүүмжлэл их өрнөж байна. Хил гааль дээрээс бид ямар сургамж авав?

-Цар тахал гэдэг бол давагдашгүй хүчин зүйл. Харин ийм зүйлийг яаж давах аргаа л зөв олох ёстой. Хилийн боомилтотод хоёр зүйл нөлөөлсөн. Тэр бол цар тахал, өвлийн олимп хоёр. Гэхдээ үүн дээрээс юу харагдсан бэ гэхээр манайд хил гаалийн бодлого дээр аль ч хоёр хөрштэйгөө удаан хугацааны хэлэлцээртэй байх ёстой юм байна. Удаан хугацааны хэлэлцээрээр үүргээ маш хатуу авсан, хэчнээн тонн зэсийн баяжмал, хэчнээн тонн нүүрс экспортохоо хатуу, тодорхой заасан байх ёстой юм. Түүнийгээ биелүүлэхийн тулд улс нь ч, хувийн компани ч ажиллаж байх ёстой. Ийм туршлага дэлхий дахинд ч байна.

Яах вэ одоогийн Засгийн газар, УОК, ЭМЯ-наас явуулж байгаа арга хэмжээ зохих хэмжээндээ явж байна. Гэхдээ удаан жилийн хэлэлцээр ийм хүнд нөхцөлд ач холбогдолтой болох нь харагдаж байна шүү дээ.

-Цар тахлын хүнд нөхцөлд 2022 оны улсын төсөв түүхэнд байгаагүй өндөр дүнтэй батлагдсан. Үр дагаврыг та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна?

-Цар тахлын үед хүмүүсээ ажилтай байлгая, тийм учраас байгаа хөрөнгө боломжоо дайчлаад хөрөнгө гаргая гэсэн ерөнхий зарчмын дор төсвөө нэлээд нэмж, орлогоо нэлээд нэмэгдүүлж баталсан тайлбарыг хийж байгаа. Тэр ч нэг талаас зөв. Гэхдээ яг төлөвлөснөөрөө ажил болгож чадаж байна уу. Төлөвлөсөн хөрөнгө оруулалт хэрэгжих үү, орлого бүрэн орох уу, тэр орлогыг яаж оруулах уу гэдэгтээ одооноос анхаарч ажиллахгүй бол худлаа болно.

2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь цаашдаа зардал шаардсан хөрөнгө оруулалт байгаа. Уг нь үйлдвэрлэл рүү хандсан, өөрөө өөрийгөө даагаад цаашид ажиллаад, хүн ажиллуулаад явчих боломжтой салбарт хөрөнгө оруулалтаа зарцуулмаар байгаа юм. Одоогийн нөхцөл байдлыг харахад энэ их өссөн хөрөнгийг олж чадах уу үгүй юү гэдэг асуудал, олсон хойно нь зөв зарцуулж чадах уу гэдэг бас асуудал. Үр дүнгүй зардалд зарцуулах юм бол 2022 оны төсөв сүүлдээ улсыг дампууруулахад чиглүүлсэн юм болох вий. Гол нь манайд тооцоо, төлөвлөлт, судалаа их муутай байна.

-Уул уурхайн орлогыг төсөөлөл маш өндөр, бодит бус байна гэж эдийн засагчид шүүмжилж байгаа шүү дээ?

-Зэсийн баяжмал, алтны хувьд боломжтой. Цаашид анхаарах зүйл бол зэсийн баяжмал дэлхий дахинд үнэд орж байна. Үнэ нь хоёр дахин, бараг түүнээс ч илүү өсчихөөд явж байна. Ирэх оны прогнозоор ханш нэг их буурахгүй. Гэтэл манайд хоёрхон ордоос зэсийн баяжмал гаргаж байна. Цаана нь илэрцүүд олон байгаа. Түүнийгээ хийх хэрэгтэй.

Харин нүүрс бол хүндэвтэр байна. Гэхдээ дэлхий дахинд 30, 40 он хүртэл хэрэгцээтэй байна. Тэр хүртэл нүүрсээ олборлох хэрэгтэй. Нөхцөл байдал хэцүү байгаа, гэхдээ зөв төлөвлөж, зөв зарцуулах хэрэгтэй. Ээлж дарааг нь муу олж байна гэж харагдаж байгаа юм.

-Цар тахал олон салбарт нөлөөлсөн. Тэр болгоныг ярих боломжгүй. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбар дахь нөлөө хүний эрхийн олон зөрчлийг гаргасан гэж мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа. Нэг талаар юун дээр алдаж, юун дээр онов?

-Би хувьдаа цар тахлын үед энэ байтугай үүнээс ч хатуу арга хэмжээ авах ёстой гэж хардаг. Бусад орнууд хатуу арга хэмжээ авдаг юм. Манайд бол бид хэтэрхий эрхэлж, юм үзээгүй байдлаа гаргаж байна. Хятадын тэрбум гаруй хүн яаж болж байна вэ, Энэтхэгийн тэрбум гаруй хүн яаж болж байна. Гэтэл тэд цар тахлаа дарж чадсан шүү дээ. Тэгж байхад гуравхан сая хүн амтай бид нар дураараа дургиж, цар тахлыг гаднаас авчирч нэгэндээ тараагаад, дотроо хүүхдүүддээ тараагаад байж байна шүү дээ. Цар тахлыг монголчууд огт ойлгохгүй, ойлгосон ч ойлгоогүй байдал гаргаж байгаа. Иргэд бас өөрөөсөө хамаарах юмаа хийж байх ёстой гэж бодож байна.

-Та бол Төрийн сайд байсан хүн. Улс төрийн хүрээнд, улстөрчдийн хувьд ч энэ цар тахал сорилт байсан нь мэдээж.

Эдийн засгийн хэмнэлттэй горимд ажиллах ёстой цаг үед зарим улстөрчид олон тэрбум төгрөгөөр бурхны хөшөө босгох зэргээр олон нийтийг бухимдуулсан үйлдлийг нэг бус удаа гаргаж байгаа. Төрийн хүний хувьд ийм онцгой байдалд яах ёстой юм бэ. Таныг ажиллаж байх үед онцгой нөхцөл байдалд улстөрчид, Засгийн газар ямар сахилга баттай ажиллаж байв?

-Одоо манайд хамгийн эвгүй, хамгийн баймааргүй нэг зүйл бол УИХ-ын гишүүний захиалга даалгавар нэртэй орон нутгийн зовлон байна. Хаана ч хэрэгцээтэй, хөгжүүлмээр, хийчихмээр, барьчихмаар спортын ордон, соёлын ордон хэрэгтэй. Гэхдээ ээлж дараатай, дэс дараатай байх ёстой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой юм л даа. Гэтэл манайх би л юмаа бүтээж байвал улс яаж байх нь хамаагүй. Би захиа даалгавраа биелүүлж байвал бусад нь хамаа алга. Шашны ч байна уу, юуных байна уу хийж л өгөхийг бодъё, тэгвэл би нэртэй төртэй байна, магадгүй дахиж сонгогдоно гэх байдлаар хандаж байна.

Энэ бол удирдлагын хатуу шаардлага муу байгаатай холбоотой асуудал. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй, цааш хэдий нимгэн ч гэсэн чичихээс нааш цоорохгүй гэдэг шиг ажлынх нь шаардлага сул байгаа учраас шаардлагын хэмжээнд энэ улсууд ажлаа явуулж байгаа нь тэр. УИХ-ын гишүүд, яам газрууд ч адилхан. Ялангуяа төрийн албан хаагчдын шаардлага сул байх юм бол хийсэн ч яах вэ, эс хийсэн ч яах вэ гэдэг байдалтай болчихсон байна.

Социализмын үед бид ажиллаж байхад хүнд үеүд байсан. Нэг жишээ дурдахад, Улаанбаатарыг ногоон болгоё, мод тарья гэж хоёр жилийн турш хөөцөлдөөд огт бүтдэггүй. Олигтой ажил хэрэг болж өгдөггүй. Тэр үед би улсын хороонд эдийн засгийн байгууллагын хэлтсийн эрхлэгч байсан. Нэг өглөө Ю.Цэдэнбал дарга намайг дуудаад “Мод тарих ажиллагаа маш удаан явж байна. Худгаас ус авч модтой газруудыг услахгүй байна. Үүнийг долоо хоногч хянаач хүүхээ. Танай хэлтсийн үүрэг биш л дээ. Гэхдээ яах вэ, төв хорооны гишүүний хувьд явж үзээд хянаадахаач” гэдэг юм. Өглөө 05:00 цагт босоод л худгуудаар яваад тулгамдсан асуудал байвал чадлаараа шийдээд, нэлээд хэд хоног явсан юм. Нэг орой Энхтайваны гүүрний зүүн дор байдаг худаг дээр явж очтол нэг их олон машин, хамгаалалтын тэргүүд болчихсон байв. Юу юм бол гээд хүрээд иртэл Ю.Цэдэнбал дарга ирчихсэн байна. Худгийн усалгааны ажлыг шалгаж байгаа нь тэр. Тэгээд надад усалгааны ажил зохих хэжмээгээр явж л байгаа юм байна, би бас хэдэн худгаар орлоо. Чи явж л байна уу, сайн байна. Бүх худгаар яваад шаардаад байгаарай” гэж хэлээд явчихсан.

Тэр хүн бол муу, жижиг асуудлаар намайг шалгаж яваа нь тэр. Өгсөн үүрэг биелж байна уу гэж. Ингэж өгсөн үүргийн гүйцэтгэлийг шалгадаг, гүйцэтгэлийг гүйцэтгүүлдэг байх ёстой. Одоо манайх бол шийдвэр гаргаад гүйцэтгэл байхгүй. Түүнийг нь шалгадаггүй, шаардлага тавьдаггүй. Засгийн, төрийн аппарат ийм байгаа учраас компанийн захирлууд ч ялгаагүй. Компанийн захирлууд яасан ч яах вэ, би заавал чамайг ажиллуулах ёстой биш, заавал чамаар хийлгэх ёстой биш гэсэн маягтай байх нь олонтаа. Тэгэхээр төр эхлээд үлгэр жишгээгээ үзүүлж, бусдыгаа татаж, чиглүүлэх ёстой юм. Тэр л манайд дутаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *