Categories
мэдээ цаг-үе

Э.Бямбажав: “Оюу толгой”-н гүний уурхайг барьсны дараа гэрээний асуудлыг ярих хэрэгтэй

“Оюу толгой” ордын гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлээд буй. Үүнтэй зэрэгцэн “Оюу толгой” компаниас хөрөнгө оруулалтын гэрээ болон суурь гэрээг өөрчлөх боломжгүй гэдгээ мэдэгдээд байна. Энэ асуудлын хүрээнд Сангийн сайд асан Э.Бямбажавтай ярилцлаа.


-“Оюу толгой” ордын хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын түвшинд хөндөөд байгаа. Хамгийн сүүлд тус компанид хийсэн шалгалтын мэдээллийг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүллээ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Оюу толгой бол Монголын ирээдүй мөн үү гэвэл мөн. 1990-1992 онд улсын төсөв бүр болохоо байж сууж байсан удаатай. Тэр үед улсын төсвийг “Эрдэнэт” үйлдвэр аварч байсан. “Оюу толгой” бол нөөц, боломжоороо Эрдэнэтээс хоёр гурав дахин илүү ашигтай. Гэрээ хэлэлцээр бүр болохоо байчихсан гэж хэлж болохгүй. Цөөхөн монголчуудыг өрөнд оруулаад үлдээх нь, хамаг юмыг аваад явлаа гэдэг нь үндэслэл багатай. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гадныхныг дээрэмчид гээд байна лээ. Би бол манайхны буруу гэж үздэг. Яах гэж тийм хэлэлцээрийг зөвшөөрсөн юм. Манайхны хүний өмнөөс юм хэлж чаддаггүй, мэдлэггүй, чадваргүйнх нь л байхгүй юу. Гэхдээ үүнийг засч болно.

-Яаж?

-Манайх одоо бол нэг сэрж ирээд л нэг зүйл засъя, дахиад жаахан байж байгаад сэрж ирээд өөр нэг зүйл засъя гэлцэж байна. Энэ маш буруу. Гүний уурхайн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулсны дараа энэ зүйлээ ул суурьтай ярих ёстой. “За нөхөд минь, сайхан уурхай барилаа. Одоо гэрээ, хэлэлцээрээ эргэж нэг харъя. Гэрээн дээр ингээд заачихаж. Үүгээр бол бид чинь өрөнд ороод үлдэх нь байна шүү. Ингэж болохгүй ээ нөхөд өө” гэж.

-Монголын талаас хийж байгаа үйлдлээс улбаалж Рио тинто гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоож, санхүүжилтээ татна гэж мэдэгдэж байгаа шүү дээ?

-Тэгэх юм бол манайд л муу болно. Яг амьдрал дээр “Оюу толгой” мэтийн том уурхай чинь бусдыг уриалан дууддаг юм. Гадаадын хөрөнгө оруулагчид “Рио Тинто” чинь Монголд ашиг байна гээд хөөцөлдөөд яваад байна. Энэ том нөхөр ингэж байгаа юм чинь Монголд зэсийн үйлдвэрлэл рүү оръё, сэргээгдэх эрчим хүчийг сонирхъё” гэлцдэг. Ингэж уриалан дууддаг. Гэтэл “Рио Тинто”-г түүнийг хөөгөөд явуулчихаар “За ингэж алдаг юм бол болъё доо. Хятадад юм уу, Энэтхэгт хийе” гээд л холдчих эрсдэлтэй. Одоо Энэтхэгт гэхэд том, том уурхай руу гадны том хөрөнгө оруулагчид хошуурч байна. Бидний үед хөрөнгө оруулалт олох асуудал үнэхээр хүнд байсан. Монголбанк, арилжааны банкуудыг гурван сая, таван сая ам.долларын зээл ол гэхэд олдоггүй байсан. Одоо бол амар болсон шүү дээ. Зовох юм байхгүй. Уг нь толгойгоо зөв ажиллуулж, хөрөнгөө зөв хуваарилж чадвал Монгол Улс богино хугацаанд хөгжих боломж дүүрэн байгаа юм.

-Та “Оюу толгой”-н гэрээг засч болно гэлээ. Харамсалтай нь хэдхэн хоногийн өмнө “Оюу толгой” компанийнхан тайлангаа тавихдаа энэ асуудлыг хөндөж, гэрээг засах боломжгүй гэлээ. Цаашид хэрхэх вэ?

-Аливаа асуудлыг түүхийгээр нь тавина гэдэг ийм л үр дүнд хүрнэ. Хүний дургүйг хүргэж байгаа хэрэг. Уг нь бид энэ асуудлаа дотооддоо маш сайн боловсруулж бэлдчихээд хэзээ тавих вэ гэдгээ бодох ёстой байсан юм. Улс орны хар хайрцагны бодлого гэдэг тэр. Харамсалтай нь өнөөдөр Монголд алга болсон. Ю.Цэдэнбал даргын үед хар хайрцагны бодлого үнэхээр мундаг, ямар асуудлыг хэзээ, хэнд, хэний үед тавих вэ гэдгийг нарийн шийддэг байсан. Жишээ нь, Горбачёвын үед юу ярих вэ, Брежневийн үед юуг хөндөх вэ гэдгийг тооцдог байсан. Гэтэл манайд бол өнөөдөр хэн дуртай нь улс орны чухал асуудлыг ярьдаг болж.

-Та Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулах гэрээг анх үзэглэж байсан хүмүүсийн нэг. Эрдэнэтийн орд газарт хийгдэж байсан гэрээнд Монгол Улс хэрхэн оролцож байв?

-Бид чинь тэр үед оросуудаас эхэлж ТЭЗҮ шаардана. ТЭЗҮ бол эдийн засгийн үзүүлэлт, технологийг тодорхой болгочихож байгаа юм. Технологийн хүмүүсээс “Үүнээс өөр технологи дэлхийд алга уу?” гэсэн. Тэд “Байхгүй” гэлээ. Нэгэнт технологио тогтсон бол эдийн засгийн тооцооллыг хийгээд яаж харилцан ашигтай байх талаар ажиллах шаардлагатай болж байгаа юм. Гэрээний төслийн үед эргэж, буцаж ярих зүйл их байсан. Жишээ нь, үйлдвэр барихад тэр үед рублийг бид 4.44 төгрөгтэй тэнцүүлдэг байсан. Түүгээр нь тооцоход зэсийн үйлдвэрт алдагдал гарах нь гэж Оросын тал мэдэгдээд зөрүүнд рублийг 6.60-аар тооцоод “Та нар валют олж байгаа юм чинь валютыг урамшуул, төсвийн татаас өг” гэдэг юм. Түүнийг нь бид эхний үед нь дэмжье гэж шийдсэн. Үйлдвэрээ ч барьсан. Эхний үед Монголын талаас жаахан татаас өгч байгаад л болиулсан. Үнэхээр одоо Эрдэнэт 300 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байна. Одоо Эрдэнэтийг ашиггүй гэж ярих юм бол тэр шиг тэнэг, худлаа зүйл байхгүй. Эрдэнэт Монголд ашиг өгч ирсэн, цаашдаа ч өгнө. “Оюу толгой” бол үүнтэй л ижил юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *