Categories
мэдээ нийгэм

Э.Бөхбат: Түгжирч цаг алдалгүйгээр нийтийн тээврийн автобус сонгохыг наадамчиддаа зөвлөж байна

Үндэсний их баяр наадмын замын хөдөлгөөний зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Үндэсний баяр наадмын үеэр төв цэнгэлдэх орчимд 2,500 тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болсон бол Хүй долоон худагт 7,500, нөөцөд 6,000 орчим тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болоод байна. Иргэд авто машины зөвшөөрлийн ард байгаа явах маршрутыг анхаарах хэрэгтэй. Мөн уулзварууд дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийдэг. Уулзварууд дээр байршуулсан чигийн заалт тэмдэгүүдийн дагуу цагдаагийн албан хаагчийн ажилд хүндрэл учруулахгүй явах боломж жолооч нарт бий. Төв цэнгэлдэх орчимд зогсоолын хүрэлцээ муу учир жолооч нар Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвийн зогсоолд машинаа тавиад, гурван минут тутамд үнэ төлбөргүй явж байгаа нийтийн тээврийн автобусаар стадионд очих боломжтой. Удаан хугацаанд түгжирч, хугацаа алдалгүйгээр авто машинаа тавиад нийтийн тээврийн автобус сонгохыг наадамчиддаа зөвлөж байна.

Соёолон насны морьд гарах өглөө Улаанбаатараас Хүй долоон худаг руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Харин соёолон насны морьдын уралдаан дуусахад Хүй долоон худагаас Улаанбаатар хот руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Мөн хотод хөдөлгөөний зохицуулалт олон хийгдэхээр байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тогтмол мэдээлэл өгөх болно. Тиймээс иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг анхаарч, замаа сонгох хэрэгтэй байна.

Өнгөрсөн жил баяр наадмын өдрүүдээр 423 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 390 хүн бэртэж гэмтэж, 16 хүн нас барсан. Нас барсан 16 хүний 13 нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгааны улмаас нас барсан. Тиймээс замын хөдөлгөөний дүрмээ баримталж, соёлтой оролцохыг уриалж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *