Categories
мэдээ нийгэм

Э.Бөхбат: Нийслэл хотын хэмжээнд 212 уулзварыг хяналтад авч ажиллана

Нийслэлийн Цагдаагийн Газар болон Замын Цагдаагийн Албаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Цагдаагийн хошууч Ц.Баатарболд нар оролцов.

Энэ үеэр сар шинийн урьд жилүүдийн нөхцөл байдлын талаар Э.Бөхбат ярилаа. Тэрээр “Өнгөрсөн 2017 оны cap шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн.

2016 онд нийт 17029 дуудлага мэдээлэл хүлээж авч байсан бол 2017 онд 7726 хувь буюу 55 хувиар буурсан. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 2016 онд 396 байсан бол 2017 онд 217 мэдээлэл ирж 45,2 хувиар буурсан. Зөрчлийн нийт дуудлага 2016 онд 4379 хүлээн авсан бол 2017 онд 3827 буюу 12,4 хувиар буурсан байна.

2016 онд согтуугийн 2350 дуудлага авсан бол өнгөрсөн жил 1638-г хүлээн авч 30,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллага жил ирэх тусам нөхцөл байдалтай бодит дүгнэлт хийж сар шинийн баярыг дөхүүлэн цагдаа, Дотоодын цэргийн нийт бие бүрэлдхүүн, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн нийтийн эргүүл, олон нийтийн цагдааг зохион байгуулж түгжрэл нягтрал ихтэй газруудыг эмзэг цэгүүд болон гэмт хэрэг үйлдэгддэг газруудыг бүрэн хяналтандаа авч эргүүл хяналт шалгалтыг тогтоож иргэдээ сар шинийн баяраар тайван амар байх нөхцлийг бүрдүүлэхээр цагдаагийн бие бүрэлдхүүн бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллана.

Энэ жилийн цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх үеийг ЦЕГ-ын тушаалаар хоёр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Орон нутгийн болон нийслэлийн арга хэмжээнд 6000 гаран албан хаагч тэр дундаа цагдаа дотоодын цэргийн нийт бие бүрэлдхүүн хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн иргэдийн нийтийн эргүүл олон нийтийн цагдаа нар хамтран ажиллаж байна” гэв.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааныг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, буруу зогсолт хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байгаа аж.

Харин 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарч байна гэв.

Нийслэлд гарсан осол нь хажуу хоорондын зай баримтлаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад болох хэсэгт байршуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдэж байгаа аж.

Түүнчлэн 65 орчим хувь нь эгнээ байр өөрчлөх журам зөрчсөний улмаас тус тус бүртгэгдсэн байгаа тул хөдөлгөөнд оролцох үедээ дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.

Cap шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтад авч байгаа аж. Гэр хороолол, орон сууц дундах замуудыг давхар хяналтдаа авч замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн нийт 760 алба хаагч ажиллана.

Нийслэл хотод сар шинийн баярыг зохион байгуулж байгаа ажил арга хэмжээг НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.“Өчигдрөөс эхлэн “Нийтийн эргүүл” арга хэмжээг зохиож үр дүнгээ тооцоод албан хаагчдаа хуваарьт оруулан ажиллаж байна. Сар шинийг угтаж хийсэн гол ажил нь “Хулгайчаас салцгаая” пэйж хуудсыг нээж ажиллуулсан. Энэ нь хулгайн гэмт хэрэгт өртсөн хулгайн гэмт хэргийн талаархи мэдээ мэдээллийг бүртгэлд авч шалгаж байгаа. Энэ мэдээллээр өнөөдрийн байдлаар тодорхой тооны гэмт хэргүүд илэрсэн үзүүлэлтүүд байгаа учраас хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хулгайчаас салцгаая” пэйж хуудсыг та бүхэндээ танилцуулан ажиллаж байна.

Мөн сар шиний баяраар камержуулах ажлыг тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлсэн. Энэ дээр хан-уул дүүргийн 1, 2, 3, 11-дүгээр хорооны өргөн чөлөөг бүрэн камержуулах ажлыг хийж үр дүнгээ хүртээд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох ажил камерийн ажил арга хэмжээнүүдийг хийж шинэ санал санаачилгыг нэвтрүүлэх чиглэлээр хоёр удаагийн хэлэлцүүлэг ярилцлага, нэг удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна” гэв.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *