НИТХ-ын дарга Д.Баттулга 2016 оны сонгуульд нийслэлийн эзлэх мандатын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй ярилцсан юм. Тэрбээр “НИТХ-ын даргын явуулсан санал дээр 14-ийг нэмэгдүүлж 21 болгоё гэсэн. Энэ бол зөвхөн мандатын тооны асуудал биш. Ардчиллын чухал зарчим юм. 2012 онд Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүдийн тоо нийслэлийн хүн амыг төлөөлж хүрэлцэхгүй байна. 2008 онд нийслэл 800 мянган хүн амтай байсан бол өнөөдөр нэг сая 314 мянга гаруй болж, 500 мянгаар өссөн. Гэтэл төлөөлөл нь 2008 оны жишгээрээ 14 гишүүнтэй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 500 мянган иргэн УИХ-д төлөөлөлгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь УИХ ард иргэдийнхээ төлөөлөл байх гэсэн зарчмыг хангаж чадахгүй байна гэж үзэж байгаа.
Өмнө МАН-ын тухайн үеийн нийслэлийн удирдлагууд М.Энхболд, Г.Мөнхбаярын аль ч үед нийслэлийн мандат цөөн байна, нэмэгдүүлээч гэдэг асуудлыг байнга ярьдаг байсан. Гэтэл одоо эсэргүүцэж байгаа нь хоёр нүүр гаргаж байгаа хэрэг. Ардчиллын гол зарчим төлөөллийг хадгалья гэж байгаа бол яах аргагүй нийслэлийн Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Бид 2016 он гарахаас өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох боломжтой гэж үзээд хүлээж байсан. Гэтэл энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээгүй. Тэр байтугай Сонгуулийн хууль бараг 2012 оныхтойгоо адилхан батлагдсан. Өнөөдрийг хүртэл орон нутгийн төлөөлөл УИХ-ын гишүүдийн гуравны хоёр хувийг эзэлж ирсэн. Хүн амын 48 хувь оршин сууж байгаа ч нийслэл ердөө 20 хувийн төлөөлөлтэй. Гэтэл орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдмэл байж, асуудлаа шийдвэрлэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, Сэлэнгээс сонгогдсон гишүүн асуудал ярихаар бусад аймгийн төлөөлөл өөр юм ярьдаг. Үүний цаана төлөөлөл цөөтэй нийслэлийн бодлого хаягддаг” гэлээ.