Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл “Нэхмэлийн шар байр”-ны оршин суугчидтай уулзана

Хан-Уул дүүрэгт байрлах “Нэхмэлийн шар”-ын байрнуудыг дахин төлөвлөлтөд оруулж, оронд нь орчин үеийн шийдэлтэй орон сууц барих шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан билээ. Гэвч дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн эсэргүүцэлтэй тулгарсан тул иргэд шинэ байраа бариулж чадахгүйд хүрэн, маргаан үүсгээд байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн II, III хороон дахь “Нэхмэлийн шар”-ын байрнуудын иргэдэд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Барилга бариулах компаниа сонгоод ирвэл бид албажуулаад өгье” гэж амласан. Энэ дагуу иргэд орон сууцыг шинээр барилгажуулах компанийг судлан сонгож, нийт иргэдийн 80 гаруй хувь нь гэрээ хэлэлцээр байгуулж, мөн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах журам” батлагдаж, сонгон шалгаруулалтыг зарласан. Тус сонгон шалгаруулалтаар тодорсон “Фүжи холдинг” компани “Нэхмэлийн шар”-ын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгох, улмаар барилгын ажил дуусмагц өрх бүрт найман метр квадрат талбай нэмж тооцон шинэ байрыг нь хүлээлгэж өгөхөөр болжээ.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг эрх мэдлээрээ далайлган Үнэлгээний хороог хуралдуулахгүй, элдэв шалтаг тоочсоор өдийг хүрчээ. Тэрбээр сонгон шалгаруулалтаас төслийн материалаа хоцроосон “Орчлон констракшн” ХХК-ийг дахин оролцуулахын тулд хууль бус шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалтыг дахин зарлуулахаар хөөцөлдөж эхэлжээ. Үүний улмаас тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн оршин суугчид өнгөрсөн аравдугаар сарын дундуур жагсаал цуглаан зохион байгуулсан юм.

Тэгвэл эл хэргийн улмаас Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг нар өнөөдөр түс байрны оршин суугчидтай уулзаж, санал бодлоо солилцон, нүүр тулж ярихаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *