Categories
мэдээ цаг-үе

Э.Амартүвшин: Шүүгчид “Ийм гайхамшигтай хоолой сонсоогүй” гэж магтаж байсан

Дэлхийд алдартай “ВВС” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Cardiff singer of the World” уралдаанд амжилттай оролцоод эх орондоо ирсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Энхбатын Амартүвшинтэй уулзаж хөөрөлдлөө.

-Дэлхийд нэртэй том тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дуурсгаад ирсэнд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач!

-Сэтгэл үнэхээр сайхан байна. Өчигдөр өглөө (2015.06.23-ны өдрийн) эх орондоо ирлээ. Хамт олон, хань, дотнын хүмүүс маань угтаж авсан. Их Британийн Уэльсийн нийслэл Кардифф хотод зургадугаар 9-22-ны хооронд болсон, хоёр жил тутам зохион байгуулдаг “Cardiff singer of the World” уралдаанд өндөр амжилттай оролцоод ирлээ. Энэ уралдаан бол дуурийн дуучдын дунд зохиогддог уралдаан тэмцээний хамгийн оргил нь юм. Нийт 55 орны 350 гаруй дуучнаас шилдэг хорьд шалгарсныг өнгөрөгч хоёрдугаар сард зарласан байсан. Хорин дуучин Кардифф хотод очиж уралдаад шилдэг тавд үлдсэн л дээ. Уралдаан ердөө ганцхан шагналт байртай, таван дуучнаас нэг нь л түрүүлэх болзолтой. Миний хувьд үзэгчдийн цахим санал асуулгаар сопрано хоолойтой агуу дуучин Сазерлендын нэрэмжит тусгай шагналын эзэн боллоо. Энэ маань үнэхээрийн том амжилт юм даа. 32 дахь жилдээ зохиогдож байгаа эл нэр хүндтэй тэмцээнд Беларусын дуучин, сопрано хоолойт Надижде Кучер шалгарч, цом авлаа.

-Уралдаж байхдаа сэтгэл их догдолж байв уу?

-Хэн ч байлаа гэсэн ер нь түрүүлнэ л гэж уралдана. Хараахан түрүүлж чадаагүй ч айргийн тавд үлдэнэ гэдэг дэлхий даяар том үүд хаалга нээгддэг. Олон ч хүн таньж мэддэг ийм л уралдаан даа.

-Уралдааны үед шүүгчид сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хориотой байдаг ч таныг тэд нэлээд дэмжиж байгаа нь харагдсан?

-Сүүлийн хорин дуучдаас Беларусын сопрано, Солонгосын басс, Монголын баритон бид гурав л хоорондоо маш хүчтэй өрсөлдөгчид байлаа. Шүүгчид “Сүүлийн арваад жилд Кардиффын уралдааныг шүүхдээ ийм гайхамшигтай хоолой сонсоогүй” гэж бишрэн шүтсэн том магтаалуудаар мялааж байсан. Ер нь Кардифф хот гайхшралд орж байна лээ дээ. Монгол Улсад дуурийн урлаг хэр өндөр түвшинд хөгжсөнийг тод томруунаар харуулж чадсандаа баяртай байна. Англичууд их сайхан улс байдаг юм байна. Кардифф ч сэрүүхэн сайхан цаг агаартай хот юм. Монгол хүний хоолой эрс тэс уур амьсгал, ардын ёс заншил, ууж байгаа ус, амьсгалж буй агаартай салшгүй холбоотой санагддаг. Сүүлийн үед хүмүүс цагаан хоол гэж ярьдаг болж. Монгол хүн махгүй бол хэцүү гэдгийг энд тэнд явахдаа мэдэрдэг. Бөхчүүд махаа идчихээд барилдахад хүчтэй болдог гэж ярьдаг шүү дээ. Бид нар ч мөн адил. Ээж минь намайг гадагшаа явах болгонд шууз хийж өгдөг. Түүгээр нь тэмцээний өмнө сайхан шөл хийж уучихаад ороход чадал сууж, хоолойны өнгө сайхан гардаг.

-Дуурийн урлагт замчилсан багш нар тань танд их баярласан нь мэдээж…

-Би СУИС-ийг 2009 онд Монгол Улсын гавьяат багш Цэрэнпилийн Ерөө багшийнхаа удирдлага дор төгссөн. Төгсөөд л ДБЭТ-таа гоцлол дуучнаар ажиллаж байна. Намайг багад ойр хавийнхан “Цээлхэн хоолойтой хөөрхөн дуулдаг хүү” гэдэг байсан. Зуны амралтаар өвөөгийндөө очоод морин дэл дээр салхи татуулж хэний ч нүдэнд харагдалгүй ичиж зовох юмгүй дуулж явсан минь жаргалтай санагддаг байлаа. Тэгж явсаар наймдугаар ангид орох жилээ дуучин болно гэж бодох болсон. Хүмүүс урам өгч “Тэдний хүү сайхан дуулдаг юм байна” гэж тоосон нь урлагийн сургуульд орох хүслийг минь бадраасан. СУИС-д дуурийн дуучин болно гэдгээ ч мэдэлгүй орсон. Дасгал сургуулилт хийгээд ирэхээр аяндаа сонгодог урлагийн сайхныг мэдэрсэн. Багш минь намайг “Миний хүү дуурьт л дуулах хүн дээ” гэдэг байсан юм. Багшаасаа олон зүйл сурсан. Зөвхөн хоолойг нь бэлдээд сайхан дуулдаг дуучин төрөхгүй гэж ярина. Хүн чанарын тухай олон сайхан зүйл хэлж зөвлөдөг. Сэтгэл сайхантай хүнээс сайхан хоолой гардаг гээд олон зүйлийг зааж сургасан. Тэр үеэс дэлхийд алдартай дуурийн дуучин болно гэж мөрөөддөг байлаа.

-Та ч мөрөөдлөө биелүүлж яваа юм байна. Оролцогчид хасагдах журмаар шигшигдсэн гэсэн. Уралдаанд хэдэн бүтээл дуулж оролцов?

-Бүх дуучдаа эхлээд бичлэгээр сонсож тавийг нь шигшиж аваачиж сонсоод шилдэг хорин дуучин шалгарсан юм. Хорин дуучинд багтаад зургаан ари, найман романс дуулсан. Бородинийн “Игорь ван” дуурийн Игорь вангийн ари, Жерардын ари, “Риголетто” дуурийн ари зэрэг алдартай аринууд, хоёр итали дуу, гурван орос романс, Монголоосоо ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын “Чиний минь нулимс” романс, Испанийн алдартай дуурийн тариачдын дуу зэргийг дууллаа.

-Их зохиолч Нацагдорж маань “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурьсгалтай” гэж бахархсан байдаг. Дэлхийн том тайзан дээр Монгол Улсын дуучин гээд зарлуулах үед ямар бодол төрдөг вэ?

-Хамгийн бахархалтай нь эх орныхоо нэрийг гаргалаа даа гэж бодогддог. “Би өөрөө яваад байна. Мундаг байна” гэж бодвол аливаа хүн газар ахихгүй ш дээ. Харин дуулаад дууссаны дараа “Монгол гэдэг мундаг юм байна даа” гэсэн хандлагыг мэдрэх шиг жаргал байхгүй.

-Одоо ямар том тэмцээн таныг хүлээж байгаа бол?

-Миний оролцох том тэмцээн одоо ер нь байхгүй дээ. Хамгийн том уралдаан нь саяын оролцдог “Cardiff singer of the World” байлаа.

-Дахиад оролцож болдоггүй юм уу?

-Болохгүй. Яагаад гэвэл энэ уралдааны тусгай шагналыг авчихсан юм чинь дахин оролцох учиргүй.

-Өмнө нь дэлхийн тайзнаа ямар амжилтууд гаргалаа, та?

-Сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Opera­lia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медалийг тус тус эх орондоо авчирч байсан.

-Алдарт дуучин Пласидо Доминго танд юу гэж хэлсэн гэлээ?

-Өөрийгөө магтаад байх ч төвөгтэй байдаг юм аа.

-Таныг ямар өөрийгөө магт гэж байгаа биш, Домингогийн юу гэснийг л хэлчихгүй юу?

-“Чиний өмнө дэлхий нээлттэй байна” гэдэг үгийг л хэлж байсан.

-Хань чинь тантай мэргэжил нэг бүсгүй байдаг байх аа?

-Миний хань Д.Туяа маань соёлын тэргүүний ажилтан, ДБЭТ-ын гоцлол дуучин хүн. Манай театрынхан “том” Туяа гэдэг. Үргэлж намайг дэмжиж, урам хайрлаж, уран бүтээлийн жигүүр ургуулж өгдөг хань маань үнэхээр гайхамшигтай бүсгүй.

-Таны уугуул ус нутаг хаанах билээ?

-Би Сүхбаатар аймгийн Халзан суманд 1986 онд төрсөн. Төрөлх сумандаа арван нас хүртлээ аж төрж байгаад аймгийнхаа арван жилийн сургуульд суралцан төгсөөд нийслэлд орж ирсэн хүн дээ. Манай сумын урд хавцалд зүүн гурван аймгийн томоохон хийд болох Хатавчийн хийд гэж байсан юм. Багадаа тэр хийдийн туурин дээр тоглож өслөө. Тэр сайхан нутгийн цагаан эрч, илч үргэлж намайг ивээж, амжилтын замыг маань засаж өгсөн байх гэж залбирдаг даа. Аав минь Халзан сумын дунд сургуулийн захирлаар олон жил ажилласан, ээж маань багш. Одоо тэд маань хотод амьдардаг. Би гурван хүүтэй айлын дундах нь. Бага нас минь нүдэнд харагдаад нутагтаа очмоор бодогдох үе бий. Уралдаанд оролцохоосоо өмнөхөн Сүхбаатар руугаа нэг яваад ирсэн. Энэ жил Халзан сумынхаа үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоор нутагтаа очиж наадахаар төлөвлөсөн.

-Таны удамд дуучин хүн бий юу?

-Эмээ минь сайхан дуулдаг хүн байсан. Багсам гэж бурханы нэртэй хүн байлаа. Ардын богино дуу, уртын дуу, “Жаахан шарга”-ыг их сайхан дуулна. Намайг “Энэ л дуулдаг хүн болно” гэж ярьдаг байсан. Ардын жүжигчин Шархүүхэн гуай манай аавын талын хамаатан. Гавьяат жүжигчин Отгон эгч Багсам эмээтэй ойрхон садан.

-Нутгийнхаа наадамд явах гэж байгаа юм байна. Монгол хүн болсон хойно бөх, моринд ер нь хорхойтой биз?

-Бөх зурагтаар үзэж сонирхдог. Эх орондоо ирсэн даруйд О.Балжинням, А.Сүхбат нарын хүчит аваргууд барилдах сураг сонстоод сайхан л байна. Бөхөө үзэж нүдээ баясгаад сайхан л наадах нь. Би ер нь зав л гарвал наадмын хурдан морины уралдааны бичлэг үзнэ. Багаасаа адууны дэргэд өссөн болохоор хурдан морь сэтгэлд ойрхон байдаг. Манай ээжийн аав Аюушийн Ухна Монгол Улсын манлай уяач байсан. Ээжийн дүү нь Монгол Улсын алдарт уяач Ухнын Эрдэнэбилэг гэж хүн бий. Би багадаа түрүүлж, айрагдаж гавиагүй ч гэсэн гурав дөрвөн жил хурдан морь унаж л байсан хүүхэд.

Э.Амартүвшин эх орондоо ганзага дүүрэн ирэв. 2015.06.23.07 цагт. “Чингис хаан” олон улсын нисэх буудал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *