Categories
мэдээ цаг-үе

Дуутай, хөшөөтэй Их-Уулын нэг ангийнхан

…Хоёрхон хоноход саначихдаг хонгор багын андууд минь

Хорин жил өнгөрсөн ч нэг нэгнээ гэсэн сэтгэл минь

Насан туршдаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь

Насаараа биесээ үгүйлэх нэг ангийнхан минь… гэж эхэлдэг энэ дууг “Гурван бүдүүн” хамтлагийнхан дуулж олны хүртээл болгосон. “Бид нэг ангийнхан” гэх дууны эзэд бол Завхан аймгийн Их-Уул сумын найман жилийн дунд сургуулийг 1985-1993 онд суралцан төгссөн наймын “Б” бүлгийнхэн. Энэ дууны шүлгийг тус ангийн сурагч, яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Я.Отгонбаяр, хөгжмийг “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан А.Мөнгөншагай зохиожээ. Төгсөлтийнх нь 20 жилийн ой 2013 онд тохиоход ангийнхан нь “Нэг сайхан дуутай болцгооё. Шүлгийг нь бичээд өгөөч” гэж Я.Отгонбаярт хүсэлт тавьснаар энэ дуу мэндэлжээ. 1993 онд төгссөн гурван ангийн зуу гаруй хүүхэд төрөлх сумандаа цуглаж, багахан хэмжээний бэсрэг наадмархуу юм болж, хэдэн өдөр хөл хөдөлгөөнтэй байжээ. Нэг төгсөлтийн залуус бүгдээрээ нийлээд сургуулийнхаа өмнө хөшөө босгож, уулзалтынхаа үеэр дуу, хөшөөтэй болсноо албан ёсоор зарлаж, тууз хайчилжээ. Сургууль хэмээх эрдмийн их өргөөний босгыг анхлан давахаар сургуулийнхаа зүг хөтлөлцөөд алхаж яваа хоёр сурагчийг дүрсэлсэн уг хөшөө нь харсан хүн бүрийн хайрыг төрүүлэм. Сумын цэцэрлэгийн багачуул хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө “Ээж ээ, би сургуульд орохдоо тэр охиных шиг цүнх үүрнэ шүү” гэж захидаг гэнэ. Хүүхэд бүрт сургуулийн сурагч болох нь хүний амьдралын хамгийн гэгээн мөч шүү гэдгийг мэдрүүлсэн уг хөшөөний самбарын хэсэгт наймын “Б” бүлгийнхэн “Бид нэг ангийнхан” дууны шүлгээ сийлсэн байна.

Наймын “Б” бүлгийнхний багын багш нар нь Түвдэнням, Батсайхан. Дунд ангид ороход нь Оюунчимэг, Ариунжаргал багш нар анги даасан багшаар нь ажилладаг байж. Эдний ангийнхан “Манай багш нар бидэнд юм сургахын төлөө маш их хичээдэг. Хүүхэд бүртэй тулж харьцдаг хөдөлмөрч хүмүүс шүү” гэж “А” үсгийг анхлан зааж, амьдралын замд хөтөлсөн багш нараа магтацгаана. Наймын “Б”-гийнхэн урлагийн авьяастай. Урлагийн үзлэгтямар ч байсан толгойгоо өвтгөдөггүй байсан гэнэ. М.Бямбадорж, Г.Батсайхан, С.Отгонжаргал нар гойд сайхан дуулдаг бол С.Солонго, С.Чулуунцэцэг нар бүжиглээд урлагийн үзлэгээр ангийнхнаа аваад гарчихна. Я.Отгонбаяр шүлэг, найраглал уншиж, өөрийнхөө зохиосон шүлгүүдээ найзууддаа сонирхуулна.

“Бид нэг ангийнхан” дууны клипийн зохиол бол бүхэлдээ эдний ангийнхны багын явдлыг гаргажээ. Тэр үеийн хүүхдүүд өөрсдийгөө “Нийгмийн завсар үеийн хүмүүс” гэж нэрлэх нь бий. Эдний ангийнхан ч өөрсдийгөө тэгж тодотгов. Яагаад гэвэл ардчилсан хөдөлгөөн өрнөж, зах зээлийн ороо бусгаа үе таарсан 1990-ээд онд дунд сургуулийн сурагч байсан болохоор тухайн үеийн нийгмийн бүхий л амттай, амтгүй зүйлсийг “амталж” өсчээ. Элэгний нухашны консерв аваад спорт заалны цементэн суурин дээр удтал үрж, тагийг нь онгойлгоод бүгдээрээ хувааж иднэ. Элэгний нухшаа ингэж идчихээд хураалттай түлээн дунд бэлдсэн оромжиндоо очоод захидал бичиж гарна. Нэг нь захидал уншаад бусад нь түүнийг цээжээр бичнэ. Нэг ижил үг, утга бүхий захиануудаа ингэж “үйлдвэрлээд” сургуулийнхаа үе тэнгийн охидод өгнө. Хайрын захидлыг ийнхүү охиддоо өгдөг байсан нь хожмоо ангийнхнаас нь хосууд төрөхөд нөлөөлжээ. Ангиас нь Д.Батсайхан-С.Должинсүрэн, С.Мөнхбаяр-Р.Энхбаяр, А.Түмэнжаргал-Б.Должинсүрэн, Ч.Төмөрбаатар-Ю.Лхамжав гэсэн хосууд гарч, өдгөө өнөр өтгөн айлын аав, ээж болцгоожээ.

Тэр үед хөдөөгийн дунд сургуулийг төгссөн хүүхдүүдийн хувьд үргэлжлүүлэн сурах гэхээсээ илүүтэй аав, ээждээ хань болж мал маллахыг илүүд үзэх нь их байж. Нийгэм нь ч тэгж таарсан. Эцэг, эхчүүд охидоо үргэлжлүүлэн сургаж, хөвгүүдээ болохоор “Эр хүн хүрз бариад ч болтугай амьдардаг юм” гээд наймдугаар ангийг нь дөнгөж төгсгөөд л дэргэдээ авчихдаг байв шүү. Энэ хувь тавилан эдний төгсөлтийнхнийг тойрсонгүй. Гэвч наймын “Б” ангийнхнаас үргэлжлүүлэн сурч мэргэжил эзэмшин эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд гар, оюунаа зориулан хөдөлмөрлөж яваа залуус олон бий. Эрчим хүчний яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан,яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Я.Отгонбаяр барилгын зураг төслийн мэргэшсэн инженер Ш.Эрдэнэсувд, Р.Амгалан, автын инженер Б.Бат-Зоригт, нягтлан бодогч Ю.Лхамжав, түүх нийгмийн ухааны багш Д.Тулга, англи хэлний багш С.Мөнхбаяр, Б.Должинсүрэн, гэвш лам Д.Норовбадам Ц.Дамдинбазар, Н.Балдорж, Ч.Төмөрбаатар нар гээд эдний ангийнхан эзэмшсэн мэргэжлээрээ салбар салбартаа нэр төртэй ажиллаж явна. Ангийнхнаас нь сумандаа ажиллаж амьдарч байгаа нь гэвэл сумын МАН-ын дарга Ц.Батсайхан, мянгат малчин В.Дашнамжил, Ш.Пүрэвсүрэн нар гээд хэд хэдэн хүүхэд байдаг гэнэ.

Наймын “Б” ангийнхан “Бидний гэлтгүй үе үеийн нэг ангийнхан гэж дуудагдах бүх хүмүүст зориулсан сайхан дуутай болсоон, бид. Ямар нэгэн дуу олон жил дуулагдаж байж хөшөөтэй болдог бол бидний “Бид нэг ангийнхан” дуу төрөнгүүтээ л хөшөөтэй болсон шүү. 20 жилийн ойн уулзалтаараа хөшөө болон дууныхаа нээлтийг төрөлх сумандаа хийж “Гурван бүдүүн” хамтлаг задгай тоглолт хийж манай сумынхан нэг орой шөнө дунд хүртэл таанцадсан сан” гэцгээн бахархан ярьж байна. Эхлээд эдний ангийнхан энэ дуугаа өөрсдөдөөболон төгсөлтийн найзууддаа зориулж хийлгэсэн ч тэр намар нь Улаанбаатар хотод ФМ радионуудаар цацагдан ХИТ болж, олны таашаалднийцжээ. Тиймээс наймын “Б”-гийнхэн “Энэ дуугаа зөвхөн бидэнд л зориулсан дуу гэж өмчилж болохооргүй боллоо. Үе үеийн нэг ангийнхны дуу болсон нь бидний хувьд хамгийн том дурсгал болж байна” гэж сэтгэгдлээ хэлцгээжээ. Дууны клипэнд наймын “Б” бүлгийн ангийн хүүхдүүд өөрсдийнхөө охид, хөвгүүд болон сумынхаа бага, дунд ангийн сурагчдыг тоглуулсан гэнэ.

Дуутай, хөшөөтэй Их-Уулын дунд сургуулийн наймын “Б” бүлгийнхэн дараагийн уулзалтаа төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор буюу 2023 онд гэж товлосон байна. Энэ удаагийн “Нэг ангийнхан” булангаа “Бид нэг ангийнхан” дууны шүлгээр ийнхүү өндөрлүүлье.

…Уулзаад салахдаа саначихдаг уяхан багын андууд минь

Урсах цаг хугацаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь

Энэхэн насандаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь

Эргээд биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ

Дахилт:

Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор

Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа

Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж

Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо

Мартахгүй ээ, уянгатайхан хавар аа

Мартахгүй ээ, аялгуутайхан насаа

Зүрхэнд шингэсэн анхны хайраа хэзээ ч мартахгүй ээ

Зүүдэлж хоносон цагаан шөнөө мартахгүй ээ

Уулзалгүй удвал саначихдаг унаган багын андууд минь

Улирах цаг хугацаанд бие биенээ гэсэн сэтгэл минь

Эргэж хэзээ ч ирэхгүй гэнэн цайлган үерхэл минь

Эрхгүй биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *