Categories
мэдээ цаг-үе

Дуут дохионы замбараагүй хэрэглээнд хяналт тогтооё

Улаанбаатар хотод хөрсний, агаарын бохирдол гээд асуудал бий. Үүн дээр нэмээд дуу чимээний бохирдол гэж нэг томоохон асуудал гарч ирсэн. Дуу чимээний бохирдол нь хүнийг маш ихээр ядраадаг, стресстүүлдэг нь нэгэнт батлагдчихсан зүйл. Хотын гудамжаар хөлхөх олон мянган машины хөдөлгүүрийн чимээ, дуут дохио зэрэг нь дуу чимээний бохирдлын багагүй хэсгийг эзэлдэг. Гэрлэн дохион дээр зогсож байгаа автомашинуудыг анзаарч байхад ер нь дийлэнх нь дуут дохиогоо заавал дуугаргаж байна. Зарим нь хүн цочихоор чанга сигнальтай. Гэрэл дохио дөнгөж солигдох агшинд урдах машиндаа анхааруулж байгаа нэрээр дуут дохиогоо арай л гэмээр дарна. Сигналиа орилуулах нь ихэнх жолооч нарт нэг төрлийн зуршил болчихсон бололтой юм. Эгнээ байр солих гээд дохиогоо өгчихөөд байхад бүүр хэргээр сигналиа байдгаар нь дарж орилуулдаг жолооч нар ч олон байна. Машиндаа суугаад сигналиа орилуулж байгаа жолоочид төдийлөн чанга сонсогддоггүй байж болох ч гудамжинд явж байгаа явган зорчигчид ямар чанга, хэцүү сонсогддог гэж бодно. Уг нь дуут дохиог тэгж чарлуулах хориотой. Гэсэн ч энэ хориг огт хэрэгждэггүй. Тиймээс ямар нэгэн онцлох шалтгаангүйгээр дуут дохио орилуулаад байдаг жолооч нартай олон юм ярихгүйгээр шууд эдийн засгийн байдлаар хариуцлага тооцох хэрэгтэй байна. Яагаад заавал дуут дохиог тэгж орилуулж байх ёстой гэж. Дуут дохио ослын нөхцөлд л анхааруулга болгож дуугаргах ёстой болохоос гэрэл дохион дээр, эгнээ байраа солиход, явган хүний гарцан дээр дураараа чарлуулдаг хэрэгсэл биш. Дуут дохионы замбараагүй хэрэглээг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадвал дуу чимээний бохирдол ч төдий хэрээр буурах нь маргаангүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *