Монгол хүн ядуу байж чадна, хоорондоо эвтэй болон эвгүй ч байж чадна. Харин уяан дээр үүрсэн эзнээ хүлээх аргамаг хүлэггүй байж чадахгүй. Монгол хүн эрх чөлөөгүй, шударга ёсгүй байхыг цаг нь иртэл тэсэж чадна, харин дуртай үедээ хэрэн одох эрхгүй байж чадахгүй. Монгол хүн бусдын эрхшээлд байхыг даваад гарч чадна, харин дуртай газраа гэрээ барих боломжгүй байж үл чадна.
Дуртай газраа ханаа дугуйлж, дуртай зүгтээ, хүссэн цагтаа давхин одох эрх чөлөө, хүлэглэн ухасхийх унаа морийг нь монгол хүний гараас хэн ч булааж дийлээгүй. Манжийн төр ч тэр, зөвлөлт засаг ч тэр, нэгдэлжих хөдөлгөөн ч тэр. Өнөөдөр бүгд машинтай, тэр тусмаа жийптэй болохыг хүсдэг нь дуртай цагтаа хүлэглэн одох унаатай, бүр сайн унаатай байх зөнгийнх нь илэрхийлэл.
Өвөг дээдэс нь “Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз” гэж гэрээслэсэн юм. Тийм болоод тулгар төрийн эцэг Чингис хааны бийд Өмнөд Хятадаас Герман хүртэл үндэстний хүн зоныг танин, хоёр загалын бийд Шар тэнгисээс Адриатик тэнгис хүртэлх газар орныг үзсэн.
Аялан одож олоогүй болгон үнэ цэнэ багатай. Монгол хүн эрдэм боловсролыг ч хамгийн алсаас, анх ундарсан уурхайгаас нь очиж сурахыг эрхэмлэнэ. Өндөр гэгээнээс эхлээд гэгээн хутагтууд Шарын шашны өлгий Лхас-т очиж сурна. Шинэ үеийн сэхээ¬тэн Д.Нацагдорж, Д.Нам¬даг нарын үеийнхэн Парис, Берлинийг чиглэн “Алс газар сурахаар одож” байлаа. Дараа үеийнхэн Сансрын нисгэгчийн хөтөлбөрөөс эхлээд барилгын өрлөгчин хүртэлх өргөн хүрээнд ном үзэхээр Зөвлөлтөд явж байв. Шинэ цагийн зүйр үгс болох “Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан”, “Орос хэл оньсон техник сурах” гэхчлэнгийн хэллэг харь оронд эрдмийн мөр хөөн одохуйн утгатай. Шинэ үеийн сэхээтний түүчээ, яруу найрагч Д.Нацагдорж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн” ирэхийг захисан байдаг.
Монгол ээжүүд үр хүүхдэдээ “Айлаас эрэхээр авдраа уудал” хэмээн учирлан сургах боловч эхийнхээ үгийг хичээнгүйлэн сонсох хөвүүний сэтгэлийг уяан дээр шаргих амгай дорхон нь урвуулан эргүүлнэ. Ном суртлаар далайлган “Танихгүй бурханаас, таньдаг чөтгөр дээр” гэж номлоод ч хэрэн хэсэх зоригийг нь мохоож чадахгүй. Бие нь гэртээ байвч сэтгэл зүрх нь уужим талаараа нисэн давхих үр хүүхдийнхээ сэтгэлийг нэгэнт барьж дийлэхгүйг хүлээн зөвшөөрөөд “усыг нь уувал, ёсыг дагаарай” хэмээн захижээ.
Исламын орныг нэгтгэн Ил хаад хэмээх бүлэг улс байгуулан он удаан тогтсон монгол хаад усыг нь ууснаас хойш ёсыг нь даган лал шашинт¬нууд болцгоожээ. Юань гүрнийг байгуулаад суурин орныг суурин захира¬хаар шийдэж, Хятадын дунд орж амьдарсан Хубилай хаан байна. Хубилай хаан суурин амьдралыг сонгосон ч гэсэн ногоо соёолж, алдуул хүлэг нутаг усандаа гүйх цагаар, дураараа сэлгүүцэн давхиж асан тал нутгаа мөрөөдөх сэтгэлээ барьж дийлэхээ болино. Ингээд Юань гүрний төрийг ачаалан нүүдэл хийж Шанду-д ирж зусаад, намар шувуу буцахын цагт Дайду хотдоо өвөлжөөлөхөөр буцна. Шанду нь хоёр талаараа нүцгэн уулс хүрээлсэн хөндийгөөр ногоон зүлэг эмжээртэй гол мяралзсан, Их Монгол гүрний нийслэл Хархорум оршдог Орхоны хөндийг санагдуулам нутаг юм билээ.
Түрк улсад суралцахаар очсон монгол хөвүүд нутгийн өвгөнтэй ярилцжээ. Тал нутаг, Орхоны хөндий, Культегиний хөшөө сэлтийн тухай сэдэв өвгөний сэтгэлийг учиргүй хөнджээ. ХХ зуунд тэд ургийн овог авч эхлэхэд олон хүн Орхон, Туул гэхчлэнгийн овог авсан тухай хуучилна. Өвгөн ярьж дуусаад “Хөвгүүд энд ямар хэргээр ирээ вэ” гэж асуусан байна. Тэд дээд боловсрол эзэмшихээр ирснээ хэлтэл “Танайд дээд сургууль байдаггүй юм уу” хэмээн гайхсан гэдэг. Уул нь тэд ч мянганы тэртээд тал нутгаа орхин одоод, лалын нутагт Түргийн хэмээх импе¬рийг байгуулан усыг нь уусан газрынхаа шашин номд орсон бөлгөө. Харин хэрэн одох хүслээ хаа нэгтээ гээснээс зайлахгүй. Энэ хүсэл гээгдэхийн хэрээр хүмүүнийг тал нутагтай уясан аргамжаа тайлагдан алдуурах билээ.
Өмссөн зүүсэн нь ч гэсэн хол газар одсоны гэрч байхад монгол хүн таатай. Гадаад холын гархиар ч болов эмээ¬лээ гоёсон хүн хол явдаг, үгүйдээ холоос юм авчирч чаддаг эрхэм нэгэн болж харагдана. Өнөөдөр бидэн алдартай брэнд, хол газрын үнэтэй цайтай юманд дуртай байдаг нь үүний л үргэлжлэл. Одоогийн бидний зан чанар бол төрөлх араншингийн маань үргэлжлэл, араншин маань мянганаар тоологдох он жилийн уртад оршин амьдарсан ахуйгаасаа эхтэй билээ.
Гадаадад явах дуртай, бас яаран яаран ирэх дуртай. Учир нь бидэн шиг хэрэн одох соёлгүй улсын дунд байх хэцүү. Аялал жуулчлал гэдэг бол монгол хүний дураараа хэрэн олох хүслээс ангид эд. Хэдийгээр холын газар орныг үзэх боловч очих, ирэх, унтах, идэх нарийн хөтөлбөртэй. Очмоор боло¬хоор очоод, жолоогоо өөр тийш эргүүлмээр бодогдохоор эргүүлж, буцмаар санагдахаар буцдаг монгол хүний зан араншинтай харш. Тийм болохоор харихаас өөр яах билээ?
Тэр ч бүү хэл иргэншин суурьшихаар ирсэн орон хотдоо замын дүрэм баримтлах, хотын захиргааны заасан газарт хашаа хатгах дургүй. Аялан одогч монгол морьтныг “заавал, замын тэр салааг хөө”, “том хадны дэргэд зогсож байгаад хөдөл”, шинэ нутагт буухдаа “тэр овгор дээр ханаа дугуйл” хэмээн зааварчилж байгаатай агаар нэг сонсдон нуугдмал эгдүүг нь хүргэдэг болоод тэр.
Юунд хүрэх, юутай тулгарах нь тодорхойгүй тийм аян нь монгол хүний хужирхайг тэнийлгэн баясгана. Ерээд оноос амь зуулгын мөр хөөн ямар ч төлөвлөгөө, хөтөлбөргүйгээр өвгөдийн үеэс өнөөдрийг хүртэл ивээ¬сэн аян замын тэнгэртээ найдан одогсод бол жинхэнэ монголчуудын араншингийн илэрхийлэл.
Хавар монгол хүн хамгийн их бухимдсан үе байдаг. Үүнийг янз бүрээр тайлбарлан “хаврын синдром”, “монгол хүний улс төрийн идэвх сэргэх үе” гэхчлэн нэрлэдэг. Үнэн хэрэгтээ яадаг вэ гэхээр, хаашаа ч явж чадалгүй хэдэн сар хоригдсондоо бухимдсан үе нь. Бухимдахаараа хөдөлгөөнд орж төрийн хэргээс эхлээд олон улсын харилцаа, дэлхий дахины энх тайван, Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах, цөмийн аюулаас хүн төрөлхтнийг аврах гээд бүхий л асуудалд идэвхтэй оролцож стрессээ хорооно. Өөрөөр хэлбэл уураа гаргах юм хайж байгаа хэрэг. ХХ зууны Монголын хамгийн том бослого 1932 оны хавар Монгол оронд дэгдсэн нь бас л учиртай. Улс төр хийдэг улс ч энэ мөчийг анаж байгаад ашиглах дуртай. Мон¬голын төр ч гэсэн энэ зурвасыг ашиглан төрийн сонгуулиа хийдэг. Гэвч өдөр хоног тавигдан, хөх ногооны униар дэгдэхийн хэрээр, нутаг орон, хээр хөдөөг зорин гарах цаг боломж олдохын хэрээр хувьсгалын ажлаа орхино. “За хувьсгал ямар яваад өгөх юм биш. Дараа зав гарахаараа хийе” гэж ч мэднэ. Монгол оронд зуны улиралд наадам л хийнэ үү гэхээс хувьсгал хийхэд хэцүү. Монгол найр наадам бол энэ саахалтаас тэр саахалт, энэ сумаас тэр сум руу шилжин хийгддэг хөдөлгөөнт баяр бөгөөд хүн ардынхаа аялан явж, адал явдал хайх төрөлх чанараас ургасан зүйл.
Монгол хүн зуны цагт хаанаас хаа хүрэхээ л бодо¬хоос өөр юуг ч тоохгүй. Төрийг нь хэн нэгэн эргүүлсэн мэдээ ирлээ ч төдий л тоохгүй байж мэднэ. Харин “За яахав, аандаа тэгж байгаад, өвөлжөөлсөн хойно нэг учир нь олдох биз” хэмээн тайван хэлнэ. Хачирхалтай нь аандаа тэгж байгаад, өвөлжөөлсөн хойно нь бүх юмны учир олдсоор ирсэн билээ.
Богд хаант Монгол Улс идэр есийн хүйтэн дунд тусгаар тогтнолын тугаа мандуулж байв. 1921, 1990 оны ардын хувьсгал, ардчилсан хувьсгалыг монголчууд өвөлжөөндөө тухалсан хойноо л завчлан эхэлж, хаврын уур ормогц оргилд нь хүргэсэн бөлгөө.