Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дөрвөн настай охины диваажинд хүрэх замыг гэрэлтүүллээ

Дээл өмсөж, бумбагар цагаан гараа урдаа зөрүүлэн бариад, унжлага зүүлттэй тоорцгон малгайныхаа дороос мойл хар нүдээрээ инээвхийлэх хэний ч хайр хүрэм бяцхан охины хэвлүүхэн зураг Чингэсийн талбайд байрлах агаад урд нь мөнхийн зул бадамлуулжээ. Хүний хорвоод ирээд дөрөвхөн жил амьдарсан, чухам яаж амьдарсныг нь төсөөлөхөөс ч зүрх шимшрэм тэр л бяцхан охины гэгээн дурсгалыг хүндэтгэж мянга мянган хүн гэрэлт зул өргөлөө. Монголчууд амар болоочийнхоо хойт зам мөрийг гэрэлтүүлэхийн тулд бага гашуудаж, буян их үйлддэг. Тэр л ёсоор цөгцөнд цутгасан тос нь царцаж амжаагүй зул, лаа, хөөргөдөг гэрэлт зул, арц хүж, зэргийг зэхээд Чингэсийн талбайд цуглах олныг харваас гашуудан эмгэнэхгүй байхын аргагүй аж. Хаашаа л харна “Дөрвөн нас гэдэг бол хүүхэд чихэр их идсэнийхээ төлөө л уйлдаг нас шүү дээ, тийм жаахан үрээ яаж тарчлаан зовоож, хөнөөж чадав аа” гэхээс л нүд нь бүрэлзэж сэтгэл нь үймрээд багаа болов уу гэмээр чимээгүйхэн мэгших нулимстай нүд, өр нинжин сэтгэлүүд. Өргөсөн зул хаврын зэвэргэн салхинд дальдчин дальдчин бадамлана. Хөөрхий бяцхан охин яргачин эцэг, “махчин” хойт эхийнхээ гар дор яг л үүн шиг хичнээн их айн чичирч, дальдчиж байсан бол гэхээс түүний амсаж эдлээгүй гэрэл гэгээ бүхний өмнөөс харамсах сэтгэл төрнө.

Хүчирхийллийн эсрэг монголчуудын энэхүү цагаан жагсаал өнгөрсөн бямба гаригт буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн 18:00 цагаас 22:00 цагийн хооронд үргэлжилсэн юм. Тэнд бүхий л хэвлэл мэдээллийн сэтгүүлч, сурвалжлагчид ажиллаж, зарим телевиз шууд дамжуулж байсан болохоор хөөрхий охины хойтын зам мөрийг нь гэрэлтүүлж өгье гэсэн сайхан сэтгэлт хүмүүс талбайд нэмэгдэн ирсээр л байсан юм. Гэрээсээ гарах боломжгүй зарим нь хэн нэгэн дотнын хүнээ алдсан мэт гэртээ зул өргөн эмгэнэж, бүр зарим нь гэрлээ унтрааж лаа бариад хөөрхий охины гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн тухай мэдээллүүд олон нийтийн цахим сүлжээгээр дүүрчээ.

Монголчууд тэгтлээ ч ёс жудаг, хүн чанар, өр нинжин сэтгэлээ алдчихаагүй байна гээд бодъё гэвч бидний дундаас үрээ хөнөөсөн эцэг, амиа хоохойлсон эх хүн төржээ. Өөр, дэлхийн ямар оронд ийм эмгэнэлтэй явдал гарч байсныг бүү мэд. Ямартай ч бид ийм баймааргүй байна гэсэн бодол цээж бачууруулаад байлаа.

Чингэсийн талбайг тойроод эгнэн зогссон машинуудын гэрэл асаалттай байлаа. Эх үрсийн баяраар л бүх машинууд их гэрлээ асаан хөдөлгөөнд оролцдог шиг. Мөн талбайн зүүн урд хэсэгт зул барьсан хэсэг хүмүүс “ХҮҮХЭД” гэсэн үг бүтээх маягаар цэгцрэн зогс харагдана. Талбайн төв хэсэгт хохирогч охины зураг бүхий зул, цэцэг, тоглоомууд харагдана. Харин түүнийг тойроод мянга мянган зул, эмгэнэсэн хүмүүс байв. Гэхдээ тэд ямар ч үл ойлголцоон, үймээн маргаангүй дэг журамтайгаар жагсана. Салхи цохьчих гээд байгаа зулдаа шил саваар хорго хийж нөмөрлөн бөөцийлцгөөх нь бяцхан охины төдийгүй хорвоод мэндэлсэн, ирээдүйд мэндлэх хүүхэд бүрийн ирээдүйг гэрэлтүүлж чадах хүмүүсийн гүн хүндэтгэл байлаа. Зултай жагсаалын цуваа охины зураг бүхий төв хэсгийг тойрон үргэлжилсээр тойргийн баруун урд хэсэгт хоёр талаар нь зул өрж “хаалга” гаргасан байлаа. Охины зурганд зул өргөх, эсвэл цэцэг өргөж, тоглоом тавих хүмүүс тэрхүү хаалгаар орж, нар зөв тойроод гарах журамтай аж. Тэнд чихмэл тоглоом тавьсан нэгэн эмэгтэйгээс учрыг асуувал “Хөөрхий бяцхан охины хүүхэд насыг хайрлахгүй байхын арга алга аа, ер нь ид л хөөрхөн тоглож нааддаг, сурч мэддэг, аав ээждээ эрхэлдэг насандаа хүчирхийллийн золиос болсонд нь харамсаад барахгүй нь. Тиймээс хүүхдийнхээ тоглоомноос аваад ирж байгаа минь энэ. Хожимдсон гэдгээ мэдэж байгаа ч хүний сэтгэл гэдэг ийм л гэнэн юм байна шүү дээ” гээд мэгшин уйлж байлаа. Зулын жагсаалд энэхүү эмгэнэлт явдлыг дуулсан мэдсэн бүх хүмүүс оролцжээ. Чингэсийн талбайд мянга мянган хүн цуглаж байхад, Зайсан дахь Бурхан багшийн хөшөөт цогцолборт зарим нь, мөн зарим нь гэртээ, бүр малчны хотноос ч хэн нэгэн, гэнэн ариухан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн түүний явах замыг гэрэлтүүлсэн болохоор охин диваажинд очих байх. Ухвар мөчид хүмүүсийн үр болж төрснөөрөө л бурууддаггүй юм бол өөр гэм нүгэл гэж түүнд үгүй болохоор заавал диваажинд л очих учиртай. Харин одоо бид өөр өөрсдийн хүүхдэдээ аав шиг аав, ээж шиг ээж байж, хүсэл мөрөөдлийг нь сонсч, ирээдүйн замыг нь зөв засч, гэрэлтүүлэх л үлдлээ. Хэн нь ч гэсэн ямарваа нэг хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөхгүй байх үүрэг хүлээлээ.

Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд 500 гаруй хүн зул өргөжээ

Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд цуглаж зул өргөх саналыг жиргээчид гаргасан байв. Зул өргөх ёслол 18 цагт эхлэхэд хоёр зуу гаруй хүн иржээ. Бяцхан охины төлөө зул өргөх ёслолыг анх санаачилсан жиргээчид үг хэлснээр хүмүүс таван минутын турш чимээгүй болон эмгэнэл илэрхийлсэн юм. Дараа нь Бурхан багшийн хүрээлэнд үйл ажиллагаа явуулдаг “Намо будда” төвийн лам хуврагууд амиа алдсан охиныг сайн төрөл хурдан олохын тухайд диваажингийн ерөөл, маань уншсан. Буяны цагаан мөртэй энэхүү арга хэмжээнд зул өргөж буян үйлдэхийн зэрэгцээ хүн бүр өөрсдийн зүгээс чадах зүйлээрээ дэмжиж байлаа. Тухайлбал ХААИС-ийн оюутнууд зул өргөсний дараа гарсан хогийг цэвэрлэнэ гэж байв. Гэхдээ хүмүүс зулаа өргөөд, унтарсных нь дараа хогийн саванд хийж байсан учраас цэвэрлэх шаардлага гараагүй юм. Энэхүү зул өргөх арга хэмжээнд голдуу залуус ирсэн байсан. Бас УИХ-ын хоёр ч эмэгтэй гишүүн ирсэн байгаа харагдав.

Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *