Categories
мэдээ нийгэм

Дөрвөн иргэнийг хутгаар гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ

Өнгөрөгч ням гаригийн шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 50 км-т орших Шанх Баян-Өлзийт овоо гэдэг газар дөрвөн хүнийг хүйтэн мэсээр гэмтээж, хутгалсан онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус нутаг дэвсгэрт хүн шархдсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгахад 32 настай эрэгтэй Э толгойндоо зургаа, цээжиндээ дөрвөн удаа мэсний шарх авсан байдалтай маш хүнд гэмтсэн байжээ.

Дээрх мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас уг этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж эхэлжээ. Гэтэл уг гэмт этгээд иргэн Э-г мэсээр хүнд гэмтээгээд зогссонгүй. Зугтаж явахдаа 34 настай эмэгтэй А гэгчийнд очиж, түүнийг гэрээс нь чирч гарган хүчирхийлэхийг завдсан бөгөөд эсэргүүцэлтэй тулгарахдаа иргэн А-г болон түүний ээж болох 57 настай эмэгтэй Ц-г мөн л хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалаад зугтсан байна. Хохирогч А-ийн биеийн байдал маш тааруу, аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийн газрын анхны үзлэгээр хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэж тогтоогджээ.

Гэмт этгээд зугтаж байхдаа 45 настай эмэгтэй С-ийнд очиж, гуя, гаранд нь хүйтэн мэсээр хүнд гэмтэл учруулжээ. Дөрвөн хүнийг мэсээр хүнд гэмтээсэн сэжигтэн этгээд морьтой зугтааж, хэрэг болсон газар нутгаас 20-иод км-ын зайтай газар нуугдаж байсныг тус аймгийн цагдаагийн газрын дэд хурандаа н.Очирдоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн цаг агаарын хүнд нөхцөл байдалтай, цасан шуургатай үеэр шөнийн 02:00 цагийн үед баривчилжээ. Түүнээс эд мөрийн баримтаар хоёр мэсний зүйл хураан авсан байна.

Гэмт хэргийг Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн 46 настай, боловсрол мэргэжилгүй, оршин суух тодорхой хаяггүй Б гэгч үйлджээ. Тэрбээр өмнө нь онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байгаад шоронгоос суллагдсан аж. Тодруулбал, 1995 онд чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ял эдэлсэн бөгөөд энэ хугацаандаа мөн л хоёр хүнийг зэвсгийн чанартай зүйл ашиглан гэмтээж, ялаа нэмүүлж байсан рецедив гэмт хэрэгтэн байжээ. Тэрбээр 2009 онд суллагдаад гарсан даруйдаа мөн л Эрүүгийн хуулийн 145.2-т заасан хулгайн гэмт хэрэгт холбогдож 2015 оны сүүлээр суллагджээ.

Уг хэргийг үйлдэгч этгээд нь эхний хохирогч болох Э-ийнд туслах малчин хийдэг байсан бөгөөд хамт архидан согтуурч, улмаар маргалдсаны улмаас ийнхүү биед нь халдаж, хүнд гэмтээгээд зугтсан байна. Сэжигтэн этгээд анхны мэдүүлгээрээ архины харгайгаар энэхүү хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлсэн бөгөөд Э-г олон удаа мэсээр шархдуулсан ч үхээгүй тул толгой руу нь сүхээр дахин хоёр удаа цохисон гэдгээ хүлээжээ. Хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *