Categories
мэдээ нийгэм

“Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өв”-ийг хамгаална

“Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ-онол, практикийн хурлыг зохиож байна. Үндэсний номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимд үзэслэнгийн хамт гаргажээ.

Эрдэм шинжилгээний хурлын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын соёл, соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн, соёл судлаач доктор Д.Мэндсайхантай ярилцлаа.

-“Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын өв”-ийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ямар байгаа вэ?

-Соёлын өв нь биет болон биет бус олон төрөл байна. Тэр дундаа бид өнөөдөр “Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг хэрхэн сайжруулах, насжилтыг яаж удаашруулах, хадгалалтын горимыг чанд сахих тал дээр эрдэмтэн судлаач, оюутан залуус, ажилчдынхаа саналыг солилцох зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлаа хийж байна. Хадгалалтыг удаашруулах, сэргээн засахад бидэнд мэргэжлийн хүн хэрэгтэй байдаг.

-Соёлын өвийг орчин үеийн технологи ашиглан хадгалж болох уу?

-Хадгалагдаж байгаа өвийн насжилт ямар байхаас шалтгаална. Хальсаа скайнердахаар урт настай хальс нь тэр гэрлийн тусгалыг дийлэхгүй хайлах магадлалтай. Тэгэхээр бид юун түрүүнд судлах хэрэгтэй. Судалгааны үндсэн дээр үүнийг засварлаж болох юм байна гэсэн шийд олно. Тэгэж байж засварлахгүй бол өвөө гэмтээх аюултай.

-Энэ өвд хальс, чулуу, мод зэрэгт хадгалагдсан өвүүд багтаж байна. Байгалийн ямар нэг гамшгаас болж эдгээр өвүүд элэгдэл хоргодолд орвол яах вэ?

-Байгаль дээрх эдгээр өвүүдэд мэдээж элэгдэл маш их гарч байдаг. Энэ нь бас хүмүүсийн сүсэг бишрэлтэй холбоотой учраас бид шууд хадгалж хамгаалж байна гээд архивт авч ирээд хийдэггүй. Эхлээд яг адилхан хуулбарыг хийнэ. Түүнийгээ орлуулж тавиад жинхэнэ эх хувь болох биет өвөө хамгаалдаг.

-Хүний буруутай үйлдлээс болж энэ өвүүд гэмтдэг үү?

-Сүсэг бишрэлтэй холбоотойгоор хүмүүс сүүгээ өргөдөг, хадаг уядаг. Тос ааруул цагаан идээгээ тавих гэх мэтээр маш ихээр насжилтад нөлөөлдөг. Бид жилд нэг, эсвэл гурван жилд нэг, дөрвөн жилд нэг гэх мэтээр өвүүдээ тоолдог. Тоолох бүрд элэгдэл хоргодол гарсан байдаг. Тиймээс сэргээн засварлах, хадгалах хамгаалах ажлыг хийдэг. Ер нь Монгол Улс дэлхийд хадгалж хамгаалах өвийн тоо ихтэй улсад ордог.

-Тэгэхээр эдгээр өвийг хадгалж, хамгаалах олон нийтийн мэдлэгийг хэрхэн сайжруулах вэ?

-Сургалт сурталчилгаа, нэвтрүүлэг зөвлөмж өгөх тал дээр илүү ажиллах хэрэгтэй. Энэ хэдий Монголд байгааМонгол хүний сэтгэлийн ур ухаан, сэтгэхүй, зан, ёс заншилыг харуулаад байгаа хэдий ч дэлхийн өв юм.

-Энэ эрдэм шинжилгээний хурлын дараа хадгалалт хамгаалалтыг сайжруулах тал дээр ямар нэгэн ажил хийгдэх болов уу?

-Бид түрүү жил “Цаас, цаасан суурьтай өвийн өнөөгийн байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж сургалт хийсэн. Энэ хэлэлцүүлэгийн дараа цаасан өвийг хамгаалах, засварлах жижигхэн мини лабораторитой болж чадсан. Энэ бидний ажил эхнээсээ үр дүнгээ өгөөд байгаа хэрэг. Энэ хурлын дараа бид дүрс, дуу авианд шингэсэн өвөө хамгаалахад хэрэгтэй гарц олох зорилго тавиад байгаа.

-Байгаль дээр байгаа биет өвүүдийг хэрхэн хамгаалдаг вэ?

-Хөдөө орон нутаг, тухайн хороо багийн иргэд өөрсдөө л хамгаалдаг. Тэгэхээр энэ тал дээр хүмүүст сургалт хийгээд тодорхой хэмжээний урамшуулал олговол илүү сайн хамгаалагдах магадлал өндөртэй.

-Та сая илтгэл тавихдаа зургаан өвийг дэлхийн өвд бүртгүүлсэн гэлээ. Эдгээр нь ямар өв бэ?

-Бид мэдээж сайн дураараа өвүүдээ бүртгүүлдэг. Яагаад дэлхийн өвд бүртгүүлэх шаардлагатай вэ гэвэл манай өвийг хил дамнуулан гаргах эрсдэлтэй. Гадаадын хүмүүс манай өвлөгдөж ирсэн өв гэдгийг мэдэхгүй ирж үзэж сонирхоод таалагдвал аваад явахыг үгүйсгэхгүй. Иймээс энэ манай өв гэдгийг баталгаажуулах шаардлагатай. Энэ шаардлагын дагуу мэргэжлийн хүмүүсийн үгийг нэгтгээд ажил болгох үүднээс хурлаа хийж байгаа. Манай цаасан болон хад чулууны бичиг зурагт өвүүд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн.

-Цаашид өвийг хамгаалах, арчлах, хадгалах тал дээр ямар ажил хийх вэ?

-Энэ хурлын дараа бид дуу дүрст өвийн хадгалалт хамгаалалтын тал дээр ахиц олох байх гэж найдаж байна. Харин дараа жил бид “Даавуу, даавуун суурьтай баримтат өв”-ийг хамгаалах тал дээр санал солилцож, шийдэл олно гэж бодож байгаа юм гэлээ.

Хуралд дүрс, дуу авианд шингэсэн соёлын баримтат өвийн талаар 10 орчим илтгэл тавьж хэлэлцүүлэв. СГЗ, Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт ярихдаа:

“Музей, архив дахь гэрэл зургийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал” сэдэвт илтгэлдээ, “Монголчууд гэрэл зураг авч, авахуулж эхэлсэн нь 1870-аад он буюу 150-иад жилийн түүхтэй. Гэрэл зургийн баримт нь Монголын судалгаа шинжилгээний эх баримт хэрэглэгдэхүүн болдог. Өмнө нь судлаач, түүхчид гэрэл зурагт ач холбогдол өгдөггүй байсан бол сүүлийн үед тусгайлан судалснаар соёлын баримтат өвийн асар том хэрэглэгдэхүүн болсон. Ер нь музей болон хувь хүмүүсийн гарт байгаа Монголын холбогдолтой гэрэл зургуудыг цуглуулах, монголд буй гэрэл зургуудыг мэргэжлийн өндөр түвшинд хадгалж хамгаалах шаардлагатай. Мөн гадаадад буй монголын тухай гэрэл зургуудыг олж нэгдсэн системд оруулах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын музейд цаасан гэрэл зургийн 2000 гаруй, негатив хальсны 3000 гаруй өвтэй. Үүнийг орчин үеийн тохируулан скайнердаж, хадгалж, бүртгэлжүүлж хаягжуулж байна” гэв.

Монгол Улсын Засгийн газар 2014 оны 238 дугаар тогтоолоор батлагдсан Соёлын баримтат өвийг хамгаалалх хөтөлбөрийн биелэлтийг хангах хүрээнд энэхүү хурлыг хийжээ.

2016 онд Үндэсний номын сангийн санаачлагаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэмжлэгтэй “Монголчуудын бичиг үсэг соёлын баримтат өв болох нь” сэдэвт эрдэм шинжилгээ-онол практикийн хурлыг зохиож байжээ. Тус хурлаар соёлын баримтат өвийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд, Юнескогийн “Дэлхийн дурсамж хөтөлбөр”-ийн талаар үндсэн ойлголтуудыг өгчээ. Сан хөмрөгт хадгалагдаж буй цаас, даавуун суурьтай баримтат өвүүдийн төрөл зүйл, хамгаалалтын орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэлүүд тавигдаж, хэрэгжүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон юм.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *