Өнгөрсөн нэгдүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын үүрийн дарга З.Оргилыг намынх нь Хяналтын хорооны дарга З.Түвшиндорж зодож, нүдийг нь сохлох дөхсөн хэрэг гарч, нэлээд шуугиан болж байсан.
Тэгвэл дахиад л МАН-ын залуус зодооны хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, Дундговь аймгийн МАН-ын НАМЗХ-ны залуус хоорондоо гар зөрүүлж, нэгнийхээ нүдийг сохлох дөхжээ. Тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг өрөөндөө байхад нь аймгийн НАМЗХ-ны гишүүн Б.Амарсанаа гэгч зодсон байна. Б.Амарсанаа нь Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны сонгуульт ажилтай нэгэн аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон эл хэргийн тухай эх сурвалж өгүүлэхдээ тэднийг сонгуулиар дэвших эсэх асуудлаас болж маргалдан, улмаар зодолдсон гэжээ. Үүний өмнө Дорнодын МАН-ынхан мөн л аймгийнхаа намд эзлэх байр суурь, албан тушаалаа булаацалдаж зодолдсон тухайгаа хэвлэлээр ярьцгаасан байдаг.