Categories
мэдээ нийгэм

Дунд шөвгийн нэрс тодорлоо

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, найман баг тодорлоо. Ингээд шөвгийн наймд үлдсэн багуудыг танилцуулья:

  • УРУГВАЙ – ФРАНЦ (Долдугаар сарын 6-ны 22.00, Доод Новгород хот)
  • БРАЗИЛ – БЕЛГИ (Долдугаар сарын 7-ны 02.00, Казан хот)
  • ШВЕД – АНГЛИ (Долдугаар сарын 7-ны 22.00, Самара хот)
  • ОХУ – ХОРВАТ (Долдугаар сарын 8-ны 02.00, Сочи хот)
  • УРУГВАЙ – ФРАНЦ (Долдугаар сарын 6-ны 22.00, Доод Новгород хот)

УРУГВАЙ

21 дэх удаагийн ДАШТ-д Уругвайн шигшээ баг хэсэгтээ ОХУ, Тунис, Панамыг хожин есөн оноогоор тэргүүлэхдээ хаалгандаа гоол алдаагүй. Гэхдээ шөвгийн 16-д Португалтай тоглоход нэг гоол алдсан юм. Уругвайчуудын 597 минут хаалгандаа гоол алдаагүй гэсэн амжилтыг Португалын Пэпэ зогсоосон. 1930, 1950 оны дэлхийн аварга Уругвайн шигшээ баг дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду тэргүүтэй Португалын шигшээ багийг нутагт нь буцааж шөвгийн наймд үлдээд байна.

Уругвайн шигшээ баг 2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д үхлийн хэсэг болох Итали, Англи, Коста-Рикагийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан юм. Хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан ч шөвгийн 16-д Колумбид ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн удаатай. Энэ удаа ‘А’ хэсэгт багтаж, хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлэн улмаар Португалыг хожоод байна.

ФРАНЦ

Францын шигшээ баг “С” хэсгийг тэргүүлсэн Аргентинтай хасагдах шатны эхний тоглолтоо хийсэн. Казан хотод болсон тоглолт 4:3-аар Францын ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын гол баатар 19 настай Францын Килиан Мбаппэ байсан бөгөөд тэрбээр хоёр гоол оруулж, багаа ялалт байгуулахад гол үүргийг гүйцэтгэсэн.

Францын шигшээ баг хоёр мянганы заагт оргил амжилтаа үзүүлж байсан. 1998 оны дэлхийн аваргад түрүүлсэн бол ердөө хоёр жилийн дараа Европын аваргын цомыг өргөсөн. Улмаар 2006 онд дахин дэлхийн аваргын финалд үлдэж, Италид торгуулийн цохилтоор ялагдаж байсан юм. Харин 2014 онд Бразилд болсон дэлхийн аваргын шөвгийн наймд Германд хожигдсон. Энэ удаагийн Францын шигшээ багийн залуу тоглогчид гялалзсан амжилтыг үзүүлсээр байна. Мөн Килиан Мбаппэ энэ дэлхийн аваргад өөрийгөө бүрэн нээж чадлаа.

Шөвгийн наймд учраа таарсан Франц, Уругвайн тоглолт долдугаар сарын зургаад хуучнаар Горький, одоогийн Доод Новгород хотын 45 мянган хүний багтаамжтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолт Улаанбаатарын цагаар 22.00-с эхэлнэ.

ОХУ – ХОРВАТ (Долдугаар сарын 8-ны 02.00, Сочи хот)

ОХУ

ОХУ-ын шигшээ баг дэлхийн аварга Испаний шигшээ багийг хожиж, шөвгийн наймд үлдсэн. Энэхүү тоглолт Москва хотын ‘Лужник’ цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын 1-ний өдөр болсон юм. Хэдэн зуун сая хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө 2010 оны дэлхийн аварга Испанийг хожих даалгавартай гарсан талбайн эзэд торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө гэрт нь буцаасан юм.

“А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан ОХУ, “В” хэсгийг тэргүүлсэн 2010 оны дэлхийн аварга Испаний шигшээ багуудын тоглолтыг 78 мянган үзэгч ‘Лужник’ цэнгэлдэхэд үзжээ. Эдгээр үзэгчийн ихэнх нь Оросын хөгжөөн дэмжигчид байсан юм. Мөн хүндэтгэлийн суудалд ОХУ, Испаний хүндэт зочид байлаа. Тоглолтын гол баатар нь хаалгач Акинфеев байсан бөгөөд Испанийн Коке, Аспасын нарын цохилтыг хааснаар сүүлийн тав дахь цохилтоос өмнө багаа хожилд хүргэсэн. Оросууд хамгийн сүүлд 1986 онд Мексикт болсон 13 дахь удаагийн ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байжээ.

ХОРВАТ

“D” хэсгийг тэргүүлсэн Хорват, “C” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Данийн шигшээ багийн тоглолт Доод Новгород хотын 45 мянган хүний багтаамжтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд болсон. Шөвгийн наймд өрсөлдөх ээлжит багаар Хорватын шигшээ баг тодорсон юм.

Хоёр багийн тоглолт 120 минутад 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагч тодрох болсон. Хорватын шигшээ баг илүү азтай байж, торгуулийн цохилтын гурвыг нь амжилттай болгосон бол даничууд хоёрыг нь оновчтой гүйцэтгэсэн. Ингээд хорватчууд торгуулийн цохилтыг 3:2-оор илүүрхэн шөвгийн наймд үлдлээ. Хорватын шигшээ баг Аргентин, Исланд, Нигерийг хожиж хэсгээ тэргүүлсэн. Хэсэгтээ Аргентинийг хожсон хорватчууд хүчтэй өрсөлдөгч гэдгээр харуулсаар байна. Хорватын шигшээ баг тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш анх удаагаа 1998 оны дэлхийн аваргад оролцож шууд хүрэл медаль хүртсэн байдаг. Харин түүнээс хойш 2002, 2006, 2014 оны ДАШТ-д оролцохдоо хэсгээс гарч чадаагүй байна.

ОХУ, Хорватын тоглолт долдугаар сарын 8-ны өдөр өглөөний 02.00 цагаас Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэн болно. Энэ цэнгэлдэх хүрээлэнд нийт зургаан тоглолт болохоос сүүлийнх нь энэ тоглолт юм. “Фишт” цэнгэлдэх хүрээлэнг 2014 оны өвлийн олимпийн наадамд зориулан барьж байжээ.

БРАЗИЛ – БЕЛГИ (Долдугаар сарын 7-ны 02.00, Казан хот)

БРАЗИЛ

Америк тивийн төлөөлөл Бразил болон Мексикийн шигшээ багууд шөвгийн 16-д учраа таарсан. Тоглолт Самара хотын “Космос Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд 2:0-оор дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн юм.

Багаа шөвгийн наймд үлдэхэд дэлхийн үнэтэй хөлбөмбөгчин Неймар болон Роберто Фирмино нарын гоол үнэ цэнэтэй байв.

26 настай довтлогч Неймар бол Бразилын шигшээ баг төдийгүй дэлхийн шилдэг тоглогч гэдгээ өчигдрийн тоглолтод дахин харууллаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси, К.Роналдо нар гэртээ харьсан энэ үед Неймараас их зүйлийг хүлээж байгаа. Тэрбээр багаа ялалтад хүргэсээр байна. Дэлхийн аваргад түрүүлэх боломжтой байсан Аргентин, Испани, Португал зэрэг топ багууд эрт тэмцээнийг орхисон. Ийм үед Бразилын шигшээ баг боломжийг ашиглаж чадах уу гэдгийг харах үлдлээ. Гэхдээ дэлхийн үнэтэй хөлбөмбөгчин Неймарын үйлдлийг олон улсын хэвлэл мэдээлэл онцолсоор байна. Тоглолтын үеэр Бразилын супер од Неймар нэг гоол хийсэн ч түүнийг хэд хэдэн удаа зохиомлоор унан баашилсан хэмээн бичиж эхэллээ. Зарим спортын сувгууд энэ талаар нэвтрүүлэг хийгээд эхэлсэн байна. Неймарын энэ үйлдлийг залуу үеийнхэнд сөрөг үлгэр дууриалал үзүүлж байна гэж иргэд саналаа илэрхийлж, Олон улсын хөлбөмбөгийн холбоо анхааралдаа авах хэрэгтэй хэмээн зөвлөгөө ч хүргэж эхлэв.

БЕЛГИ

Бельгийн шигшээ баг G хэсгийг ганц ч хожигдолгүйгээр 9 оноогоор тэргүүлсэн бол Японы шигшээ баг хэсгээсээ хоёроор хасагдах шатанд шалгарсан. Хоёр багийн тоглолт Дон мөрний хөвөөнөө орших Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, 3:2-оор Белгийн шигшээ ялснаар шөвгийн наймд үлдсэн. Хэдийгээр Японы шигшээ баг түрүүлж хоёр гоол оруулан тэргүүлж байсан ч сүүлийн 25 минутад гурван гоол оруулсан белгичууд хожлыг өөрийн болгосон.

Ази тивийн төлөөлөл болон шөвгийн 16-д ганцаараа үлдсэн Японы шигшээ баг харамсалтайгаар нутаг буцсан бол белгичууд цааш өрсөлдөх эрхтэй болсон. Белгийн шигшээ багийн энэ амжилт 1966 оноос хойш ДАШТ-ий хасагдах шатны тоглолтын үндсэн 90 минутад 2 ба түүнээс дээш гоолын зөрүүтэй хожигдож яваад гүйцэж хожсон анхны баг болж байна. 1996 онд Португалын шигшээ баг Хойд Солонгост 3:0-оор хожигдож яваад 5:3 болгон хожиж байсан түүхтэй юм. Бельгийн шигшээ багийн дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн өндөр амжилт бол 1986 оны Мексикт болсон ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан амжилт юм. 2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий шөвгийн наймд Аргентины шигшээ багт хожигдож (1-0) байсан.

Бразил, Белгийн тоглолт долдугаар сарын 7-ны шөнийн 02.00 цагаас Казан хотод болно.

ШВЕД – АНГЛИ (Долдугаар сарын 7-ны 22.00, Самара хот)

ШВЕД

Шведийн шигшээ баг Герман, Мексик болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж, хэсгээ тэргүүлсэн. Өнгөрсөн шөнө хасагдах шатны тоглолтыг Швейцарын шигшээ багтай хийж, 1:0-оор ялалт байгуулснаар шөвгийн наймд үлдлээ. Шведийн гол баатар Эмил Порсберг багтаа хожлын гоолыг авчирсан юм.

Шведийн шигшээ баг бол дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль хүртэж байсан том багуудын нэг. Гэхдээ Орост ирэхийн тулд Итали, Нидерландыг ардаа оруулсан Шведийн шигшээ баг цааш онцгойроход гайхах зүйл байхгүй. Шведүүд бол дан ганц хоккейгоор алдартай биш. Тэд хөлбөмбөг ч тоглож чаддаг бөгөөд дэлхийн аваргад 1958 онд мөнгөн медаль хүртэж, хоёр удаа гуравдугаар байранд шалгарч байсан шилдэг баг юм.

АНГЛИ

Өнгөрсөн шөнө Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын шөвгийн 16-н сүүлчийн тоглолт болох Өмнөд Америкийн төлөөлөл Колумб болон Английн шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 1:1-ээр өндөрлөсөн. Ингээд торгуулийн цохилтоор ялагч тодроход 4:3-аар Английн шигшээ баг хожиж, шөвгийн наймд үлдэх сүүлийн багаар тодорлоо.

Английн шигшээ баг 1966 онд нутагтаа зохиосон ДАШТ-д түрүүлсэн байдаг. Харин хамгийн сүүлд 1990 онд хагас шигшээд шалгарч байжээ. Дэлхийн аваргад 14 удаа оролцохдоо ердөө гурван удаа хэсгээс гарч байгаагүй бөгөөд хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Бразилд гутамшигтайгаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэгвэл энэ жил алдаагаа залруулах зорилготой, цаашлаад битүүхэн аваргын цомыг горилан ирсэн нь дамжиггүй. Тэдэнд боломж бий.

Английн шигшээ баг чимээгүйхэн хагас шигшээ цаашлаад шувтаргын шатанд хүрэх магадлал тун өндөр байгааг онцлох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *