Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадал бүхий “Дулааны V цахилгаан станц”-ын Концессын гэрээг өнгөрсөн баасан гарагт Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр болон төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК-ийн гүйцэтгэх захирал Рибессе Беноут нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
“Дулааны V цахилгаан станц”-ын концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оны есдүгээр сарын 28-ны өдөр зарласан бөгөөд шалгаруулалтад олон улсын нэр хүнд бүхий 34 компани оролцох сонирхлоо илэрхийлж, тэдгээрээс 11 консорциум нь саналаа ирүүлсэн байдаг. Улмаар удаах гурван шатны шалгаруулалт явуулсны дүнд “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийг хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогч хэмээн шалгаруулж, 2013 оны наймдугаар сарын 26-ны өдөр төслийн гэрээ болон дагалдах бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийхийг зөвшөөрч, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам дээрх түншлэлтэй Санамж бичиг байгуулсан.
Төслийн хэлэлцээг манай талаас ЭХЯ, ЭЗХЯ, Эрчим хүчний зохицуулах хорооны Хамтарсан ажлын хэсэг тус түншлэлтэй хийж, төслийг эцсийн байдлаар боловсруулан 2014 оны зургадугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан ба хуралдаанаас “Дулааны V цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгосны дагуу өнөөдөр ийнхүү баталгаажуулж байна.
“International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК буюу концесс эзэмшигч нь энэ өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа шийдвэрлэн, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Газар ашиглах гэрээ, Ус ашиглах гэрээг Монгол Улсын төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай тус тус хийснээр Концессын уг гэрээ хүчин төгөлдөр болж, станцын барилга угсралтын ажил эхлэх юм.
Гэрээг төр-хувийн хэвшлийн түншлэл буюу концессын БАРИХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ нөхцөлөөр байгуулж буй бөгөөд концесс эзэмшигч нь “Дулааны V цахилгаан станц”-ыг 4 жилийн хугацаанд барьж, удаах 25 жилд нь ашигласны дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээнэ.Станцын хүчин чадлын хувьд цахилгаанд 450 МВт, дулаанд 587 МВт байна. CFB (circulating fluidized bed) технологийн бойлер ашиглах бөгөөд энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага хийгээд гэр хорооллын хүн амыг нэгдсэн халаалт бүхий орон сууцны хороололд шилжүүлэн суурьшуулах боломж бүрдэх юм байна.
Төслийг хэрэгжүүлэхэд 648 ажлын байр шинээр бий болно гэж урьчилсан байдлаар төлөвлөж байгаа ажээ.