Categories
мэдээ цаг-үе

“Дүгэрээ Нуга”-ын нуруун дээрээс Сэлэнгэ мөрнийг тольдохуй

Нуугин нүргэлэх галт тэрэгний чимээ сэтгэл догдлом сонсогдоно. Цонхны цаана жирэлзэн өнгөрөх их хотоос сугаран буруун зүгийн салхи зүсэн довтолгож эхлэв.

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Бороохойн Батхүү болоод миний бие Булган аймгийн Ханган сумын нутаг, Хялганат тосгоныг зорин яваа нь энэ билээ. Б.Батхүү эрхэм энэ сарын сүүлээр “Бороо” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр зэхэж буй тул хөдөө хээрийн салхинд гарч малгайн утаагаа сэргээе хэмээсэн хэрэг ээ.

Эсрэг талын суудал дээр мань хүн арагшаа налан суугаад нэг их ажил амжуулсан хүн шиг уужран нүдний шилээ арчих зуураа, “За хө, вагонд явахад нэг бол хөзөр тоглох, нөгөө бол хууч хөөрөх л сайхан байдаг юм даа. Хоёулаа ч хууч хөөрөх нь л зөв байх аа даа” гэв. Б.Батхүү бол Монголын зохиолч, яруу найрагчдын 1980-аад оны нэг төлөөлөл билээ. Юм мэдэх хүнээс хууч сонсох болсондоо олзуурхсан би тэдний үеийнхний тухай нэг бүрчлэн яриулж гарав.

“Энэ О.Содномпилийг та нар даруухан сайхан хүн гэж бодож байна уу, мань эр ч бас л түйвээнэ шүү дээ, миний шилийг хамгийн олон удаа хагалсан хүн юм шүү дээ. Бид хоёр үй зайгүй нөхөрлөнө. Гэвч халамцсан үедээ уран зохиолын тухай үзэл бодол таарахгүй толхилцож байгаад дандаа л зодолцоно. Зодолцох ч юу байхав мань хүн миний шилийг хагалчихаад арилаад өгнө. Маргааш нь би утасдаад “За хө өвгөн чинь ёстой юу ч хардаггүй ээ. Шилтэйгээ л болмоор байна” гэхээр хөөрхий минь гүйж ирээд шинэ шил тааруулуулж өгнө. Тэгснээ хэд хоноод л дахиад хага цохичхоно. Яаж нүд амаа гэмтээчихдэггүй байсан юм бүү мэд” гэнэ. “Маналжавын Баттөмөр ахыг та хэр мэдэх вэ?” гэхэд “Мэдэхээр барах уу, эртнээс бие биенээ мэдэх хоёр шүү дээ. Тэр жил намайг сэтгүүлч байхад анх танилцаж билээ. Манай хадмынхаар орж гардаг байсан юм билээ. Тэгснээ миний номыг харчихаад манай хадам ээжээс намайг сураглаж, танилцах юмсан гэсэн гэдэг. Дараа нь санаандгүй нэг таарлаа. Бакал жийчихсэн хөдөөний байрын нөхөр байсан. Тэр үеэс хойш нөхөрлөсөн дөө. Уг нь бид хоёр М.Горькийн сургуульд явах дөрвөн эрх дээр хоёулаа үзэж байлаа. Би орос хэлэндээ тааруухан болохоор тэгс гээд больчихсон юм. Мань хүн харин уйгагүй үзэж байж яваад ирсэн дээ. Монгол ахуйг зурсан юм шиг сайхан шүлэглэнэ. Сайн ч хүртэнэ. Одоо харин хүртэхээрээ ауп… ауп… ауп… гээд (Монголын Радиогийн ахмад сэтгүүлч М.Баттөмөр яруу найрагчийн ааш аягийг яг дуурайн элэглэв) хэлгүй, хөлгүй болчихдог болсон байна лээ.” хэмээн хоёул баахан инээлдэв. Мань хүн ер нь их шооч, аливаа юмны голыг нь олоод хэлчихдэг, бас жаахан шорвогдуу зантай нэгэн аж. Ийн хуучилсаар галт тэрэгний зөөлөн нүргээнд бүүвэйлэгджээ.

Үүрийн цагаан гэгээ шингэрэн шингэрсээр цонх нэвт гэрэлтэх нь нойрон дунд там тум мэдрэгдэнэ. Манай хүн цонхоор алсын бараа ширтэж явна. “Дараагийн зогсоол Эрдэнэт шүү “гэв.

Эрдэнэтээс нүүснээс хойш 15 жилийн дараа дахин хөл тавилаа. Өглөөний цэнгэг агаар лазагнасан нойрыг хормын дотор сэргээж, өссөн нутгийн өнгө төрх дурсамж дүүрэн нүдээр цоо ширтэн угтав. Вагоны толгой эгнэсэн төмөр зам, вокзал, Хавь ойрын уул толгод яг л хүүхэд ахуй цагийнх шиг минь хэвээрээ аж. Тоглож өссөн гудамж, “Баян Өндөр” хайрхны бэл дэх булаг руугаа л явмаар байсан ч бидний явах зам эсрэг тийш байв. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон Эрдэнэтийн вокзалаас 60-аадхан км зайтай бөгөөд байнгын унаа тэрэг явдаг аж.

Газрын өнгө ногоон туяа татаад шар усны үерээр төмөр замын далан дагуух булан тохойд цөөрөм тогтжээ. Тэнгэрийн байдал тогтуун цэлмэг, наран хурц атал цөөрмийн захаар цас мөстэй үзэгдэх нь соньхон. Уул давааны орой дээрээс харахад дахиад л уудам тал хөндий тосон үргэлжилнэ. Булган аймгийн Хангал сум гэж багашаархан сууринг өнгөрөөд цааш газрын өөд барин явав. Хангал сумаас Хялганат тосгон 20 орчим км зайтай аж. Сонсох нь ээ, манай улсын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хийдэг “Олимп” амралтын бааз, “Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ” амралтын бааз, “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зуслан, Бөөрний сувилал зэрэг амралт сувиллын газрууд Сэлэнгэ мөрний сав газрын үзэмжит байгалийг түшиглэн оршдог гэнэ. Салхивчаар усны сэрүүн үнэртэй зөөлөн салхи сэвэлзэж эхлэх үед “Цул хар” хэмээх уулын гол ой модны хөлөөр урсана. Тэр уулын хамар давангуут Сэлэнгэ мөрөн тэртээ холоос саваа дүүрэн мэлтэлзэж үзэгдэв. Б.Батхүү найрагч “Бидний очих газар тэр шүү дээ. Дүгэрээ нуга гэдэг юм” гээд заасан зүгт нь харвал Сэлэнгэ мөрний цатгалан бие рүү түрэн орсон хадан хясаа бүхий модтой уул харагдав. Хадан хясаат уулын эсрэг талд “Сэлэнгэ” амралтын бааз байрлах уулын модот бэл мөн л гол уруу түрэн оржээ.

Өргөн Сэлэнгийн дээгүүр хөндөлсөх урт гүүрээр гаруут голын хөндийн модон дунд мөнөөх Хялганат тосгон байх ажээ. Биднийг тосгоны дарга Б.Ууганбаяр угтав. Б.Батхүү найрагч тэр хоёр эртний танилууд бололтой. “Дүгэрээ нуга”-ын нуруун дээрээс Сэлэнгэ мөрнийг тольдон, байгалийн сайхнаас эрч хүч, энерги авахаар ирсэн тухай хэрэг зоригоо хэлэхэд тосгоны захирагч Б.Ууганбаяр уриалгахан хүлээж аваад “Манай нутаг, ялангуяа энэ “Дүгэрээ нуга”-ийн орой чинь хангайдаа л “Хамарын хийд” юм шүү дээ” гээд бахдангуй инээмсэглэв.

Цулхарын гол Сэлэнгэ мөрөнд цутгана. Эрт үед Сэлэнгийн хөндийд хятад тариачид далан шуудуу татаж тэр голоос тариа, ногоогоо усалдаг байснаас үүдэн “Цулхарын гол” хэмээсэн түүхтэй гэнэ. Харин “Дүгэрээ нуга” нь эртний олон түүх домогтой холбоотойг мэр сэр нутгийн хөгшдөөс өөр олон хүн мэддэггүй аж.

3000 гаруй хүн амтай Хялганат тосгон, тосгоны статусаасаа томдсон газар гэдэг нь илт. Эрт үеэс модны үйлдвэр хөгжсөн, эдүгээ ч амьжиргаа залгах ажлын байр, арга чарга бусад сум тосгодыг бодвол элбэг бололтой юм. Тосгонд 1.4 тэрбум төгрөгийн төсвөөр спорт заалын барилгыг нутгийн иргэд барьж байгаа нь ч бас л олзуурхууштай.

Тосгоны зүүн урд дүнхийх Дүгэрээ нугын модон дундуур хэдийнэ машин зам гаргажээ. Бид хэд ойн замаар сүлжин явсаар саруулхан дүгрэг талбайд машинаа тавиад цааш явган өгсөв. Ганц нэгхэн мод бургасыг эс тооцвол оройдоо бараг модгүй шахам юм. Оройд нь байх овоог тойруулан хайс татжээ. Уулын салхи хацар нүүрийг илбэсэн Дүгэрээ нугын орой дээрээс Сэлэнгэ мөрөн уулсын хөлөөр цатгалан могой шиг гулилзан мушгирч үзэгдэх нь гайхамшигтай сайхан харагдана.

Цаад уулын бэлийг ороон мушгирч урсах голын тохой наад эрэгтээ цэлийсэн том дүгрэг нуга хөндий үүсгэжээ. Үүнээс үүдээд голын тохойн энэ хэсэг газар, хадан хясааг бүхэлд нь “Дүгэрээ нуга” хэмээсэн аж. “Дүгэрээ нуга” оройдоо мөн л уужуухан талбайтай аж. Тахилгатай овооны чанх урд нэгэн хөгшин модны унанги хожуул хэвтэх ба түүнд могой үүрлэдэг гэнэ. Овоог тахих үеэр могой цогнолзон гарч ирдгийг Б.Ууганбаяр тэргүүт хүмүүс шагшин ярьж байлаа. “Могой үүрлэсэн газар зоригтойгоор байшин барь. Учир нь могой хэзээ ч муу энергитэй газар үүрлэдэггүй” гэх үг бий. Тахилгатай овооны урд руу нэгэн хиргэсүүр байх. Нутгийн хөгшид Дүгэрээ нугын оройд байх энэхүү хиргэсүүрийн тухай маш сонин домог ярьдаг байна. Зарим нь энэхүү хясааны оройд могойн чуулгантай таарсан тухай домог ярьдаг бол зарим нь нэн эртний баатар эрийн домогтой хиргэсүүрийг холбон тайлбарладаг байна. Мөн Дүгэрээ нугын хясааны ирмэгт ганц нарс ургасан байх нь бас л хачирхалтай. Ер нь нутгийн хөгшид, номтой лам нар энэ газрыг лусын тахилгатай, өвөрмөц эрчим энергитэй газар хэмээн үздэг юм байна. Тиймээс Б.Батхүү найрагч “Бороо” уран бүтээлийн тайлан тоглолтынхоо өмнө Дүгэрээ нугыг ийнхүү зорьж ирээд уул ус, лус хангайд залбирсан нь учиртай. Орой дээрээс Алдар цуут Түвдэн аваргын өлгий нутаг Сэлэнгийн хөндий, Дух нарс, Сүүл нарс, Булган нутгийн гол шүтээн Эргэн хайрхан ч алсад дүнхийн харагдаж байлаа.

Дүгэрээ нугын оройд бид хэсэг саатан Сэлэнгэ мөрнийхөө амгалан урсгаланг харж, сэтгэлээ амар амгалангаар дүүргэж аваад цааш хөдөллөө. Уул хясаанаас буухад баруун доод хэсэгт нь мөнөөх дүгрэг нуга ногоорон цэлийж угтав. Нутгийн иргэд тэрхүү нуга хөндийд гахайн ферм, зөгий үржүүлгийн аж ахуй эрхэлдэг аж. Тосгоны захирагч Б.Ууганбаяр Хялганат тосгоноо аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилготой ажиллаж буйгаа ч ярилаа. Зам харилцаа сайтайн дээр байгалийн өвөрмөц содон тогтоц, эргэн тойрны амралт сувиллын баазууд зэрэг аялал жуулчлал хөгжиж болохуйц орчин нөхцөл бүрдээд буйг мөн тоочин өгүүлсэн билээ.

Бидний яриа зөгийн үржүүлгийн сэдэв рүү орж элдвийг хуучлан явтал нэгэн хөгжилтэй яриаг Б.Батхүү найрагч өдөөв. Монголчууд зөгийн аж ахуйг анх нутагшуулж эхлэх үеэр Говь-Алтай аймагт цөөн тооны бүл зөгий аваачиж л дээ. Тэгтэл сониучирхсан нэг нутгийн малчин “Зөгий зөгий л гээд байсан чинь шар эрээн ялаа л байна ш дээ” гээд чамлангуй барьж үзэх гэж байгаад хатгуулж хөгөө чирээд баахан зөгийний өрд орж гэнэ. Учир нь зөгий хүнийг нэг хатгаад л үхдэг амьтан аж. Сайхь малчин заримыг нь цохиж, заримд нь хатгуулж цааш харуулсан хэрэгт унаж нэгдлийн даргаасаа банга хүртсэн гэдэг.

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *