Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “Урт цагаан”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг ихэнх иргэд дэмжжээ DNN.mn

Хотын даргаар Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар томилогдонгуутаа гаргасан шийдвэрүүдийн нэг нь Урт цагааны гудамжны дахин төлөвлөлт. Тэрбээр “1960-1962 оны хооронд баригдсан 8000 орчим метр квадрат бүхий Урт цагааны барилгыг нурааж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж болгох уу эсвэл шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар нийслэлчүүдээс өнөөдрөөс санал авахаар боллоо. Уг барилга нь нийслэлийн өмч, хятадууд барьсан юм билээ. Иргэд ulaanbaatar.mn сайтын Санал асуулга хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. “Хурдан” системийг ашиглаж байгаа учир хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй. Санал асуулгыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд явуулна.

Урт цагааны барилгыг түрээслэгчид 2020 оноос хойш нэг ч төлбөр өгөөгүй, шүүх дээр маргаан үүсгэсэн байдалтай байгаа. Уг байранд алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнийг ашиглах асуудал байгааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Урт цагааны байрыг түрээслэгчдийг аравдугаар сарын 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг аль эрт өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн” хэмээн энэ сарын 3-ны өдөр мэдээлэл хийхдээ ярьсан.

Тэгвэл одоогоор Урт цагааны гудамж ямар байдалтай байгаа талаар сурвалжиллаа.


Өчигдөр өдрийн 13:30 цагийн үед Урт цагааны гудамжийг зорин очив. Цас бага багаар хялмаалан хаялж, нар илч муутайхан ээнэ. Тэнгис кино театрын урдуур Теди төвийн хажуугаар алхан, Урт цагааны гудамжны зүүн талын үзүүрээр тойрон эргээд зорьсон газартаа хүрлээ. Ажлын өдөр энэ гудамжны урсгал хөл хөдөлгөөн ихтэй, алтан эдлэлээ засуулах, мөнгөн тоноглолоо хайлуулах гэсэн хүмүүс, зах худалдааны төвийг зорих иргэд, түлхүүр олшруулж, гутлаа засуулахаар хүмүүсийн урсгал нааш цааш сүлжилдэнэ.

Зүүн захын эхний хаалгаар ороход түлхүүр олшруулна, алт мөнгөн эдлэл авна, гутал засна, үсчин гэх маш олон хаягтай хаалгаар орлоо. Үүдэнд нь жижигхэн өрөөнд алт мөнгөний дархан гэсэн өрөөнд 40 эргэм насны эрэгтэй сууж байлаа. Түүнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр ярихдаа “Амьжиргааны ганц эх үүсвэр минь энд байна. Өдөрт эндээ хэдэн алт мөнгөн эдлэл засч л амьжиргаагаа залгуулдаг. Овойж оцойтол их олоод байдаг зүйл байхгүй. Сар болгоны түрээс, ар гэрийн хэрэгцээгээ шийдэх гээд хүнд асуудал зөндөө л гарна шүү дээ. Байнгын тогтмол орлого биш. Сар бүр өөр өөр орлого олно. Зарим сар нь түрээсээ ч өгч хүрэхгүй. Заримдаа овоо хэдэн төгрөг ч олно. Энэ газрыг нураана, буулгана л гээд байх юм. Ганц амьжиргаанаасаа салчихвал яах юм байгаа юм. Энд ажиллаж байгаа иргэдийг хүн чинээ тоохгүй тэнгэрийн, тэнгэрийн юм ярьцгаах юм. Энэ барилгад миний тооцоолсноор 200-гаад түрээслэгч байгаа. Тэд бүгд амьжиргаанаасаа сална. Тэдний нэг хүний ард л гэхэд дор хаяж гурван хүн байгаа. Тэгэхээр хэчнээн өрх айл хоолноосоо салах нь уу гэдгийг бодож үзсэн болов уу. Хөрсөн дээр бууж амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай” хэмээв. Ингээд цааш алхлаа. Гутал засвар гэсэн хаягтай ойролцоогоор арав гаруй ширээ тавьжээ. Ширээ тус бүрийн ард нэг гуталчин сууна. Зарим ширээ нь хоосон байгаа нь анзаарагдав. Тэдгээр хүмүүс өнөөдөр ажилдаа ирээгүй нь энэ аж. Харин хажууд нь жижигхэн вакум ханаар тусгаарлан өрөө хийсэн нь “Түлхүүр олшруулна” гэсэн бичиг хаалгандаа наажээ. Ойролцоогоор 7х8 м.кв өрөөнд ийнхүү арав гаруй хүн тус тусдаа үйл ажиллагаа явуулж, тус тусдаа түрээс төлдөг гэнэ. Тэднээс зарим зүйлсийг тодруулахад “Бидэнд энэ газрыг түрээслэдэг хүнд тэрхүү мэдэгдэл нь ирсэн байж мэдэх л юм. Гэхдээ яг бидний гар дээр ирсэн зүйл байхгүй. Тиймээс энэ газрыг нураах хүртэл нь үйл ажиллагаагаа явуулна” гэж дуу нэгтэй хэлж байлаа.

Энэхүү байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг оёдолчин С.Хандмаатай ярилцлаа.

-Та энд оёдол хийгээд хэдэн жил болж байна вэ?

-Би энд ажиллаад найман жил болж байна. Энэ хооронд байнгын үйлчлүүлэгчтэй ч болсон. Гэтэл нэг л өдөр нураана, буулгана гээд хотын дарга нь ирж баахан сэтгүүлчид яриа өгөөд л. Энд ажиллаж байгаа хүмүүсийг яа гэж байгаа юм бол. Хааш нь шилжүүлэх, бидний ажлын байрыг яаж шийдвэрлэх талаар ер яриагүй.

-Та энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа хэрэг үү?

-Эсэргүүцсэн ч биш л дээ. Гол нь энэ барилгыг нураалаа гэхэд энд түрээсээр ажиллаж байгаа иргэдийн ажлын байрыг яаж шийдвэрлэх вэ гэдэг чинь бидэнд хамаатай асуудал шүү дээ.

-Гэтэл нийслэлээс авч буй санал асуулга нь буулгах уу, үгүй юу гэдгээр биш юм билээ. Та “Та Урт цагаан”-ы дахин төлөвлөлтөд саналаа өгнө үү” гээд “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Дахин төлөвлөж барилга барих” гэсэн хоёр л сонголт байна лээ. Тэгэхээр буулгах нь тодорхой юм биш үү?

-Хэрэв буулгах бол энд үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн амьжиргаа залгуулах ажлаа хийх боломжийг олгож, дараагийн газар руу нь нүүлгэн шилжүүлсний дараа буулгах хэрэгтэй. Бид чинь бас Монгол Улсын иргэд шүү дээ. Иргэдээ хөсөр хаяж болохгүй. Биднийг тэжээ, хоол өг гээгүй. Ажлын байраар хангаад өгөөч ээ. Бид амьдралаа өөрсдөө аваад явна л гэж гуйж байна.

Оёдолчин С.Хандмаа ийн байр сууриа илэрхийлэв. Энд түрээсээр ажиллаж байгаа иргэд бүгд л ийм байр суурьтай байлаа. Харин Урт цагааны гудамжинд алхаж яваа энгийн иргэдээс байр суурийг сонсов.

Иргэн С.Амаржаргал: Хэрэв энэ барилгыг заавал буулгах ёстой бол доороо олон машины дулаан зогсоолтой дээр нь нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн ч юм уу эсвэл залуус, хүүхдүүдэд зориулсан спорт, соёлын газар байгуулах нь зүйтэй. Өнөөдөр залуус, хүүхдүүд цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар тун ховор байна.

Иргэн Э.Долгор: Түүх соёлоо бодвол энэ газрыг аль болох хүчитгээд хуучин хэвээр нь сэргээн засварлавал хотын маань түүхийн нэгэн хэсэг юмсан. Хэрэв үнэхээр тийм боломж байхгүй бол цэцэрлэгт хүрээлэн болгосон нь л дээр байх.

Иргэн Ц.Ариумаа: Доороо машины зогсоолтой, дээр нь цэцэрлэгт хүрээлэн хийсэн нь л олонд хэрэгтэй байх даа. Энд угаасаа орон сууц хэрэггүй шүү дээ. Тэртээ тэргүй тойроод зөндөө худалдааны төвүүд байна. Жуулчдаа татъя гэж байгаа бол өндөр шилэн барилга биш монгол ахуйгаа харуулсан цомхон шийдэлтэй үндэсний үйлдвэрлэл, гар урлалын зүйлс зарах жижигхэн худалдаа наймаа эрхлэх газар хийсэн нь дээр байх. Бусад хэсгийг нь цэцэрлэгт хүрээлэн болгочихвол хотынхоо төвд иргэд амарч зугаалах сайхан талбай шүү дээ. Иргэд өнөөдөр хотын төвд тааваараа суугаад, зуны улиралд таатай цагийг өнгөрүүлэх газар байхгүй шүү дээ. Тийм л болговол зүгээр санагддаг.

Урт цагааны гудамжаар алхах иргэдийн байр суурь ийм байлаа. Тус гудамжны түүхийг сөхвөл Улаанбаатар хотын хамгийн эртний гудамжны нэг бол Жуулчны гудамж. Хүмүүсийн ярьж заншсанаар Урт цагааны гудамж юм. Энэ гудамж 1778 онд Их хүрээ одоогийн байршилд ирж суурьшихад үүсчээ. Хүрээний анхны худалдааны төв гудамж. Тухайн үеийн хэллэгээр Хүрээний их зээлийн газар нь түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар байв. Энэ гудамж нь одоогийн Дүрслэх урлагийн музей, Барилгачдын талбайгаас баруун тийш Туул ресторан, Урт цагаан, Шар дэлгүүр, цаашлаад Гандангийн хүр хүртэл үргэлжилдэг байлаа. Энд монголчуудаас гадна Хятад, Орос, Англи, Япон, Төвөд тэргүүтэй гаднын улс орнуудын пүүс, дэлгүүрүүд худалдаа эрхэлдэг байжээ. Энэхүү гудамжинд Их хүрээний үеийн нэг, Нийслэл хүрээний үеийн хоёр, Социализмын үеийн долоон түүхэн барилга байдаг. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн гудамж, 2002 онд Жуулчны гудамж хэмээн нэрийджээ.

Тэгвэл хотын зарим иргэдийн байр суурь ямар байгаа талаар тодрууллаа.

Иргэн Т.Лут-Очир: Урт цагааны гудамжинд байгаа тэрхүү барилга өөрөө Улаанбаатар хотын түүхэн барилга. Аль дээр үед Хүрээнээс эхлээд л “Худалдааны гудамж” нэршилтэй байсан юм билээ. Тухайн үедээ гадаад дотоодынхон тэнд худалдаа наймаа эрхэлдэг байсан. 1958 онд анх Хоршоологчид буюу хувиараа бизнес эрхлэгчид өөрсдийн хөрөнгөөр барьсан. Сүүлд нийслэлийн өмчид оччихсон байгаад одоо нийслэлийн өмчөөс хасчихсан байгаа юм билээ. Тэгээд нийслэлээс санал аваад ард иргэдийн ихэнх нь тэрхүү байшинг нураагаад цэцэрлэгт гудамж болгоё гэж санал өгсөн юм билээ. Миний хувьд хотын түүхийг үлдээх ёстой гэж бодож байна. Угаасаа л энэ барилга хүмүүст үйлчилгээ үзүүлдэг байсан. Түүнийг нь орчин үетэй нийлүүлээд үлдээх хэрэгтэй гэж бодож байна.

Иргэн Д.Монголхүү: Би буулгасны дараа яах вэ гэдэг зүйлийг огт яримааргүй байгаа. Буулгаж болохгүй гэдэг дээр маш хатуу байр суурьтай байгаа. Хэрэв нэгэнт хотын иргэдээс үл шалтгаалсан байдлаар асуудлыг явуулаад Төв музейг нураасан шигээ машиндаад явах юм бол Урт цагааныг “Урт ягааны гудамж” болгоод биеэ үнэлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөөд явсан нь дээр гэж бодож байна. Социализмын үед баригдсан барилгууд монголчуудын хотжиж эхэлсний түүхэн эхлэл. Тэр утгаараа хотынхоо ой санамжийг үе дамжуулан тээж, хөшөө дурсгалын үүргийг гүйцэтгэдэг түүхэн барилгуудаа нэг нэгээр нь ингэж устгаад баймааргүй байна. Тэгэхээр Урт цагааны гудамжийг устгана гэдэг хотынхоо ой санамжийг устгаж байгаагаас ялгаагүй. Хөгшин европ гээд л бид яриад байдаг. Европчууд анхныхаа баригдсан барилгуудыг сэргээн засварлахдаа орчин үеийн материалаар биш, тэр үед ямар материалаар барилгыг барьж байсан гэдгийг шинжилж, судлаад түүнийг нь боловсруулж түүхэн барилгаа засварладаг. Тэр үед ямар шавраар тухайн барилгыг барьсан түүнийг нь найруулж, боловсруулж, шинжилж судлаад яг адилхан материалаар сэргээдэг. Гэтэл бид түүхэн барилгуудаа нураана гээд сууж байдаг. Ер нь бол Оросын их хядлагын үед ч Улаанбаатар хотын түүхэн барилгуудыг нураалгүй үлдээснийг санах хэрэгтэй.

Иргэн Г.Ганбат: Монгол хүн монгол гэрт амьдарч байгаад суурин соёлд шилжсэн. Бид өв уламжлалаа бодсон ч монгол гэрээс орон сууцанд нүүж орсон ч аав ээжийнхээ өвлөж үлдээсэн авдар савыг энэ хуучин муу юм гээд гаргаж хаядаггүй. Шинэ байрандаа аавынхаа, ээжийнхээ, эмээ өвөөгийнхөө авдрыг үнэ хүндтэй газраа хоймортоо байршуулдаг. Түүнтэй адил хотынхоо түүх болсон үлдэж хоцорсон барилгуудаа эхнээс нь Байгалийн түүхийг музейг нураачихсан. Одоо МУИС-ийн гуравдугаар байрыг нурааж байна. СЭЗДС-ийн барилгыг нурааж байна. Үндсэндээ Улаанбаатар хотын түүх байсан неоклассик стилийн түүхэн дурсгалт барилгуудад маш хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж байгаад өөрийн чадал хэрээр эсэргүүцдэг. Гэсэн ч нурааж байгаад Улаанбаатар хотынхоо иргэн хүний хувьд маш их харамсдаг. Яг түүнтэй адил барилгуудын нэг нь Урт цагааны гудамжны барилгууд тэр чигээрээ ордог. Урт цагаан бол Монголын биет соёлын өв болох уран дархан, алт мөнгөн эдлэлээр эд хэрэглэл хийдэг Монголын хамгийн том биет соёлын өвийг тээж яваа газар. Тухайн барилдга нь олон жил нийслэлийн өмч байх хугацаандаа муудсан. Үнэхээр өмчийн эзний хувьд маш арчаагүй байдалтай байлгасаар өдийг хүрсэн. Ийм болгосон хойноо нэгэнт муудчихсан юм чинь нураана гэдэг байр сууринаас хандаж байгаад гомдож, харамсаж байна. Урт цагааныг хуучин төрхөөр нь сэргээн засварлаад, одоогийн зорилго жуулчны гудамж хэвээр үлдээж, Монголын соёлын өв болсон уран дархчуудын төв байх хэрэгтэй гэж боддог. Бид жуулчид ирэхэд үзүүлэх юмгүй гээд байдаг. Гэтэл тэдгээр уран дархчууд жуулчдад Монголын уран дархчууд ээмгийг ингэж хийдэг, бөгжийг ингэж хийдэг, эмээлийн бүүрэг ингэж урладаг гээд нүдэн дээр нь дархлаад, урлаад үзүүлээд, гайхуулаад явах боломжтой ийм газар гэж би боддог. Би Урт цагааныг нураагаад оронд нь иргэдэд зориулсан амралт зугаалгын цэцэрлэгт гудамж болгоно гэдэгт итгэхгүй байгаа. Та бүхэн санаж байвал 13 дугаар хороолол дөрвөн замын уулзвар дээрх East төв шатаад олон жил болж байна. Түүнийг цэцэрлэгт болгоно гээд шатсан туурийг нь буулгасан. Гэтэл өнөөдөр тэнд зүгээр л нөгөө л өндөр барилгаа барьж байна. Тэгэхээр Урт цагааныг буулгаад нөгөө л оффисийн барилгаа барих байх гэж би боддог. Манайх яг иргэдэд зориулсан маш гоё цэцэрлэгт хүрээлэн барьж чаддаггүй. Хэдэн улиас, хайлаас л тарьдаг. Усан ориглуур нь зуны 2-3-хан сар л ашигладаг. Тиймээс Урт цагааныг буулгаад цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэхэд итгэдэггүй.

Иргэн Ц.Уянга: Урт цагааныг яг хуучин байснаар нь сэргээн засч машин явдаггүй хуучин хэвэнд нь оруулчихвал хамгийн гоё гудамж шүү дээ. Социализмын үед ч оросууд түүхэн өгөгдлийг нь эвдээгүй. Үндэстний суурин соёлын ой санамжийг нь хүндлэн, органик үүсэл хөгжил дээр нь тохируулж төлөвлөлт хийж өгч байсан юм шүү. Түүхийг буцааж босгох ямар ч аргагүйг санаарай.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Ulaanbaatar.mn хаягаар авч буй санал асуулга “Урт цагааныг өөрчлөхөд та санал өгөх үү?” гэсэн асуулттай. Хариулт нь “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Дахин төлөвлөж барилга барих” гэсэн хоёр сонголттой. Энэхүү санал асуулгад өчигдрийн байдлаар нийт 3436 хүн оролцжээ. Тэдний 96 хувь нь буюу 3294 иргэн “Цэцэрлэгт хүрээлэн барих” гэсэн хариултыг бөглөжээ. Харин “Дахин төлөвлөж барилга барих” гэсэн хариултыг дөрвөн хувь буюу 142 хүн дэмжжээ.

 

One reply on “ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “Урт цагаан”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг ихэнх иргэд дэмжжээ DNN.mn”

Энэ “Урт цагаан” хэмээх ахуйн үйлчилгээний нэгдсэн төвийг нураахаар хотын захирагч асан Амарсайхны үед анх ширүүн маргаан гарч дахин төлөвлөлтөөр баригдах ахуйн үйлчилгээний зураг төслийг хүртэл шалгаруулж байсан даа. Энэ барилга төр засгаас нэг ч төгрөгний санхүүжилтгүйгээр зөвхөн хоршоологчдын хөрөнгөөр боссон юм билээ. Хотын шинэ захирагч Нямбаатар гарч ирэнгүүтээ нураагаад ногоон байгууламж байгуулах уу худалдааны төв барих уу гэж иргэдээс санал асуулга явуулсанд 3294 иргэн цэцэрлэгт хүрээлэн болгох санал ирүүллээ гэжээ. Нэгдүгээрт : Энэ нь урт цагааныг тойрсон машины зогсоолгүй өндөр сууцанд амьдарч байгаа хүмүүс тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд тэгж санал өгсөн гэж бодож байна. Наад урт цагааны үйлчилгээний нэгдсэн төвөөр ганцхан Улаабаатрын оршин суугчид үйлчлүүлдэггүй Монгол улсын бүх аймаг сумдаас зорин ирж ахуйн үйлчилгээг авдаг шүү дээ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулбал тэр аймгуудаас битгий хэл энүүхэн 7 буудал, 1-р хорооллоос хүмүүс ирж модны сүүдэрт суухгүй шүү. Хоёрт: Төр нь иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн амжиргааг дээшлүүлэх гээд сурталдаад байдаг нэдэр дээрээ Хот нь тэр шийдвэрийн эсрэг бодлого явуулаад байдаг ямар ч учиртай юм. Нямбаатрын туслах гээд хүн баахан цагдаа, хэвлэл мэдээллийнхнийг бөөнөөр дагуулаад сүржин ирээд баахан бичиг наагаад явсан харин Урт цагаанд ахуйн үйлчилгээг эрхэлж өрх гэрээ тэжээдэг хүмүүсийг хэвлэлийн хурал зарлаж үзэл бодлоо илэрхийлэх гэхээр нэг ч хэвлэлийнхэн ирдэггүй нь хаалтийн гэрээтэй байж таарлаа. Энд ажиллаж хоолоо залгуулагсад энэ хуучин байшинг нураалгахыг эсэргүүцээгүй. Харин дахин төлөвлөлтөөр орчин цагийн шаардлагад нийцсэн ахуйн үйлчилгээний цогцолбор байгуулах талаар хотын удирдлагатай санал солилцоё гэсэн юм даа. Энэ асуудал их дээрээс шидсэн чулуу байх өө газарт нь санаархсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *