Categories
гадаад мэдээ

Дорнын Давос буюу Боаогийн форум болов

Азийн эдийн засгийн асуудлаар төр, засгийн албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн түвшинд санал бодлоо чөлөөтэй солилцдог олон улсын талбар нь Боао форум. Дорнын Давос хэмээн нэрийдэх уг чуулга уулзалтыг 2002 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ удаагийнх Хятадын Хайнань мужийн Боао хотноо болж өндөрлөв. Уламжлалт ёсоор дөрөв хоног үргэлжилж, “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: “Бүс ба зам” санаачилгын хүрээнд глобал удирдлага, хамтын ажиллагааны төлөө хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдлаа.

БНХАУ-ын дарга Си Жиньпин мягмар гаригт хурлыг нээж үг хэлэхдээ “Хятад улс Covid-19 цар тахалтай тэмцэхдээ бусад улстай хүчин чармайлтаа нэгтгэхийг зорьж, бусад улс руу чиглэсэн нээлттэй байдлаа нэмэгдүүлнэ. Олон талт хамтын ажиллагааны зарчим, Дэлхийн худалдааны байгууллагын статусыг бэхжүүлэхийг дэмжиж байна. Бид цахим эдийн засаг, биотехнологи зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, таатай нөхцөл боломжуудыг ашиглах шаардлагатай байна” гэжээ. Тэрээр цааш нь ковидын эсрэг вакцины хөгжүүлэлт, үйлдвэрлийн хүрээнд бусад улс оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар цохон дурдсан байна. Си Жиньпин “Бид нэг завин дээр байна. Иймд вакцин үйлдвэрлэх, нийлүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагатай. Ард түмнийхээ ашиг сонирхолд онцгой анхаарал хандуулж, амь насыг нь хамгаалах, эрүүл мэндийн хөгжлийн түвшинг нь дээшлүүлэх ёстой. Цар тахал үргэлжилсээр байгаа ч бид ард нь гарах болно” гэв.

Форумыг зохион байгуулагчдын онцолсноор Боаогийн форумд эчнээгээр хоёр мянга гаруй хүн оролцжээ. Тухайлбал, 60 гаруй улсын 2600 төлөөлөгчөөс гадна 18 улсын хэвлэл мэдээллийн агентлаг, мөн хэвлэлийн 160 гаруй томоохон байгууллагын төлөөлөл байлцжээ. Энэ нь коронавируст цар тахлаас хойших олон улсын томоохон арга хэмжээ болсон талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолсон байна.

Давосын дэлхийн эдийн засгийн форумын жишгээр Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх Боао форум байгуулах санаачилгыг 1990-ээд оны сүүлээс Азийн нөлөө бүхий улстөрчид дэвшүүлж байв. Монгол улс зэрэг Азийн 26 орон уг санаачилга дэмжигдсэнээр Азийн төлөөх Боао форумыг 2001 онд байгуулсан түүхтэй. жил бүрийн уулзалтад манай төр, засгийн удирдлага тогтмол, идэвхтэй оролцож ирсэн. Энэ удаадгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар холбогдож үг хэлсэн. Мөн 2019 онд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалттай хамтран 2019 онд “Улаанбаатарын бага хурал”-ыг Монгол Улсад зохион байгуулж байсан билээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *