Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дональд Трампын сошиал платформын ажиллагаа нээгдсэн өдрөө тасалджээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын үүсгэн байгуулсан сошиал платформ Truth Social өнгөрсөн Ням гарагт нээлтээ хийжээ.

Гэвч нээлтийнхээ өдөр ажиллагаа нь доголдож, нийтдээ долоон цаг, 40 минут холболтгүй болсон байна.

Truth Social-ийн вэбсайтад мэдээлснээр тус үйлчилгээ ачааллаа зохицуулахын тулд шинэ хэрэглэгч бүртгэх үйл явцад хязгаарлалт тогтоосон гэнэ.

Шинэ үйлчилгээний гар утсанд зориулсан аппликэйшн Ням гарагт Apple-ийн App Store-т орсон ч Google-ийн Play Store-д нэмэгдээгүй байв.

Аппликэйшнийг гар утсандаа татаж суулгасан ч бүртгүүлэх явцад алдаа гарч, олон удаа оролдож байж бүртгүүлснээ зарим хүмүүс мэдээлжээ.

Truth Social үйлчилгээг хөгжүүлсэн Trump Media and Technology Group (TMTG) компанийн гүйцэтгэх захирал Дэвин Нунез “Бид үйлчилгээгээ энэ долоо хоногоос App Store-оор эхлүүллээ. Үйлчилгээгээ алхам алхмаар сайжруулж, гуравдугаар сарын сүүлч гэхэд ядаж АНУ-ын зах зээлд бүрэн ажилладаг болгохыг зорьж байна” гэж Fox News сувагт ярьсан байна.

2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд үймээн самуун дэгдсэний дараа Twitter, Facebook, YouTube зэрэг гол сошиал платформууд Дональд Трампын эрхийг хааж байсан юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Трамп өөрийн сошиал платформыг нээж, технологийн том компаниудын тогтоосон дарангуйлалтай тэмцэхээ мэдэгдэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *