Categories
гадаад мэдээ

Дональд Трамп өнөөдөр албан ёсоор бүрэн эрхээ хүлээж авна

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол буюу инаугураци нь АНУ-ын төрт ёсны хамгийн хүндэтгэлтэй, утга төгөлдөр уламжлалын нэг бөгөөд 1841 оноос өнөөгийн дэг жаягийн дагуу явагдаж иржээ. Ёслолын ажиллагаа бүхэл өдрийн турш нарийвчлан гаргасан дэгээр үргэлжилдэг. Тангараг өргөх гэдэг нь албан ажилдаа орох ёслол бөгөөд хааны титэм зүүх ёсноос улбаатай гэж үздэг. Инаугураци гэсэн үг нь латин хэлний inauguro — “зориулагдаж байна” гэсэн үгнээс үүдэлтэй.

АНУ-ын Үндсэн хуульд төрийн тэргүүний албандаа орох өдөр, мөн ерөнхийлөгчийн тангаргийн үгийг тодорхой заасан байгаа. Инаугурацийн бусад бүх элемент нь хүндэтгэл юм.

45 дахь Ерөнхийлөгч Д.Трампын тангараг өргөх ёслол энэ сарын 20-ны өдөр буюу өнөөдөр товлогдсон бөгөөд энэ өдөр тэрээр албан ёсоор бүрэн эрхээ хүлээж авна. Гэхдээ ёслолтой холбоотой хүндэтгэлийн арга хэмжээнүүд өчигдрөөс эхэлжээ. Хүндэтгэлийн концерт, оройн зоог гэх мэт эдгээр ажиллагаанууд амралтын өдөр хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн ёслолын зарим нэг үйл ажиллагааны үеэр олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулагдах нь ч тодорхой болоод байгаа юм. Тухайлбал бямба гаригт Вашингтон хотод 200 мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болох нь тодорхой болоод байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ-ын өөр олон мужид өрнөнө гэдгийг шашны болон ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгдсээр байгаа юм.

Ингээд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хөтөлбөрийг хүргэе.

2017.I.20. Баасан гариг

09.30 цаг (Монголын цагаар 22.30). Хүндэтгэлийн концерт

Тангараг өргөх ёслолд зориулсан хүндэтгэлийн ёслол Капитолийн ордны баруун жигүүрт эхэлнэ. Хүндэтгэлийн концертод 2010 оны “Авьяаслаг америкчууд” шоуны хоёрдугаар байрт шалгарч олны танил болсон 16 настай дуучин хүү Жеки Иванко, мормон шашинтны “Mormon Tabernacle Choir” сүмийн найрал дууны чуулгаас гадна Шарлотт Чөрч, Андреа Бочелли, Moby, Ice.T зэрэг дуучинд урилга өгсөн ч оролцохоос татгалзжээ.

11.30 цаг (Монголын цагаар I.21-ний 00.30). Тангараг өргөх ёслолын ажиллагаа

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 11.30 цагт шашны удирдагчид залбирал үйлдэж, уншлага уншсанаар эхэлнэ. Дараа нь Дэд Ерөнхийлөгч Майк Пенс Дээд шүүхийн гишүүн Кларенс Томасын хамт, Ерөнхийлөгч Д.Трамп Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертсын хамт тангараг өргөнө.

15.00-17.00 цаг (Монголын цагаар I.21-ний 04.00-06.00). Ёслолын жагсаал

Тангараг өргөх ёслолоо дуусгаад Д.Трамп, М.Пенс нар Конгрессын гишүүдтэй Капитолийн ордонд ёслолын зоог барина. Дараа нь Пенсильваниа Авеньюд болох ёслолын парадад оролцох юм. Парадыг үзэх тусгай талбаруудыг бэлдсэн байх бөгөөд тасалбар авсан хүмүүс тэрхүү байрлалаас үзэх боломжтой юм байна. Харин тасалбар аваагүй хүмүүс олон нийтийн хэсгээс үзэх боломжтой ажээ.

19.00 цаг (Монголын цагаар I.21-ний 08.00). Inaugural balls

Д.Трамп, М.Пенс нар эхнэрийн хамт баасан гаригийн орой “Inaugural balls” гэж нэрлэдэг өөр гурван ёслолын ажиллагаанд оролцох ёстой. Үүний хоёр нь “Walter E. Washington Convention Center”-т, нэг нь Вашингтон дахь Үндэсний музейн байранд болох юм байна.

Бямба гариг. 10.00 цаг (Монголын цагаар I.22-ны 23.00-00).

Ерөнхийлөгч Д.Трамп Вашингтон дахь Үндэсний төвд олон шашинтнуудтай хамт залбирал үлдэнэ. Энэ нь шашин хоорондын эв нэгдлийг хангах бэлгэдлийн чанартай ёслол аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *