Categories
гадаад мэдээ

Дональд Трамп: Иран пуужингийн туршилт хийж, терроризм, цахим халдлагад дэмжлэг үзүүлвэл шинэ хариу арга хэмжээ авна

Image result for ТрампАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Иран пуужингийн туршилт хийж, терроризм болон цахим халдлагад дэмжлэг үзүүлвэл тус улсын эсрэг шинэ хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ. Түүнчлэн түүнийг тус улсын эсрэг хоригоо чангатгахыг зорьж байгаа гэж АНУ-ын засаг захиргааны албанаас мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Ираны асуудалд эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа ч шинэ бодлогоо ирэх долоо хоногт танилцуулж магадгүй гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Дональд Трамп Барак Обамагийн засаг захиргааны үед их гүрнүүдтэй байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрийг “Түүхэн дэх хамгийн амжилтгүй гэрээ” гэж өмнө нь тодорхойлж байсан. Хэдий тийм боловч гэрээний оролцогч талууд болох ОХУ, БНХАУ Ираны цөмийн хэлэлцээр үр дүнгээ өгч байгаа гэж үзэж байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Ерөнхийлөгч Дональд Трамп зөвхөн Ираны цөмийн хэлэлцээрт анхаарлаа хандуулаад зогсохгүй баллистик пуужингийн туршилт, бүс нутгийг тогтворгүй болгож байгаа тус улсын үйлдэл, терроризм, цахим халдлага, хориотой цөмийн хөтөлбөр гээд олон зүйлд төвлөрч байна. Тэрбээр эдгээр асуудлуудыг шийдвэрлэх өргөн хүрээний бодлого баримтлахыг зорьж байна” гэж мэдэгдсэн.

Харин энэ мэдэгдлийн дараа “Хэрвээ АНУ цаашид хориг арга хэмжээгээ чангатгавал Ойрхи дорнодын цэргийн баазууд эрсдэлд өртөнө” гэж Ираны зүгээс хариу мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй нэмэлт хориг арга хэмжээ авах АНУ-тай яриа хэлэлцээ хийх боломжийг үгүй хийнэ гэж Ираны армийн генерал Мухаммед Али Жафари мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани “2015 онд их гүрнүүдтэй байгуулсан хэлэлцээр тодорхой үр дүнд хүрсэн учраас хэн ч үүнийг буцааж чадахгүй. Хэрвээ АНУ цөмийн хэлэлцээрийн үүргээ зөрчвөл дэлхий дахин Ираныг биш, тус улсыг буруушаах болно” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *