Categories
гадаад мэдээ

Доналд Трамп, Хилари Клинтон нар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө гурван удаа мэтгэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлын явцад нийт гурван удаа мэтгэлцэнэ. Түүнчлэн Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэг удаа мэтгэлцэх юм.

Нэр дэвшигчдийн хамгийн эхний мэтгэлцээн Нью Йоркийн цагaaр есдүгээр сарын 26-ны 21 цаг буюу Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 27-ны өглөөний 9 цагаас явагдах гэж байна.

Мэтгэлцээн болох огноо

Байршил

Газар нутаг

Хөтлөгч

Эхний мэтгэлцээн

2016.09.26

Хофстра их сургууль

Хемпстид, Нью-Йорк

Лэстер Холт

Хоёрдахь мэтгэлцээн

2016.10.09

Вашингтоны их сургууль

Миссоури

Марта Раддац

Андерсон Күүпэр

Сүүлчийн мэтгэлцээн

2016.10.19

Невадагийн их сургууль

Парадайс, Невада

Крис Валлас

Эхний мэтгэлцээнээр яригдах асуудлыг мэтгэлцээн болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд дэлгэдэг уламжлалтай. Үүний дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн зохион байгуулах хорооноос өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт асуултуудыг ил болгосон.

Ерөнхийдөө мэтгэлцээн “Хөгжил цэцэглэлтэнд хэрхэн хүрэх”, “Америкийг хамгаалах”, “Америкийн удирдлага” зэрэг сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд хөтлөгчийн зүгээс тавих таван асуултыг дараах байдлаар гаргажээ:

1. Өөрөө явагч машинаас эхлээд рестораны мэдрэгчтэй дэлгэц бүхий бүхээгүүд бага багаар хүний байр суурийг эзэлсээр байна. Сая сая ажлын байрыг устгаж буй энэхүү үйл явцыг та яаж зогсоож чадах вэ?

Хэрэв автоматжуулалт цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал та ямар эдийн засгийн бодлого баримтлах вэ?

2. Орлогын тэгш бус байдал эдийн засгийн салбар дахь хамгийн их шүүмжлэл дагуулсан асуудал болж байна. Ядууралтай тэмцэх нь төрийн ёс суртахууны үүрэг гэдэгтэй бараг бүх хүн санал нийлнэ.

Гэвч цалингийн доод хэмжээ цагт 15 доллар болгоно гэх мэтээр тэгш байдлыг хангах нь үнэхээр төрийн хийх ёстой ажил мөн үү?

3. Биднийг энд мэтгэлцэж байхад АНУ-ын цэргүүд ISIS-ийн эсрэг болон Ливи, Сири, Иракийн газар нутагт хэдэн жилийн турш агаараас цохилт өгсөөр байна.

Бид Америкийн цэргүүдийг хор хөнөөлтэй эдгээр дайны талбар руу дахин илгээхээс өмнө Ойрхи Дорнодод илүү шийдмэг ялалт байгуулах төлөвлөгөө танд байна уу?

4. Өнгөрсөн 12 дугаар сард АНУ-д Сан Бернардиногийн халдлагаас эхлэн саяхны Манхэттэн, Нью Жерсигийн халдлага гэх мэт олон алан хядах ажиллагаа гарлаа. Америкчууд бид энэхүү жихадист алан хядлагын “шинэ хэм хэмжээнд” дасах ёстой юу, эсвэл танд улсын дотоодод бүрэлдэж буй алан хядагчдыг уг үндсээр нь устгах төлөвлөгөө байна уу?

5. Олон нийтийн санаа бодлын томоохон судалгааны үр дүнгээс харахад сонгогчдын олонхи нь улс орон буруу тийшээ яваад байна гэсэн бодолтой байгаа нь ажиглагддаг. Ерөнхийлөгч Обамагийн хамгийн том алдаа юу вэ? Үүнийг та яаж өөрчлөх вэ?

Эдгээр таван асуултаас харахад хамгийн сүүлчийн асуулт Доналд Трампад ашигтай тусч, Хиллари Клинтоныг хүнд байдалд оруулж болзошгүй байна. Учир нь өөрийн намын ерөнхийлөгчийн бодлогын хамгийн том алдааг нэрлэнэ гэдэг Хиллари Клинтоны хувьд сул тал болох юм. Нью-Йорк Таймсын өчигдрийн дугаарт нэр дэвшигчдийн эхний халз мэтгэлцээнийг улстөрийн бодлогын тухай ярихаасаа илүү нэгэн рүүгээ дайрсан, ширүүхэн үйл явдал болох талтай хэмээн бичжээ. Хиллари Клинтон халз мэтгэлцээний үеэр Доналд Трампын хэлсэн үгийг өөрийнх нь эсрэг ашиглана гэж дурдсанаас үзэхэд мэтгэлцээний уур амьсгал ширүүн байх төлөвтэй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *