Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль одоогоос 11 жилийн өмнө буюу 2012 онд батлагдаж байв.Уг хууль батлагдсанаар байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний журам, түүнийг хийх аргачлалыг боловсруулж дагалдуулж батлах ёстой байлаа.Гэвч өнгөрсөн 11 жилийн хугацаанд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх журам, аргачлалыг бий болгоогүйгээс иргэд, малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээс эхлээд олон эрх ноцтой зөрчигдөж ирсэн юм.
Тэгвэл саяхнаас Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн байгаль орчин,нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалыг салбарын яамнаас боловсруулж эхэлжээ. Байгаль орчин, нийгмийн нөлөөлөл гэж чухам юу болох, аргачлал боловсруулахад юуг анхаарах талаар антропологич, монголч эрдэмтэн Ариэль Ахэрнтай ярилцлаа.
Тэрээр Оксфордын их сургуулийн Газар зүйн сургуулийн багш, доктор бөгөөд 2006 оноос хойш Монгол орны малчид, уул уурхайн бүс нутгаар ажиллаж судалгаа хийж иржээ. Түүнээс гадна Ариэль Ахэрн нь Монгол Улсад эрдэс баялаг, түүний дэд бүтцийн салбарт байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх аргачлалыг боловсруулах ажлыг дэмжиж, зөвлөх баг байгуулан үнэлгээний аргачлалын төслийг боловсруулж ЗГХЭГ-т хүлээлгэн өгөөд байгаа ажээ.
-Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэж юуг хэлдэг юм бэ.Үүнийг олон улсад хэрхэн хэрэгжүүлдэг талаар та ярилцлагын эхэнд мэдээлэл өгөөч?
-Нийгмийн нөлөөллийн үнэлгээг бүхий л салбарт хийдэг.Ерөөсөө аливаа нэгэн төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө хийх ёстой хамгийн чухал үнэлгээ.Жишээ нь, би Улаанбаатар хотод анх 2003 онд ирж байлаа.Тэр үед өнөөдрийнх шиг өндөр байшин барилгууд, олон машингүй ч парктай, троллейбусаар явж болдог гоё байсан.Харин өнөөдрийн Улаанбаатар шал өөр болсон.Олон өндөр байшин барилга, машин техниктэй болжээ.Гэвч нөгөө талд агаарын бохирдол, зай талбай, хот төлөвлөлт үгүй болсон байна.Энэ бол хот суурин газрын жинхэнэ хөгжил биш.Нэг ёсондоо энэ олон байшин барилга, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийгээгүй, тооцооллыг гаргаагүйтэй холбоотой.
Хэрэв нэг том хотхон байгууллаа гэхэд тэнд орон зай ямар байх вэ, ногоон байгууламжаа яаж шийдэх вэ, хүүхэд тоглох, хөгшид нарлах талбай нь хаана байрлах вэ гэх мэтээр маш өргөн хүрээнд төлөвлөгөө хийх ёстой.Зөвхөн олон байшин барихдаа чухал биш.Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг бол нэг ёсондоо сайн төлөвлөгөөг хэлдэг.Тухайн төслийн оролцогч бүх талууд сэтгэл ханамжтай байх ёстой.Ийм л жишгээр гадны улс оронд аливаа төсөл хэрэгждэг.
-Нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийгээгүй тохиолдолд ямар үр дагавар үүсдэг юм бэ?
-Товчхоноор хэлбэл, талууд сэтгэл ханамжгүй үлдэх, түүнээс улбаалсан олон сөрөг үр дагавар бий болдог.Би 2006 оноос хойш малчид, уул уурхайн харилцаанд судалгаа хийж байгаа.Энэ судалгаанаас харахад уул уурхайн төслүүд нийгмийн нөлөөллийн үнэлгээг барагтаа хийдэггүй.Тиймээс ерөөсөө цөөн тооны чанартай төслүүд л байх нь зүйтэй гэж үздэг.Олон байх тусам нийгмийн нөлөөллийн асуудал нэмэгдэж, эрсдэл бий болгосоор л байна.Малчид, нөлөөлөлд өртөж байгаа иргэд ч ийм байр суурьтай байдаг юм билээ.Нийгмийн нөлөөллийг үнэлээгүйгээс үүдэж 20, 30 жилийн дараа ямар эрсдэл бий болохыг тооцдоггүй.Магадгүй ингээд том эрсдэл гарахад сумын захиргаа юу хийхээ мэддэггүй, аймгийн захиргаа юу хийхээ мэддэггүй, төв Засгийн газар ч ямар арга хэмжээ явуулахаа мэдэхгүй бултана.Үүнээс үүдээд иргэд ялангуяа алслагдсан нутгийн эрх мэдэл багатай иргэд хохирч үлдэх нь элбэг.2022 онд зургадугаар сарын 6-нд НҮБ-ын Хүний эрхийн хорооноос нэг тайлан гаргасан байдаг.Тэнд “Монгол Улс аливаа нэгэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ард иргэдээсээ, малчдаасаа санал авах хэрэгтэй” гэдгийг онцолсон байдаг.
Тиймээс нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийгээд эрсдэлтэй гэж үзвэл төслийн загвар, технологийг өөрчилж болдог.Түүнээс биш ерөөсөө ямар ч төсөл хэрэгжүүлж болохгүй гэсэн үг биш.Үнэлгээгээр байгалийн нөлөө, нийгмийн нөлөө их байж болно.Амьтны амьдардаг, идээшилж явдаг бэлчээр нутаг дээр зам барилаа гэхэд яаж тэр амьтанд ээлтэйгээр барьж болох вэ гэж төслийн загварыг байгаль, амьтанд ээлтэй болгож засварлах ёстой.Хотхон барилаа гэхэд заавал өндөр өндөр барилга барих шаардлагагүй, намхан барьж болно.Мэдээж ингэснээр зардал нэмэгдэж болно.Гол нь төсөл хэрэгжсэний дараа байгаль орчин нийгмийн эрсдэл бага.
-Нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх гол аргачлал, сэдэл нь юу байх ёстой юм бол.Магадгүй өнөөдөр манайд улс орны эрх ашиг том, чухал гээд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хөндөх явдал гардаг.Үүнийг аль аль талдаа сэтгэл ханамжтайгаар шийдвэрлэхийн тулд нийгмийн нөлөөллийн үнэлгээнд юуг анхаарах ёстой вэ?
-Тухайн бүс нутгийн хүмүүс, нөлөөлөлд өртөж байгаа хүмүүстэй ярилцах, саналыг нь сонсох, тэдний оролцоотойгоор үнэлгээ хийх явдал ерөөсөө нэг дугаарт хийгддэг.Ингэж чадвал төсөл ч амжилттай хэрэгжих үндэслэл болдог.Нэг сонирхолтой стастистик хэлье л дээ.Нийгмийн нөлөөллийн эрсдлийг урьдчилж тооцоолж бизнесийг тогтвортой хөгжилд нийцүүлж буй асуудлаарДэлхийн 194 улсаас Монгол Улс нэлээд хойгуур эрэмбэлэгддэг.Үүний нэг шалтгаан бол нийгмийн, байгалийн нөлөөллийг тооцдоггүйтэй холбоотой гэж зарим судлаачид онцолдог.Ингэхээр олон улсын хөрөнгө оруулалт орж ирэх урсгал багасдаг.Яагаад гэвэл Монгол Улсын Засгийн газар нийгмийн нөлөөлөлдөө анхаардаггүй юм байна гэж үздэг.
-Нэг талдаа гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болж чадахгүй нь тийм үү?
-Яг тийм.Монгол Улс нийгмийн нөлөөллөө хэр хангаж байна вэ гэдгийг гадныхан маш сайн ажиглаж хардаг.Үнэлгээ доогуур байвал хөрөнгө оруулалт хийхээс татгалздаг.Хүний эрхийг хангадаггүй, нийгмийн үнэлгээг хийхгүй байна гэж хардаг.Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг нэг ёсондоо тухайн улсын орны тэмдэг гэж хэлж болно.Хэрэв Монгол Улс үүнийг сайн хийдэг байвал нийгмийн хамгаалалдаа анхаарал тавьж байна гэдэг тэмдэг болох ёстой.Энэ нь улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд олон салбарт ач холбогдолтой үнэлгээ.
Магадгүй Улаанбаатарт ийм үнэлгээг хийгээгүй учраас өнөөдөр хүүхдийн парк байхгүй, орон сууцны хорооллуудад ахмадууд нарлах талбайгүй, цэцэрлэг сургууль байдаггүй, маш харамсалта.Тиймээс нөлөөлөлд өртөх хүмүүстэй сайн уулзаж, ярилцаж, ойлголцож явахыг л олон улсад жишиг болгодог.Жишээ нь, орон нутагт уул уурхайн төсөл хэрэгжих боллоо гэхэд тухайн компани нөлөөлөлд өртөх малчидтай цуг төлөвлөгөөгөө гаргаж болно.Малчид хөндөж болохгүй, чухал бэлчээр нутаг, тахилгатай уул усаа нэрлэж таарна шүү дээ.Тэднийг хүндэтгэх ёстой.Хэрэв тэгж ажиллаж чадвал талууд сэтгэл ханамжтай үлдэнэ.Магадгүй тэр төсөл илүү ч амжилттай болж болно.
-Гадаадын улс оронд нийгмийн нөлөөллийн үнэлгээг үлгэр жишээ хэрэгжүүлсэн кейс нэрлээч гэвэл та юу ярих вэ?
-Германд нүүрсний уурхайн төсөл хэрэгжих болсон байдаг.Уурхайн бүсэд томоохон тосгон байсан.Тиймээс тосгоны хүмүүстэй хэлэлцээр хийж эхэлсэн юм билээ.Тэнд мэдээж хүмүүс суурин амьдрал бий болгочихсон, өвөг дээдчүүлээ оршуулсан байгаа шүү дээ.Түүнд нь уурхайн төслийн баг маш хүндэтгэлтэй хандсан.Хэлэлцээр ч удаан үргэлжилсэн байдаг.Тэдгээр иргэдийг суурьшуулах шинэ тосгон ямар байх вэ, ямар загварыг бий болгох вэ гэж удаан ярилцсан.Ингээд тэр төсөл амжилттай хэрэгжсэн байдаг.
Гэвч бүх төслүүд амжилттай хэрэгждэггүй.Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой нэг статистик уншиж байлаа.Тэнд төслийн нөлөөллийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн иргэд өмнөх амьдралын түвшин, чанар ньүргэлж дорддог гэсэн судалгаа байдаг.Нэгэн үе Дэлхийн банк ч ийм төслийг хэрэгжүүлж байсан.Олон арван жилийн өмнө хэрэгжүүлж байсан төслүүд нь нөлөөлөлд өртсөн хүмүүсийн амьдралын чанар мууддаг.Тиймээс энэ тал дээр анхаарч, нийгмийн нөлөөллийн үнэлгээг төсөл хөтөлбөртөө тусгадаг болж ирсэн.
Одоо Англи, АНУ-д шал өөр төслийн загвар бий болж эхэлж байна.Жишээ нь, байшин, шинэ орон сууц, онгоцны буудал баригдлаа гэхэд байгальтай яаж тогтвортой байх вэ, байгалиа яаж хамгаалах, яаж дасан зохицох вэ гэж хардаг болсон байна.Өндөр байшин барихаа больж, намхан байшин дээр ногоон байгууламж бүтээдэг.Тэнд нь ан амьтад хүртэл амьдрах нөхцөлийг бий болгодог шинэ загварууд үүсч эхлээд байна.
-Сонирхолтой юм байна шүү?
-Тэгэлгүй яахав.Эцсийн бүлэгт энэ нь улс орны эрх ашигт чухал ач холбогдолтой.Нийгмийн нөлөөллийн үнэлгээг сайн хийдэг улс оронд хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулахдаа нэр төрийн хэрэг гэж үздэг.Эсрэгээр нь нийгмийн нөлөөллийг анхаардаггүй улс оронд аль нэгэн олон улсын том компани төсөл хэрэгжүүлбэл нэр төрд нь халтай, бизнест нь нөлөөлнө гэж үздэг болсон.
-Та байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалыг боловсруулахад Монгол Улсын төрийн байгууллагаас ямар алхам хийх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар нэг том алхам хийж чаджээ.Тэр бол Монгол Улсын Засгийн газраас 2023 оны эхэнд байгаль орчин, нийгмийн үнэлгээ хийх 58 дугаар тогтоолыг баталсан байна.Энэ бол маш чухал алхам болсон.Одоо аргачлалыг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам боловсруулж байгаа юм байна.Тус яам нь нийгмийн салбарыг бүхэлд нь хамрах боломжгүй.Тиймээс энэ ажилд байгаль орчин, нийгмийн салбар, иргэний нийгэм, уул уурхайн нөлөөллийн бүсийнхэн, хөрөнгө оруулагчид гээд бүх талуудын оролцоотой өргөн хэлэлцэж батлах ёстой.Тэгвэл хүссэн үр дүндээ хүрч чадна.