Categories
мэдээ нийгэм

До.Ганболдыг улсад онц их хэмжээний хохирол учруулж, төмрийн хүдрийг БНХАУ-ын компанид хямд үнээр нийлүүлсэн гэх хэргээр саатуулжээ

Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг энэ сарын 7-8-нд шилжих шөнө АТГ-аас баривчилжээ. Түүнийг улсад онц их хэмжээний хохирол учруулж, БНХАУ-ын компаниас их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаа аж. Монголросцветмет ХХК нь манай улсын хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх зэргийн компани.

Харин дэлхийн түвшинд БНХАУ, Мексик, ӨАБНУ зэрэг орнуудын дараа буюу дөрөвдүгээр байрт явдаг. Дэлхийн зах зээл дээр хүчлийн болон металлургийн зориулалтын хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг гэдгээр нь андахгүй. Хайгуул болон ашиглалт явуулах 36 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа компани юм. Компанийн хувь нийлүүлэх өмчийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит “Ростек” корпораци эзэмшдэг.

До.Ганболдыг ямар хэрэгт саатуулан шалгаж байгаа талаар эх сурвалжуудаас тодрууллаа. Бидэнд олдсон мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сард Үндэсний аудитын газраас тус компанид шалгалт хийсэн байна. Шалгалтаар 78 тэрбум төгрөгийн өртэй байгаа талаар ноцтой зөрчил илэрчээ. Үндэсний аудитын газраас санхүүгийн бичиг баримт, гэрээ хэлэлцээр, олборлож байгаа хайлуур жонш, төмрийн хүдрийг хэдэн төгрөгөөр хэнд, хааш нь худалдаалж байгаа талаар шалгалт хийжээ. Улмаар Аудитын шалгалтаар дахин эрсдлийн хяналт шалгалтыг хийж, 78 тэрбум төгрөгийн өртэй гарсан нь удирдлагуудын буруутай үйлдлээс болсон байна гэх дүгнэлт гаргаж, хууль хяналтын байгууллага цаашид үргэлжлүүлэн шалгах ёстой хэмээн үзэж АТГ-т асуудлыг хүргүүлсэн байна. АТГ-аас “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирал До.Ганболд нь хилээр их хэмжээний төмрийн хүдрийг холбогдох байгууллагын тогтоосон ханшаас бага үнээр гаргаж их хэмжээний ашиг хувьдаа олж байгааг тогтоосон байдаг. Тухайлбал, 2015 оны дундуур До.Ганболд нь Монросцветмент ХХК-ийн Ерөнхий захирлын ажлыг хүлээн авсан байдаг. Албан тушаалд томилогдсоныхоо дараа дэд захирал, удирдах албан тушаалтнуудынхаа хамт БНХАУ-ын компанитай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ хийсэн байна. Ингэхдээ дэлхийн зах зээлийн үнээс хэт бага үнээр төмрийн хүдэр нийлүүлэх гэрээг хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, улсын хөрөнгийг үр ашиггүй зарж үнэгүйдүүлж, компанийг өрөнд оруулжээ. АТГ энэ сэжүүрээс эхлэн хэргийг шалгасан байдаг аж.

Төмрийн хүдрийг хаана ч худалдаалсан 68.50 ам долларын үнэ ханштай байгаа гэнэ. Гэтэл дэлхийн зах зээлд дөрөвдүгээрт бичигдэж байгаа сайн чанарын төмрийн хүдрийг дээрх үнээс хэд дахин бага үнээр борлуулах гэрээ хийсэн нь цаанаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй. Мөн үүний цаана авлига хээл хахуулийн асуудал байх магадлалтайг нягталжээ.

Түүнчлэн Монросцветмент ХХК-ийн ерөнхий захирал До.Ганболд БНХАУ-ын компанитай 2016-2020 оны хооронд тус компанийн эзэмшлийн Баргилтын уурхайгаас олборлох Төмрийн хүдрийг худалдах гэрээ хийсэн байдаг аж. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн алба хаагчдаас тодруулахад “ До.Ганболдын гэр бүлийн хүний дансаар маш их хэмжээний мөнгө орж гарсан байдаг. БНХАУ-ын нэр бүхий компани До.Ганболдын эхнэрийн хувийн данс руу хэд хэдэн удаа их хэмжээний мөнгөн шилжүүлэг хийсэн нь тогтоогдсон” гэсэн юм.

ДО.ГАНБОЛД ГЭЖ ХЭН БЭ

До.Ганболд нь 1996-2000 оны үед Ардчилсан холбоо эвсэл Засгийн газрын эрх мэдлийг атгаж байхад “Элсний 13” гэгчийг үүсгэж байсан нэгэн. “Соус говь сэндс” хэмээх Канадын хөрөнгө оруулалттай Өмнөговь болон хэд хэдэн аймагт нүүрс гэх мэт ашигт малтмалын томоохон ордыг эзэмшдэг компанитай нэр холбогдож явсан юм. 1992 онд Улсын бага хурлын гишүүн, Монголын Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Монголын Үндэсний Ардчилсан намын дэд дарга гэсэн томоохон албан тушаал хашиж явсан нэгэн.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *