Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Онлайн худалдаа эрхлэгчид “Хил дээр бараа гацсанаас болж үйлчлүүлэгчдээ алдаж байна” гэв

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авах хандлага давамгайлах болсон билээ. Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдлыг тодруулахаар онлайн худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчидтэй холбогдлоо.


Цахим худалдаа эрхлэгч Б.Оюунсүх:

-Хөл хорионы үед онлайн худалдаа эрхлэхэд ямар асуудлууд тулгарч байна. Захиалсан хугацаанд бараагаа хүргэж чадаж байна уу?

-Миний хувьд 2018 оны долдугаар сараас эхлээд Турк барааг онлайнаар буюу лайв хэлбэрээр борлуулж эхэлсэн. Саяхан миний лайв хийхдээ захиалагчдын асуултанд хариулж байгаа богино бичлэг цахим орчинд явж, олон хүмүүс намайг хайж, холбогдсон. Онлайн худалдаа бэлэн дэлгүүрээс ялгаатай нь бараагаа харуулна, тайлбарлана, утасны цаанаас гарт нь бариулсан мэт мэдрүүлэх хэрэгтэй болдог. Ачаа тээврийн хувьд коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж хэдэн сараар гацах тохиолдол гарч байна.

-Хүмүүс цахим худалдааны соёлд хэр суралцаж байна?

-Анх цахим хэлбэрээр худалдаа явуулахад хүмүүс ойлгохгүй байх хүндрэлүүд байсан. Ялангуяа гүйлгээний утгаа зөв бичих тал дээр манайхан соёлд суралцаагүй байсан. Онлайнаар худалдаа хийхэд фейсбүүк нэр, утасны дугаар маш чухал байдаг учраас гүйлгээний утгаа зөв бичих хэрэгтэй байдаг.

-Цахимаар худалдаа эрхлэхэд ямар нийтлэг асуудлууд тулгардаг вэ. Олонх хүмүүс амар хялбараар төсөөлдөг?

-Хүмүүсийн нүдээр хялбархан харагддаг боловч цаана нь асар их ажил явагддаг. Би Монголд ес, Турк улсад гурван ажилтан цалинжуулж ажиллуулахын хажуугаар, өндөр түрээстэй агуулах түрээслэдэг. Эдгээр урсгал зардлуудыг гаргадаг ч хүмүүсийн захиалж буй барааны үндсэн үнэ дээр нь 5000 төгрөг л нэмдэг. Бараануудаа ялгана, ангилна, бооно, явуулна, хүргэж өгнө гэх мэт олон дамжлагууд ард нь явагддаг шүү. Мөн бараа ирэх дамжлагыг илүү хөнгөвчлөх үүднээс өөрийнхөө нэр дээр бар кодны системийг худалдаж авч, нэвтрүүлж эхэллээ. Энэ нь ирсэн, явсан барааг дамжлагын явцад гар ажиллагаа орохгүйгээр бичиж, цаг тухайд нь байршлийг нь мэдээллэж, бүртгэлжүүлж байна гэсэн үг.

-Цахимаар худалдан авалт хийж буй хүмүүс голчлон юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Иргэд хамгийн түрүүнд өөрийнхөө размерыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Улс болгоны хувцасны размер, хэмжээс өөр гэдгийг анхаарах хэрэгтэй.

Цахим худалдаа эрхлэгч С.Солонго:

-Захиалга таг зогссон. Карго ирэхгүй хоёр сар болохоор ямар хүн хүлээх билээ. Бөөн уур бухимдлаар булуулан байж, захиалгаа цуцална. Дараа нь удаж удаж ирсэн бараа нь түгжигдээд гэрт хэвтэх жишээтэй. Ийм болохоор одоогоор зогсоосон. Удахгүй сайхан болох болов уу гэж найдаж л байна.

Цахим худалдаа эрхлэгч Б.Бямбацэцэг:

-Одоо эдийн засаг хямарчихсан байгаа болохоор онлайн шопийн захиалга маш бага байна. Энгийн үеэсээ 2-3 дахин багассан. Хил, гааль цаг үеэс хамаарч байнга хаагдаж байгаагаас болоод XI сард захиалсан бараа нэгдүгээр сард ирэх жишээтэй. Үүнээс болж захиалагчид бухимдах, үл ойлголцох асуудал маш их гарч байна. Захиалсан бараа нь ирэхгүй болохоор зарим хүмүүс луйвардаж байна гэж боддог. Хүмүүс нэг үеэ бодоход цахимаар худалдан авалт хийх тал дээр мэдлэгтэй, соёлтой болсон. Анхлан бараа захиалж байгаа хүмүүс л хугацаа нь болоогүй байхад өдөр болгон залгах гээд байдаг. Тиймээс урдаас захиалсан бараа багадаа 7-14 хонодог гэдгийг ойлгож , хүлээж аваасай гэж хүсдэг.

Цахим худалдаа эрхлэгч Б.Амрида:

-Халдварт өвчин гарснаас хойш захиалгууд маш их буурсан. Миний бодлоор үүнд 3 зүйл нөлөөлж байгаа. Энэ нь хувиараа бизнес эрхлэгчдэд хөл хорионы улмаас бараагаа борлуулж эргэлтэнд орох мөнгөгүй болж, иргэд санхүүгийн чадамж буурч ихэнх хүмүүс ажилгүй болж байгаатай холбоотой. Түүнчлэн захиалгууд ирэх хугацаа удааширч, захиалгын хайрцаг сав, баглаа боодлоор дамжин халдвар тархах эрсдэлтэй болсноос тэр болов уу. Төр засгийн болон УОК-ийн шийдвэр хоорондоо зөрдөг. Үүнээс болж хил гэнэт хаагдаж, бидний жижигхэн бизнест томоохон эрсдэл авчирдаг. Шинэ жилийн бараа 1.5 сая төгрөгөөр захисан ч баярын дараа ирэхээр борлуулж чадахгүй хэнд ч хэрэггүй болно шүү дээ. Тиймээс карго, тээвэрлэлтийн асуудлыг тодорхой болгомоор байна.

Онлайн дэлгүүрийн үйлчлүүлэгч Ч.Ганди:

-Цар тахал гарснаас хойш захиалсан бараагаа дор хаяж сарын дараа хүлээж авч байна. Удаж ирж байгаа нь дэлгүүрүүд, каргоны буруу гэхээсээ илүү хил гаальтай холбоотой учраас тэвчээртэй хүлээж байгаа. Онлайнаар захиалга хийхийн давуу талууд нь хүссэн бараагаа хайгаад, нэмүү өртөггүй Монголд байгаагаас хямдхан үнээр авах боломжтой байдаг. Ихэнх хүмүүс онлайн дэлгүүрээр дамжуулахгүйгээр “taobao” аппликейшнийг өөрсдөө ашиглаж сурснаар зөвхөн каргоны зардлаа гаргаад, өөрсдөө захидаг шинэ соёл нэвтэрч байгаа. Яваандаа коронавирус намдахаар онлайн худалдаа эргээд хэвийн байдалдаа орох байх гэж найдаж байна.

Онлайн дэлгүүрийн үйлчлүүлэгч Г.Гантуяа:

Америкаас бараа захиалаад авч чадахгүй 2 сар болж байна. Өвлийн хувцаснууд, улирлын чанартай бараанууд захисан байсан ч улирал нь дуусахад авч таарах нь. Цахимаар юм худалдаж авах нь сонголт сайтай, хямд байдаг боловч зураг шигээ ирэхгүй байх, материал муу байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс захиалга хийхдээ тухайн дэлгүүр хэр баталгаатай вэ, барааных нь бодит зураг байна уу, хэр олон хүн захиалсан бэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм билээ.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *