Categories
мэдээ цаг-үе

​DNN-ТОДРУУЛГА: Малчид ярьж байна


Хатуу хөл хориотой байгаа энэ үед малчдын ахуй амьдрал, өвөлжилт, цагийн байдал ямар байгааг тодрууллаа.

Дорнод аймгийн Баян сумын Баяндун хайрхан багийн иргэн Д.Батхүү: Манай сумын хувьд 900 гаруй өрх 3100 орчим хүн амтай. Өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдсан. Одоогоор цаг агаар дулаан, цас ороогүй. Хөл хорионы хувьд өрхийн орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Өвчлөл гараагүй аймгуудад хатуу хөл хорионы дэглэмийг сулруулж байгаа гэж сонссон. Гэвч манай сумын удирдлагууд өнөөдөр сумаас баг руу орж, гарах хөдөлгөөний хорих шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр өвс, хадлан тэжээл, өвлийн идшээ бэлтгэх цагаар энэ шийдвэр малчдад хүнд тусч байх шиг байна. Иргэд их л гомдол тавьж байна. Миний бие хөдөө аж ахуй, мал үржүүлгийн чиглэлээр ажилладаг хүний хувьд гарч, орох хөдөлгөөн хорьсон учраас төл малаа хашаа хороо руу зөөх, тэжээлд оруулах зэрэг өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой ажлуудад багахан хүндрэл үүсч байна.

Дундговь аймгийн Адаацаг сумын малчин Э.Энхбаяр: Өвөлжилт хаана ч хүнд байгаа. Ялангуяа Дундговь аймгийн хэд хэдэн сумдад өвөлжилт нэлээд хүндэрсэн. Ер нь зуншлага тааруу, хур бороо бага орсон учраас малын тарга тэвээрэг тааруу л байна. Манайх нутаг сэлгээд Төв аймгийн Баянцагаан суманд нүүгээд ирсэн. Хороо хот муу учир айлын бууц бараадаад л явж байна даа. Сая цас их орсон. Дахиад нэмээд орвол малчид маань хэцүүдэх л байх. Тэгээд нүүхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ өвөл их хүнд байж магадгүй. Тиймээс өвс тэжээлээ эртнээс бэлдэнэ гэж бодож байна.

Увс аймгийн Тэс сумын малчин С.Балжинням: Өвөлжилтийн бэлтгэл болгож 500 боодол өвс, гурван Портер өвс, 80 шуудай тэжээл бэлтгэсэн. Энэ жил өвс тааруу гарсан болохоор бэлчээр муу байсан. Тиймээс эртнээс малаа тэжээсэн тул толгой өвдөх зүйл алга. Манай мал гуравдугаар сарын 20-ноос төллөнө. Зун сайхан болсон боловч ойрын хэдэн жил ороогүй их хэмжээний цас намрын сард орлоо. Өвөл дөнгөж эхэлж байна. Ахиу цас орвол ажил улам л ихэднэ дээ.

Баянхонгор аймгийн Байдраг сумын 2-р багийн иргэн Д.Төгсгэрэл: Цас их хэмжээгээр орж, цасан бүрхүүл тогтсон учир өвөлжилтийн байдал маш хүнд байна. Түлш, түлээний хомсдол үүсч эхэллээ. Хөл хорио тогтоосон болохоор суманд хөл хөдөлгөөн байхгүй сумыниргэд бүгд гэр гэртээ байгаа. Хэдийгээр манайд өвчлөл бүртгэгдээгүй ч хөдөөнөөс сумын төв рүү орж ирэх иргэдийг 3 цагийн хугацаатай нэвтрэхийг зөвшөөрсөн. Хөдөөний малчид хүнсээ цуглуулах, түүхий эдээ худалдаалах зорилгоор төв орохдоо 3 цагаас хэтрэх юм бол буцаж гарах боломжгүй гэсэн үг. Аймгийн төвд банк, эмнэлэг, хүнсний дэлгүүрүүд зөвхөн ажиллаж байна. Миний хувьд сургуулийн насны ачтайгаа цуг байдаг. Энд гардаг арваадхан сувгийн хэдэн цагт аль сувгаар нь теле хичээл гарч байгаа нь тодорхойгүй учраас хүүхдийн хичээл давтуулахад асуудалтай байна.

Ховд аймгийн Ховд сумын иргэн Б.Буянхишиг: Хувиараа жижиг бизнес хийдэг хүмүүст их хэцүү байгаа. Зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоосон учраас одоогоор гэртээ байна. Хорионы дэглэмээ багахан сулруулаад хувиараа юм хийдэг хүмүүсээ дэмжээсэй гэж хүсч байна. Манайд тохиолдол илрээгүй болохоор Ховд хотын хувьд иргэдийн амьдрал хэвийн үргэлжилж байгаа. Хөл хөдөлгөөн хумигдаад таг зогссон зүйл байхгүй. Дэлгүүрт маск зүүж үйлчлүүлж байгаа ч зай барих тал дээр учир дутагдалтай байна.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин М.Жанлав: Манайх одоогоор Гурвансайхан суманд өвөлжиж байна. Нутагт маань зуншлага муу байсан болохоор нутаг сэлгэж нүүхээс өөр гарцгүй байлаа. Намар гайгүй бороо ороод ногоо соёолж байтал шороо шуураад хөрс эргүүлчихсэн. Энэ зун зуншлага үзээгүй болохоор мал их туранхай байгаа. Тэгээд л 300 км нүүгээд энд ирсэн дээ. Бог малдаа бол боломжийн өвөлжихөд тун дажгүй. Харин адуу л тогтохоо байлаа. Адуугаа оторлуулахаас өөр аргагүй л болж байх шиг байна. Өвс тэжээлийн хувьд ахиухан шиг л авна даа.

Увс аймгийн Тэс сумын иргэн Н.Азбаяр: Цаг агаарын хувьд дулаахан сайхан өвөл болж байна. Нэгдүгээр сард манай аймгийн нутгаар цас их орно гэсэн төлөв бий. Тиймээс өвөлжилтийнхөө бэлтгэлд онцгой анхаарч хадлан тэжээлээс гадна, худаг, малын дулаан хашаа саравчаа эртнээс бэлтгэж авсан. Манай мал тарга тэвээрэг сайн орсон тул мал муудах, хорогдлоос айхгүй байна.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Т.Дэлгэр: Сүхбаатар аймгийн хувьд иргэд маскаа зүүж, халдвар хамгаалалтын дэглэмийг сайн сахиж байгаа. Автомашины хөдөлгөөн, зах, худалдааны төвийн үйл ажиллагааг хорьж, зөвхөн хүнсний дэлгүүрүүд өглөө 8:00-22:00 цагийн хооронд ажиллана. Цас, хур тунадас орсон ч цаг агаар ерөнхийдөө дулаан байна. Олноор нь нэг дор байлгахгүй, гадуур зорчих иргэд цөөхөн, гудамж талбай эл хуль. Аймгийн удирдлагууд хөл хориог сайн мөрдүүлж ажиллаж байгаа гэж иргэд дүгнэж байгаа.

Дундговь аймгийн Өлзийт сумын малчин Н.Рагчаа: Саяхан цас их орсон. Ерөнхийдөө өвөлжилт тааруухан л байна даа. Хэдэн малаа цөөлдөг ч юм уу гэж бодож сууна. Хөл хорио гээд өвс тэжээл авахад бас л хүндхэн тусах юм шиг байна. Ам бүл цөөхүүлээ болохоор олон малын хэрэг алга шив дээ. Орон нутгийн төлөөллөөс малчдаа дэмжиж ажиллавал мөн зүгээр л гэж бодож байна.

Увс аймгийн Тэс сумыниргэн Д.Давааням: Манай суманд энэ өвөл цас ихтэй, өмнөх жилүүдтэй харьцуулбал хүйтний эрч жаахан илүү байгааг эс тооцвол өвөлжилт гайгүй сайхан болж өнгөрөх төлөвтэй байна. Малчин хүн хүрэлцээтэй хэмжээний өвс тэжээлээ бэлдэх ёстой. Хашаа хороогоо дулаалах хэрэгтэй. Үнэхээр өвс тэжээл хүрэлцээгүй болсон нөхцөлд аймаг, сумаас тусламж үзүүлдэг. Малчид бид жилээс жилд улам хал үзэж, хашир суусаар байгаа. Зарим газартаа ахиу цас орно гэсэн мэдээлэл байгаа. Олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ гэж жил болгон л ярьдаг. Иймэрхүү байдлаар байгаад байвал өвөлжилт нэг их хүндрэхгүй байх. Тэгээд ч манай нутаг эрс тэс уур амьсгалтай өвөлдөөхасах 40 хэм хүрдэг дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *