Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Говь-Алтай аймгийн иргэд нутагт нь Цагаан сарын барилдаан зохион байгуулахыг дэмжихгүй байна

Цар тахалтай холбогдуулан Сар шинийн бөхийн барилдааныг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжгүй гэж Улсын Онцгой комисс үзсэн. Харин МҮБХ-ноос Говь-Алтай аймагт зохион байгуулах саналыг хүргэж Нийслэлийн Онцгой комисс дэмжсэн юм.

Тиймээс “Dnn-Тодруулга” буланд Говь-Алтай аймгийн иргэдийн үзэл бодлыг сонслоо.


Говь-Алтай аймгийн “Оргил” багийн иргэн М.Оюунчимэг:

-Өвчний голомттой газраас бөөнөөрөө онгоцонд суугаад ирж барилдана гэнэ. Харин эцэг эх, өвөө, эмээ дээрээ машинтай очоод золгож олохгүй гэнэ. Энэ тэгээд зөв шийдвэр үү. Халууцаж, хөлөрсөн бөхчүүд хэдэн цагаар барилдана. Яагаад заавал Говь-Алтай аймгийг онцлох болов. Бөхийн холбооноос их л мөнгө гарч байгаа гэж бодож байна. Цагаан сарыг хийхгүй гэчихээд бөх барилдана гэж утгагүй зүйл ярих юм. Улсын Онцгой комисс нь нэг шийдвэр гаргахад түүний эсрэг шийдлийг Нийслэлийн Онцгой комисс гаргадаг. Жирийн иргэд нь эх орондоо ирж чадахгүй харийн нутагт гацчихаад байхад бөхчүүд нь энд онгоцоор явж барилдана гэдэг нь ямар учиртай юм бэ. Миний хувьд үүнийг эсэргүүцэж байгаа. Худал хуурмаг допингтой бөхчүүд л ирэх биз.

Говь-Алтай аймгийн “Жаргалант” багийн иргэн Н.Батцэнгэл:

-Зөв шийдвэр байна. Харин зохион байгуулалтын хувьд нарийн дэг журмыг баримтлах ёстой. Халдвар хамгааллын дэглэмийг сайн бариад явчихна. Үүнийгээ МҮБХ өөрөө хариуцна гэсэн. Үндэсний баяр учир аль ч үед тэмдэглэдэг байх ёстой болов уу. Ингэж байж бид бахархах өв соёлтой үлдэж цааш дэлгэрүүлэх болно. Ер нь нийслэлд барилдуулах ёсгүй шүү дээ. Жил болгон өөр өөр аймагт зохион байгуулж болмоор санагддаг.

Говь-Алтай аймгийн “Индэрт” багийн иргэн Д.Цэрэнбат:

-Заавал бөх барилдах хэрэгтэй байдаг юм уу даа. Голомттой бүсээс баахан хүн ирнэ. Бүхэл бүтэн нэг аймгийг эрсдэлд оруулан барилдаан зохион байгуулах ямар хэрэг байна. Бөхчүүд зүгээр сууж чадахгүй байгаа бол Цагаан сарын үеэр эргүүлд гар. Болсон болоогүй бүгд офицерууд юм байна лээ. Допингтой бөхөөр яахав дээ. Тэр мөнгө төгрөгөө хэмнээд өөр зүйлд зарцуулбал болно. Дэмий юм төлөвлөж аймгийн ард иргэдийг эрсдэлд оруулахаа болиорой. Амбиц хөөж нэр нөлөө олох дэмийгээс дэмий оролдлогууд энэ үед л лав биш шүү.

Говь-Алтай аймгийн “Түмэн” багийн иргэн Ц.Отгонбат:

-Бөхчүүдээс PCR шинжилгээ аваад манай аймагт барилдуулбал болмоор санагдсан. Монгол эрчүүдийн Цагаан сараар ганц шимтэн үздэг барилдаан шүү дээ. Хорионы үеэр үзэх юмтай ахмадуудад маань сайхан л байх. Тэртээ тэргүй олон улсад ч шинжилгээ аваад тэмцээн зохион байгуулж байгаа. Цагаан сараар ядаж телевизээрээ бөхөө үзээд байж байвал зүгээр санагдах юм. Урлаг соёлынхон үзэгчгүй цахим тоглолт хийж болж байгаа. Гол нь бөхчүүд нь өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ бариад халдвар бүртгэгдээгүй газар голомт гаргачихгүй нэг газраа барилдчихаад явбал болохгүй үйл гэж байхгүй байх.

Говь-Алтай аймгийн “Жимст” багийн иргэн Д.Базарсад :

-Манай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахыг яагаад ч дэмжихгүй байна. Энэ хүнд хэцүү цаг үед найр, наадам зохиох нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох ёстой. Өөрийгөө, үр хүүхдээ эрсдэлд оруулан байж тэрийг үзээд суух хүн ч байхгүй байх. Улаанбаатар хотоос шинжилгээнд хамрагдаад бөхчүүд нь ирлээ гэхэд аймгийн иргэдтэй холилдож л таарна. Ямар нэг алдаа гарвал жижиг, хүн ам цөөтэй аймгийн иргэд, тэр тусмаа худалдаа, бизнес эрхэлдэг хүмүүс хэцүү байдалд орно. “Дайны хажуугаар дажин” гэдэг шиг заавал яагаад тахлын дэгдэлтийн үед энэ олон хүнийг эрсдэлд оруулах гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна. Миний хувьд биллиард клуб ажиллуулдаг. Саяхнаас хөл хорио сулраад үйл ажиллагаа нээсэн ч иргэдийн санхүүгийн чадамж муу байна. Иргэд эрсдэл үүсэх вий гэж болгоомжилж байна. Хүмүүс өр зээлтэй, худалдан авах чадвар муудаж байхад алдаа гарвал ард иргэд л балгийг нь үүрнэ.

Говь-Алтай аймгийн “Оргил” багийн иргэн Ш.Батцэцэг :

-Манай аймгийн иргэд бөхийн барилдаан зохиохыг нийтээрээ дэмжихгүй байгаа. Коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Дээр нь өвөлжилт маш хүнд байгаа. Түүнд зарцуулах мөнгөөрөө хөдөө мал дээр байгаа иргэддээ туслах хэрэгтэй шүү дээ. Халдвараа хумьсан гэж үзээд тайван байгаа мэт боловч зуданд хамаг малаа алдаж байгаа олон хүн бий. Ганц жил барилдаан болохгүй байлаа гээд хэн ч хохирохгүй. Байдал хүнд байхад их мөнгөөр тийм хэрэггүй юм хийх ямар шаардлага байна уу. Ерөөсөө дэмжиж байгаа хүн байхгүй ээ. Засаг дарга л бөхөд дуртай болохоороо хийнэ гээд зүтгээд байгаа юм.

www.admin.dnn.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *