Categories
мэдээ улс-төр

Монгол, Шведийн дипломат харилцааны 50 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн ёслолын арга хэмжээ 5 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд боллоо.
Уг арга хэмжээг Гадаад харилцааны сайд Л.Болд нээж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын Швед, Монголын парламентын бүлгийн дарга Ё.Отгонбаяр нар оролцов. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгуулагуудын тэргүүн нар болон Шведийн Вант Улсын Өргөмжит консул зэрэг хүмүүс оролцов.
Сайд Л.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ сүүлийн хагас зуун жил Монгол, Шведийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалууд харилцан амжилттай хэрэгжиж байгааг дурдан хоёр орны хооронд эрчим хүч, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Түүнчлэн Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ларс Фреден Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд Шведийн Вант Улсад хийсэн албан ёсны айлчлал нь Монгол, Швед Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж, харилцааны үндсийг бэхжүүлсэн түүхэн ач холбогдолтой айлчлал болсныг онцлов.
Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд 1964 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.


Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Ларс Фреденийг  хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Сайд Л.Болд энэ жил Швед Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Хааны гэр бүлийн гишүүд Монгол Улсад айлчлах урилгатайг нотолж, хоёр тал улс төр, эдийн засаг, эрчим хүч, уул уурхайн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын комисс байгуулах талаар хоёр тал санал солилцож, энэ асуудлыг судалж хамтын ажиллагааны тодорхой чиглээлээр ажиллах Засгийн газар хоорондын комисс байгуулах нь зүйтэйг тэмдэглэв.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *