Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

“Discover Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадоржийн гэргий М.Золжаргал Сингапур Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний гэр бүлүүдэд зориулан Монгол Улсын түүх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын талаар сурталчилан таниулахыг зорьж 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдөр “Discover Mongolia” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Т.Лхагвадорж “Discover Mongolia” сэдэвт Монгол руу хэрхэн аялах, аялалын хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, aялалын маршрут зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавив.

Түүнчлэн Монголын үзэсгэлэнт байгаль, түүхэн нутаг дэвсгэрээр 20 гаруй удаа олон тооны жуулчидтай хамт аялсан Сингапурын иргэн Скотт Тай-ыг тусгай зочноор урьж, Монголын өнцөг булан бүрээр аялсан сэтгэгдлээс нь зочид төлөөлөгчидтэй хуваалцав. Тэрбээр хэлэхдээ, энэхүү аялал нь соёл иргэншил, хүмүүсийн амьдрал болоод газар нутгийн талаарх жинхэнэ туршлага болон үлдсэн талаар онцолсон юм. Хүрэлцэн ирсэн 30 орчим орны төлөөлөгчид эрт цагаас улбаатай арвин баян түүхтэй Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтад, тал нутаг, түүх соёлыг шагшин магтсан төдийгүй Монгол орноор аялах ихээхэн хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Мөн Дипломат корпуст зориулсан тухайн арга хэмжээний үеэр Сингапур дахь Элчин сайдын яамнаас санаачлан “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн фото зургийн үзэсгэлэн гаргаж Монголын аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, биет болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг олон нийтэд сонирхууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *