ДГХБО-д зориулсан судалгаа хийх, бодлогын зөвлөмж гаргах зорилготой, Монгол Улсад төвтэй засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч 2006 онд гаргаж, 2009 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблэйгаар ОУСТ-ийг Улаанбаатар хотод байгуулах тухай A/RES/64/214 тоот тогтоолыг батлуулан 2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус төвийн шавыг тавьсан.
Монгол Улс ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээрийн төслийг боловсруулан 2010 оны ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын хурлаар батлуулсан. Уг oлон талт хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн дагуу 10 ДГХБО тус хэлэлцээрт нэгдсэнээр хэлэлцээр хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд Монгол Улс 2011 онд, Лаос 2012 онд, Армени 2012 онд, Афганистан 2013 онд, Казахстан 2015 онд, Буркина Фасо болон Парагвай 2016 онд, Кыргыз, Тажикистан болон Балба Улс 2017 онд тус тус дээрх хэлэлцээрт нэгдэж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох эрх зүйн нөхцөл бүрдсэн болно.
Олон талт хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 1-д “Энэхүү Хэлэлцээр нь түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн эсхүл нэгдэн орсон тухай арав дахь батламж бичгийг эх хадгалагчид хадгалуулсан өдрөөс хойш 60 дахь өдөр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу тус хэлэлцээр нь 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр боллоо.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан ДГХБО-ын ОУСТ-өөс НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн албатай хамтран хэвлэлийн бага хурлыг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд зохион байгуулж, ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг албан ёсоор олон улсад зарлав.
Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фекитамоелоа Катоа Утоикаману, Монгол Улсын ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ДГХБО-ын ОУСТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр болон НҮБ дахь ДГХБО-ын Бүлгийн дарга Замби Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч Лазароус Капамбве нар оролцож үг хэллээ.