Categories
мэдээ нийгэм

Дэвшилтэд технологийг хөрөнгө оруулалттай холбосон “Экспо Монголиа-2018”-д болж байна

“Экспо Монголиа-2018” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ өдрүүдэд “Мишээл экспо” төв “Дэвшилтэд технологи ба хөрөнгө оруулалт” сэдвийн дор үргэлжилж байна. Өнөө жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй экспог Монгол Улсын Засгийн газар, Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, тус улсын Хүнд машин, механизмын үйлдвэрлэгчдийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

“Экспо Монголиа-2018” үзэсгэлэнд Чех, Герман, Итали, БНСУ, БНХАУ зэрэг 10 гаруй орны 50 гаруй үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа аж. Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгэмийн дэд дарга Л.Болд, Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин сайд Штефан Даппель нар хүрэлцэн ирж, нээлтийн тууз хайчилж, энэ удаагийн үзэсгэлэн-худалдаа олон талын харилцааг өргөжүүлсэн, Монгол дахь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй байхыг оролцогчдод хүслээ.

“Экспо Монголиа-2018”-ийн үеэр БНЧУ-ын Үйлдвэр-худалдааны яамны дэд сайд Эдуард Мирикийн манай улсад хийх айлчлал тохиож, тус улсаас “Чех Экспорт” банк, “ХАНЗА”, “Оспро”, “Ураниум индастри”, “ВИТА”, “ЗИМА техник”, “Ворренс”, “Арго Бохемиа” зэрэг тус улсын томоохон, нэр бүхий 13 компанийн төлөөлөл бүхий бизнесийн групп ирж үзэсгэлэн, бага хуралд оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх “Экспо Монголиа-2018”-гийн эхний өдрийн үзэсгэлэнгийн дараа бизнес түншүүдийн уулзалт эхэллээ.

Өчигдөр “Кемпински” зочид буудалд “Оюутолгой”, “Говь кашмер”, “Вагнер Ази” компанийн удирдлага оролцсон эдийн засгийн уулзалт “Монгол дахь бизнесийн хамтын ажиллагаа” нэрийн дор болов. Харин өнөөдөр “Экспо Монголиа-2018”-гийн хүрээнд бизнесийн бага хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар үзэсгэлэндд оролцогч гадаадын компаниудын төлөөлөлд танилцуулж, БХБЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ болон Монголын Барилгачдын холбооноос мөн салбар салбарын танилцуулга, ЖДҮ-гийн талаар төрөөс баримталж буй бодлого зэрэг сэдвээр илтгэл тавина.

Энэхүү үзэсгэлэн бага хурал нь худалдан авалт хийгддэггүйгээрээ бусад үзсэглэнгээс онцлог ялгаатай. “Экспо Монголиа” бол гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг түншийн харилцаа тогтоож, үйл ажиллагааг нь өргөжүүлэх гүүр нь болсоор ирсэн байна. Дэлхий дахинд нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг Монголын хөрсөнд нутагшуулахад чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээ нь манай бизнесийнхэнд том боломж олгосоор иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *