Categories
мэдээ цаг-үе

Дэргэдээ хүлэмжтэй цэцэрлэг

Цахим орчинд Баянзүрх дүүргийн 255 дугаар цэцэрлэгийн гадна тохижилтын талаар эерэг мэдээлэл түгээд байсан билээ. Тус цэцэрлэг нь гадна талбайдаа хүлэмж байгуулж хүүхдүүдээ эрүүл хүнсээр хангадаг юм байна.

Баянзүрх дүүргийн 255 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Цэцэгээтэй ярилцлаа.


Танай цэцэрлэг хашаандаа хүлэмжтэй болсон гэж дуулсан. Хэзээнээс хүлэмжтэй болсон бэ?

-Манай цэцэрлэг 2019 онд ашиглалтад орсон. Үйл ажиллагаа маань явагдаад удаагүй байна. Гадна талбайн тохижилтоо 54 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай хийж байсан. Энэ төсөлд хүлэмжийн ажил багтсан байсан юм.

Хүлэмждээ хэдэн төрлийн хүнсний ногоо тарьж байгаа вэ?

-Бид цэцэрлэгийнхээ дөрвөн бүлэг, гал тогоогоо оруулаад таван хэсэгт хуваарилж хийсэн. Ингэхдээ өргөст хэмх, помидор, сонгино, сармис зэргийг тарьсан. Багш ажилчид маань хүүхдүүдээ эрүүл хүнсээр хангахын тулд биечлэн оролцож байгаа.

-Хүнс ногоогоо өөрсдөө тариалснаар, худалдан авахгүй байх нөхцөл бүрджээ. Өөр ямар давуу талууд гарч байна?

-Тарьсан ногоогоо хүүхдүүдийнхээ хоолонд хачир, салат хийж өгдөг. Сонгино, сармисыг дархлаа дэмжих зорилгоор байнга хэрэглэнэ. Ойр зуурын хүнс ногоогоо өөрсдөө тарих нь эрүүл хүнсээр хангагдана гэсэн үг. Мөн төсөвт ч нэлээд хэмнэлттэй байгаа. Эцэг эхчүүдэд маань их дэмждэг.

Цаашдаа жимс ногоо нэмж тариалах уу?

-Энэ жил шинэ ногоонууд нэмж тарих төлөвлөгөөтэй байгаа. Одоо цэцэрлэг дотроо үрсэлгээгээ хийсэн. Зургадугаар сард дулаан орохоор хүлэмжиндээ суулгана даа.

Гадна тохижилт их өвөрмөц юм?

-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөлд хамрагдаж зүлэг, хүлэмж, мод, тоглоомын талбай зэргийг байгуулаад буй.

-Хөл хорионы үед танай цэцэрлэгийн үйл ажиллагаа яаж явагдаж байна?

-Багш нар гэрээсээ цахимаар, хамгаалагчид цэцэрлэг дээр ирж ажиллаж байгаа. Хариуцлагатай жижүүр гээд өдөрт нэг хүн ирдэг.

-Цахимаар хичээллэх хэр үр дүнтэй байна вэ?

Нэг хэсэг хатуу хөл хорио тогтоосон үед хүүхдүүд хичээлдээ идэвхтэй оролцдог байсан. Харин хөл хорионы дэглэм буурч аав ээж нь ажилдаа яваад хүүхдүүд ах эгч, эмээ өвөөтэйгөө үлдээд ирэхээр хичээлд оролцохгүй байх, идэвх санаачлага нь буурсан үзүүлэлттэй байгаа.

Н.Цогзолмаа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *