Categories
мэдээ цаг-үе

“Дэмий шүү Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү” гэдэг энэ нэрийг ажилд ороод сарын дотор л авчихсан юм даа

Дэмий шүү Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү, хохь чинь шүү хогийн саванд чихнэ шүүгэдэг үгийг мэдэхгүй хүн ховор. Домог болтлоо нэр нь дуурсагдаж, замын цагдаад насаараа ажилласан Г.Дэмбэрэл гуайтай ярилцлаа.

Хэдэн онд Замын цагдаад хөл тавьж байсан бэ. Дэмбэрэл цагдаа чинь бодит хүн юм уу гэж асуух хүмүүс ч байдаг юм билээ. Хэрхэн ийм нэртэй болсноо дурсахгүй юу?

-Би 1967 оны тавдугаар сард Замын цагдаа гэдэг энэ том айлын босгыг давж орж байлаа. Уг нь 1966 онд орох гэж байсан юм. Тэр 1966 он чинь их үерийн жил байсан. Тэгээд тэр үед манай боловсон хүчний дарга дэд хурандаа Гүрбазар гэдэг хүн “За миний хүү, чи энэ гал командад хэд хоног галч хийж бай. Тэгээд чамайг авто руу шилжүүлчихнэ” гэдэг юм байна. Тэгсэн юу хэд хонох хавар болтол галч хийж байгаад Замын цагдаад орсон. “Дэмий шүү, Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү, хохь чинь шүү хогийн саванд чихнэ шүү” гэдэг энэ золигийн нэрийг ажилдаа ороод ганцхан сарын дотор л авчихсан юм даа. Гэсэр сүмийн урд талын уулзвар, Хятад ажилчдын соёлын ордны арын уулзвар дээр би анх зохицуулагч хийж гарч байсан. Тэр уулзвар дээр гараад сайн ажилласан болохоор долоо хоногийн дараа жинхлээд үндсэн ажилтан боллоо. Өглөө, оройн ээлжинд сар гарсан даа. Энэ үед л ийм нэрийг олчихсон байгаа юм. Тэр үед хятад, монгол ажилчдын хүүхдүүд дугуй их унана. Ер нь том жижиггүй дугуй их унадаг байсан цаг. Тэр битгий хэл, албан газрын үүдэнд дугуйн зогсоол хүртэл байдаг байсан. Тэгээд тэр уулзвар дээр зохицуулалт хийгээд зогсож байхад, хүүхдүүд залхуураад явган хүний гарцаар гарахгүй дүрэм зөрчинө. Дүрмээрээ бол дугуйгаа хөтлөөд явган хүний замаар алхаад гарах ёстой. Гэтэл хүүхдүүд дугуйгаа унаад хөндлөн давхиад гарна. Би шүгэлдээд зогсооно. Хүүхдүүд л болсон хойно толгойгоо маажаад хүрээд ирнэ. Тэр үед чинь Гэсэр сүмийн тэнд гурван шон байдаг байсан юм. Тэр шонгоос зөрчил гаргасан дугуйг хурааж аваад уячихна даа. Нэг мэдсэн хорь гучин дугуйтай болчихлоо. “Миний хүү дүрэм зөрчсөн чинь үнэн үү” гэхээр л “үнэн” гэдэг. “Тэгвэл миний хүү яваад торгуулийн мөнгөө авчир” гэнэ. Тэгэхээр л нөгөө хүүхдүүд чинь намайг тойроод зогсох нь зогсоод, суух нь суугаад “Дугуйг минь цагдаа ах өгчөөсэй” гээд над руу бүгд харчихна. Өдөр 13.00 цагт би ажлаасаа бууна. Ажлаасаа буухын алдад л машинаа ухраагаад зогсоочихно. “За энэ дугуйнуудыг бүгдийг нь ачлаа шүү” гэхээр л бүгд халааснаасаа мөнгөө гаргаад өгчихнө дөө. Торгуулж байсан хүүхдүүд миний нэрийг мэддэг болчихсон, бас торгуулна гээд дүрмээрээ гардаг болов. Нэг өдөр тэнд байдаг дугуй засварын газрын гадаа байсан дугуй хийлэгчийг нэг хүүхэд хэлэхгүй нууцаар авч байгаад эзэнд нь баригдаж л дээ. Тэгсэн тэр дугуй засварын эзэн хүүг барьж аваад “Дэмий шүү Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү, хохь чинь шүү хогийн саванд чихнэ шүү” гэж айлгасан байгаа юм. Тэгж энэ үг анх гарсан юм билээ. Энэ үеэс хойш л хүүхдүүд юм л бол “Дэмий шүү, Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү” гэж хэлдэг болсон байна. Намайг ингэж дууддагийг би тэр үед мэдээгүй. Нэлээд сүүлд мэдсэн юм.

Тэр үед замын түгжрэл гэж юм байхгүй байсан биз?

-Намайг цагдаад ороход гуравхан салаа байлаа. Нэг салаа 30-аад цагдаатай. Тэгээд намайг цагдаад ороод удаагүй байтал 1968 онд дөрвөн дүүрэг болоод салсан юм. Октябрын районд манай гуравдугаар салаа гардаг юм байна. Тэр үед жинхэнэ социализм байгуулагдаж байсан эд үе учраас ачааны машин суудлын тэрэгнээсээ илүү. Толгойтын замд ачааны машин түгжрэл үүсгэдэг байлаа. Ямар сайндаа эр зоригийн уулзвар гэж нэрлэж байхав. Тэгээд наашаа яваад Гурвалжингийн уулзвар дээр чинь гацаа үүснэ шүү дээ. Толгойтын зам чинь нэг чигийн урсгалтай байсан. Харин одоогийн түгжирдгээрээ алдартай нэгдүгээр хорооллын зам бол тэр үед юун түгжрэл, сураггүй байлаа. 32-ын буудлын ард талын нэгдүгээр хорооллын зам дагуу Хэнтийн тууварчид ирчихсэн хоноглож байсан газар байхгүй юу. Хорооллын эцсийн малтай айлууд нэгдүгээр хорооллоос хадлангаа бэлтгэдэг тийм зэлүүд газар байлаа. Тэр үед чинь манай районд арав гаруйхан хувийн тэрэгтэй айл байлаа шүү дээ. Гурвалжингийн уулзвар, Толгойтын замаас бусад нь сэлүүхэн байсан.

Машин тэрэг цөөхөн байсан учраас осол аваар бага гардаг байсан байх даа.

-Зам сэлүүхэн ч осол аваар гардаг байсан шүү. Цөөхөн цагдаатай байсан юм уу ямар ч байсан их л олон цагаар замын голд зогсоод хяналт тавьж ажилладаг байсан юмдаг. Ямар сайндаа олон цаг зам дээр халуун наранд зогсоод халууцаад ирэхээр замын голын цагаан зураасан дээгүүр явсаар байж явган хүний гарцан дээр ирээд зогсохоор л нээх сайхан сэрүү татдаг байсан юм. Цагаан зураасан дээр нарны тусгал бага тусдаг учраас тэгж салхилдаг байсан байх. Замын голын цагаан зураасан дээр зогсоход сэрүү татдаг гэдгийг замын цагдаагаас өөр хүн мэдэхгүй л дээ. Зун зам дээр хяналт тавьж ажиллах чинь өвлөөс хэцүү шүү дээ. Өвөл бол зам дээр нэг машин зогсоогоод хөлөө дулаацуулаад явуулчихна. Зун тэгэх боломж байхгүй. Тэгээд ч бидэнд ажлаа хаяад дэлгүүр ороод амны цангаагаа тайлах эрх байхгүй, байшингийн сүүдэр бараадаад зогсож болохгүй. Хатуу дэгтэй байсан цаг. Тиймээс олон цагаар хар зам дээр зогсоод шатахын даваан дээр замын голоор алхаж байгаад явган хүний гарцан дээр хүрээд ирэхээр ямар гоё сэрүү татдаг гэж санана.

Осол аваарын хувьд, хэдий замын хөдөлгөөн сийрэг байдаг ч гардаг байсан шүү. Нэг зүйл санаанаас гардаггүй юм. 1968 оны наймдугаар сарын 10 байсан юм. Би тэр орой баруун дөрвөн зам дээр зохицуулагч хийж байлаа. Шөнө 01:00 цагт буух хуваарьтай. Нэг цаг болоход 15 минут дутуу байхад Төмөр замын соёлын ордны уулзварын замын голд зогсож байсан Жамсранжав гэдэг цагдааг Дүрсэмийн Тогтох гэдэг жолооч хүн дайрчихлаа. Би ч шүгэлдлээ. Манай цагдаа ч замын голд үсрээд явчихлаа. Тэгээд замын хажуугаар явж байсан хоёр хүүхдийг дуудаад энэ цагдааг эмнэлэгт хүргэж өг гээд дамжлуулаад унаанд суулгалаа. Хэрэв би тэр үед замын голд байгаагүй бол тэр казах жолооч цагдааг дайрчихаад явчих байсан. Харсан гэрч байхгүй, шөнө байсан учраас баригдахгүй ч юм бил үү. Дайруулсан цагдаа маань хөөрхий өөд болсон. Цагдаа дайрсан Тогтох гээд казах эр тэр өөд болдог цагдаад найм хоногийн өмнө талоноо цоолуулсон байгаа юм. Магадгүй үүнд өширхөөд дайрсан байхыг үгүйсгэхгүй гэж би боддог юм. Тэр үед хүмүүсийн хүн чанар сайн байсан гэдэг ч бас олны олон дотор муу хүн байсан. Цагдаа дайрсан машинд үзлэг хийхэд эд мөрийн баримт гэхээр юм байхгүй байв. Хохирогч цагдаагийн малгайных нь хүрээ машины тоостой шилэн дээр хүрсэн хэсэг, мөн машины урд талын сээтгэн хүрээ үл ялиг хонхойсон байснаас өөрөөр тэр машинд ямар ч сэв гараагүй байв. Тэр үеийн орос машин ямар ч бөх байсан юм. Тэр үед чинь одоогийнх шиг сүлжээтэй утас байхгүй байсан. Ямар сайндаа барилгын техникумын хаалгыг тогшсон чинь онгойлгож өгдөггүй. Тэгэхээр нь цонхыг нь хага өшиглөж ороод утсаар ярьж байлаа. Бүр сүүлд богино долгионы станц гэж юм гарч ирж, юм үзээгүй бид бөөн л баяр юм болж байсан юм даг.

Тэр хэрэг гарахын өмнөхөн манай тэндэхийн нэг жолооч “Чи харихгүй юм уу, дөхүүлээд өгье” гэхээр нь би, буух цаг арай болоогүй байна гээд яваагүй юм. Нэг буучихдаг ч юм уу гэж бодож байснаа за болохгүй гээд үлдсэн юм. Хэрэв би тэр үед цагаасаа 10 минутын өмнө буугаад явсан бол өдийд дээлээ нөмрөөд шоронд явчихсан байх байсан. Хариуцлага гэдэг чинь энэ юм байна гээд тэрнээс хойш хэдхэн минутын өмнө ч гэсэн ажлаасаа бууна гэсэн бодол толгойд орж ирэхээ байсан даа.

Өдөрт хэдэн цаг ажилладаг байсан юм бэ. Одоогийн замын цагдаагийн алба хаагчидтай харьцуулахад тэр үед хэр их ачаалал авч ажилладаг байсан бэ?

-Нэг ээлжинд зургаан цаг зохицуулагч хийнэ. Одоогийн цагдаа нарыг харахад бидний үеэс ачаалал бага байна. Манайх Толгойтод байдаг. Өглөө 5:30 цагт эхний автобусанд сууж байж ажилдаа ирнэ. Тэгээд нэгдүгээр парк, депогийн ард буугаад тэндээсээ явган нүцгэн гүйгээд замын цагдаа орно доо. Өглөө 6:30-7:00 цагийн хооронд амжиж очихгүй бол ажил тасалсан гээд цалин мөнгө засна, хатуу арга хэмжээ авахуулна. Өглөө болгон үүрээр гэрээсээ гарч ажиллана гэдэг бол ар гэрийн хүмүүст хүнд тусдаг. Босч цай чанаж өгөхөөр хань маань өглөө дөрвөн цагт босно. За тэгээд би ажлаасаа өдөр 13:00 цагт бууна. Ажлаасаа буугаад амаръя гэж байтал “Юун амрах. Чи хойд талын гуанзанд ороод аяга цай уучихаад гараад ир. Тэгээд хамгаалалтад гар” гээд тавьчихна. Өглөө 6,30 цагаас хойш ажилласан би чинь хамгаалалтад гараад оройны 22:00 цаг хүртэл буухгүй шүү дээ. Маргааш нь өглөө дахиад 5:30 цагт гэрээсээ гардаг байлаа. Ажлын ачаалал ийм л өндөр байж. Одоо бол замын цагдаагийн ажил бас ч гэж гайгүй болж дээ гэж хараад байна. Манай нэг хүү замын цагдаад ажилладаг юм. Хамгаалалтад гардаг цагдаагийн тусгай тасагтай болсон учраас зохицуулагч хийсэн хүн давхар хамгаалалтад гарахгүй юм байна гэж ойлгосон. Би төрийн том том хамгаалалтад зөндөө гарч байсан. Миний сэтгэлд үлдсэн дурсгалтай үе бол, Гүррагчааг сансарт нисэхэд би Тасганы овооны арын гарцан дээр хамгаалалтад гарч байсан юм. Тэр үе санаанаас гардаггүй.

Хариуцлага өндөр байсан учир цагдаагийн алба хаагчид ажилдаа үнэнч шударгаар ханддаг байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Тэр үед Золоо гээд сайхан хурандаа байсан. Тэр хүний үгнээс гардаг замын цагдаа байгаагүй. Замын цагдаагийн урд талд Морин тойруулгын салаа гэж байсан юм. Тэр салаан дээр Олзвой гэдэг цагдаа зохицуулагч хийдэг байв. Нэг удаа гаднаас ирсэн зочдыг Тэрэлж рүү явуулахаар замын цагдаа нар бүгд хамгаалалтад гардаг юм байна. Тэр өдөр бямба гариг байсан юм. Тэгээд Золоо хурандаа “За Олзвой минь, чи буу гэсэн цагт л буугаарай” гэж хэлж л дээ. Нөгөө Олзвой чинь тушаал авчихаад хурандаагийн буух тушаалыг хүлээгээд зогсоод байж. Зочид Тэрэлж рүү явчихлаа. Хамгаалалтын цагдаа нар бүгд буучихлаа. Тэгээд нөгөө зочин нь маргааш орой нь буюу ням баригт буцаад ирэхээр болов. Золоо хурандаа зочноо хүлээж авах гээд цагдаа нараа зам дээр тавих боллоо. Тэгсэн нөгөө Олзвой чинь байдаггүй. Золоо хурандаа ч сандарч “Ямар хачин юм бэ, Олзвой байхгүй байна, өөр хүн оронд нь тавья” гээд хүрээд ирсэн чинь Олзвой зогсч л байсан байгаа юм. Бүтэн хоёр өдөр, нэг шөнө зам дээр зогссон байсан. Миний үеийн цагдаа нар ажилдаа тийм л үнэнч байж. Тэгээд ер нь баяр ёслол, цагаан сар, шинэ жилийг тэмдэглэнэ гэдгийг мэдэхгүй. Хүн бүр цагаан сараар шинэлж байхад зам дээр бид зогсч л байна. Би Замын цагдаад ороод тэтгэвэрт гарах хүртлээ улсын наадам үзээгүй шүү дээ. Улсын наадмаар байнга л хамгаалалтад гарна. Тэнд очоод зогс, энд очоод зогс л гэнэ. 1994 онд би тэтгэвэрт суусан. Харин наадмын дараа цагдаагийн баяр болдог. Энэ баяртаа үе үе очдог байлаа. Баяр наадам тэмдэглэнэ гэж бодохгүй, тэрэндээ ч бүр дасчихсан байж. Их удаан зогсохоор хөл их өвдөнө. Тэтгэвэрт гарахдаа хагас жил ажиллах дутуу байсан ч хөл минь өвдөөд ажиллаж барахгүй тэтгэвэртээ суусан даа.

Өөр ямар зөрчил гардаг байв. Хяналт шалгалт хийдэг байв уу?

-Цэрэндорж гээд Хятадын эрлийз хүн байсан юм. 22-ын товчоогоор хавар, цагаан сарын дараа юмдаг, тэр Хятадын эрлийз хүн тарвага алчихаад дөчийн бидонд гялгар уутанд хийгээд дээрээс нь тараг сүү гээд оруулж байгаад надад баригдсан юм. Нэг өдөр манай диспетчер “Наад Цэрэндорж чинь дандаа л сүү, тараг зөөх юм. Наадахаасаа жаахан сүү гуйгаад аваач” гэлээ. Тэгэхээр нь “чи надад цайны сүү өгөөд орхиоч” гэдэг юм. “Тэг тэг” гэхээр нь очоод бидоныг нь онгойлгоод хутгаад авах гэсэн чинь нэг юм туллаа даа. Энэ юу байдаг билээ гэхэд нөгөө эр чинь нэг л дүлгэнээд байна. Тэгэхээр нь замаас гаргаад шалгаад үзсэн чинь тарвага. Тэгж оруулж байжээ. Хятадуудын арга ийм нарийн. Хятадууд тун даруухан, тун зальтай шүү дээ. Нахилзаад л шогшоод байна. Тэр үед их бүтээн байгуулалтын үе учраас хятадууд барилгын материал их зөөнө. Цагаан бээлийтэй машин барина. Зогсоохоор л гүйж ирээд тамхи гаргаж ирээд шүдэнз зураад “Цайн байна уу, цайн байна уу, тамхи татваа” гээд бөхөлзөөд, шогшоод л байна. Тэр чинь заль байхгүй юу. Тэр үед их гардаг байсан зөрчил бол холын аймгаас ирсэн жолооч нар хүнээ их нуудаг. Товчоогоор орохдоо л хүнгүй гээд орно. Тэгээд диспетчер бид хоёр ээлжилж гараад машиныг нь шалгана. Ачаан дээр гараад хучлагатай зүйлүүд байхаар нь тэмтрээд шалгана. Хэд хэдэн удаа хүний нүүрэн дээгүүр гараараа тэмтэрч үзсэн. Их эвгүй шүү дээ, дотор арзас хийгээд явчихна даа. Хүний шунал юм даа. Хүнээ нууж, тэр хүний зардлыг нь жолооч нь өөрөө халааслах гээд байхгүй юу. Замын цагдаа болсны сайхан зүйл нь дуртай жолоочоо аваад нутаг руугаа хувийн унаа шиг хүргүүлээд явдаг байсан. Тэр үед их сайхан шүү дээ. Очихоор л нутгийн улсууд энэ том ачааны машинаар ингэж хүргүүлж байдаг том газрын улсууд өөр юм гэхээр залуу хүн чинь их онгирно шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *