Categories
мэдээ нийгэм

Дэмчогийн хийд, Говь гурван сайханы ойролцоох газруудыг улсын тусгай хамгаалалтад авна DNN.mn

Өмнөговь аймагт улсын тусгай хамгаалалттай газар дөрөв бий. Үүнд, Говийн Бага дархан цаазат газар, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газар, Загийн усны тусгай хамгаалалттай газар багтдаг. Харин энэ онд шинээр Дэмчогийн хийд, Загийн тойром, Балгасын улаан нуур, Говь гурван сайханы ойролцоох газруудыг улсын тусгай хамгаалалтад авахаар салбарын яамнаас төлөвлөжээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 25 хувь хүргэх зорилт тавьсан.

Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд 2030 онд нийт нутгийн 30, 2040 онд 33, 2050 онд 35 хувьд хүрэх зорилт тавьсан бөгөөд ингэснээр 8.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний үр өгөөж алдагдахаас урьдчилан сэргийлнэ гэж тооцжээ. Нийт газар нутгийн 30 хувийг хамгаалж чадвал экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломжтой аж.

Улсын хэмжээнд нийт 215 газрыг шинээр улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгаагаас Өмнөговь аймагт 12 газар байна. Аймгийн удирдлагуудын зүгээс дээрх 12 газарт судалгаа хийж, эхний ээлжид орон нутгийн тусгай хамгаалалтад авч эхэлжээ.

Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагддаг, хуурайшилт ихтэй говийн бүсийн аймаг хэдий ч нийт газар нутгийнхаа 70 хувийг хамгаалалтад авч чаджээ.

Одоогийн байдлаар Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 36 хүний бүрэлдэхүүнтэй, Говийн бага дархан цаазат газар 19 байгаль хамгаалагчтай, Тост тосон бумбын нурууны хамгаалалтын захиргаа 8 хүний бүрэлдэхүүнтэй тус тус ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *