Categories
гадаад мэдээ

ДЭМБ-ын тэргүүн цар тахлыг 2022 онд дуусгах зорилт тавив

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус шинэ жилийн мэндчилгээндээ цар тахлыг 2022 онд дуусгах зорилт тавьж байгаагаа мэдэгджээ.

Дэлхий нийтийг хямруулсан коронавирусийн цар тахал хоёр жилийн өмнө Хятадын Ухань хотод эхэлж байв.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд уг вирусийн халдварын улмаас 287 сая хүн өвчилж, 5.5 сая орчим хүн амиа алджээ.

Хамгийн сүүлд тархсан энэ вирусийн Омикрон хувилбарын аюулыг хязгаарлах зорилгоор дэлхийн олон улс орон шинэ жилийн баяраа даруухан тэмдэглэн өнгөрүүлж байна.

Доктор Тедрос өчигдөр хэлсэн үгэндээ вакцины тэгш бус хуваарилалт цар тахлыг сунжруулж байгааг шүүмжлээд 2022 онд энэ байдлыг өөрчлөхийн төлөө дэлхий нийтээрээ хамтран ажиллахыг уриалжээ.

“Зарим улс орнууд тулга тойрсон үндсэрхэг үзэл гаргаж, вакциныг ихээр нөөцөлсний улмаас Омикрон хувилбар үүсэж бий болох таатай нөхцөлийг бүрдүүллээ. Хэрвээ вакцины тэгш бус хүртээмж цаашид үргэлжилбэл вирусийн хөгжил, хувирал үргэлжилж, урьдчилан таах аргагүй нөхцөл байдалд биднийг хүргэх болно. Бид тэгш бус байдлыг арилгаж чадвал цар тахал өндөрлөх юм” гэж тэр хэлсэн байна.

Түүний мэдээлснээр Америк, Европын орнуудын хүн амын ихэнх хэсэг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад ямар нэг хэмжээгээр хамрагдсан бол Африкийн ихэнх орнуудад дархлаажуулалт маш бага ахицтай байгаа гэнэ.

ДЭМБ 2021 оны сүүлээр дэлхийн нийт хүн амын 40 хувийг дархлаажуулах зорилт тавьсан нь Африк тивийн ихэнх хэсэгт хэрэгжиж чадаагүй байна.

Доктор Тедрос өчигдөр хэлсэн үгэндээ 2022 оны дунд үе хүртэл дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулсны үр дүнд цар тахлыг дуусгах зорилтыг ДЭМБ тавьж буйг мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар хүн амынхаа 91 хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулсан Арабын Нэгдсэн Эмират улс дэлхийд тэргүүлж, 1 хүрэхгүй хувийг бүрэн хамруулсан Хайти, Чад, Ардчилсан Конго, Бурунди улсууд сүүл мушгиж байна.

Эх сурвалж: BBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *