Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 69 дүгээр чуулган эхэллээ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 69 дүгээр чуулган өнөөдөр Манила хотноо эхэллээ.

Чуулганд Номхон далайн баруун бүсийн гишүүн 37 улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы нээлтэд ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейесус оролцож, үг хэлэв. Тэрбээр, хэлсэн үгэндээ дэлхий дахинд тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр өнгөрөгч нэг жилийн хугацаанд ДЭМБ-аас гаргасан тогтоол шийдвэр, авч хэрэгжүүлсэн нэлээдгүй арга хэмжээний талаар танилцуулан, Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр батлагдсан ДЭМБ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөрийг богино хугацаанд боловсруулж, ДЭМБ-ын төв, бүсийн хэмжээнд болон гишүүн улсуудаар хэлэлцүүлж батлуулсан нь үр дүнтэй болсон талаар цохон тэмдэглэв. Мөн тэрбээр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлаар 2009 оноос хойш ажиллаж байгаа Др.Шин Ён-суд 10 жилийн хугацаанд дэлхий нийтийн болон бүс нутгийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, талархал илэрхийлээд түүнд ДЭМБ-ын Хүндэт медаль гардуулж өгөв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су Бүсийн захирлаар ажилласан 10 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа товч тайланг танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Бүсийн улсуудын нийт хүн амын эрүүл мэндэд ахиц гарсан, халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр томоохон амжилтад хүрсэн бол халдварт бус өвчин тулгамдсан асуудал болсоор байгаа талаар цохон тэмдэглэв. Гэхдээ Бүсийн улс бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тамхидалт зэрэг ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах чиглэлээр манлайлан ажиллаж байгааг цохон тэмдэглэв.

Энэ удаагийн Бүсийн чуулганы үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын 5 жил тутам болдог ээлжит сонгууль болж, шинэ Бүсийн захирлыг сонгоно хэмээн ЭМЯ-наас мэдээлэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *