Categories
мэдээ нийгэм

Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. 2004 оноос эхлэн жил бүр тодорхой нэг уриан дор зохиосоор иржээ. Энэ жил “Эрүүл мэндийн яам”, “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”, “Монголын улаан загалмайн нийгэмлэг”–ээс хамтран “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор Сүхбаатарын талбайд өдөрлөг зохиов.

Цусны доноруудын тоо жил бүр өссөөр байгаа. 2016 онд Монгол Улсын хэмжээнд нийт 32966 донор цусаа бэлэглэсэн бол 2017 онд 33407 болж өсчээ. Цусны нөөцийн хувьд 2018 оны тавдугаар сарын нэгний байдлаар өмнөх оноос 36,1 хувиар нэмэгджээ.

70-аас дээш цусаа өгсөн хүмүүсийг “Хүрэл”, 100 –аас дээш “Мөнгөн”, 150–иас дээш удаа цусаа өгсөн бол “Алтан” донор цол тэмдэгээр алдаршуулан шагнадаг байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд таван “Алтан”, 20 –н “Мөнгөн”, 63–н “Хүрэл” донор байгаа юм. 2018 онд улсын хэмжээнд 35 –аас дээш удаа цусаа бэлэглэсэн “Хүндэт” донор 100 гаруй төрснөөс 62 нь нийслэл хотоос тодорлоо. Тэдгээрээс хамгийн залуу “Хүндэт” донороор О. Ганбаяр, хамгийн олон өгөлттэй “Хүндэт” донороор З.Баяртсайхан нарыг алдаршуулав.

Хөдөө орон нутагт 56 -н цусны салбар төв ашиглалтанд орсон байна.

Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн ШУТИС –ын эрүүл мэндийн төв, оюутны соёл үйлчилгээний алба, Зэвсэгт хүчний 013 –р анги болон Бурханы сүмийг “Донор хамт олон”–оор өргөмжиллөө. Цусны донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, Zaluu.com сайт тус тус шалгарлаа.

Энэ удаагийн арга хэмжээнд JCI капитал, “Талх Чихэр” ХК, “Витафит” групп, DXN компани, Юнител групп, Худалдаа хөгжлийн банк, “Сүү” ХК, “Монгол шуудан” зэрэг байгууллагууд хамтран ажиллав. Мөн улаан загалмайн нийгэмлэг, ивээн тэтгэгч DXN компанийн монгол дахь салбар DAXEN компани, УБ Сонгдо эмнэлэг, болон төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хүмүүст үйлчилгээ, зөвлөгөө өгөн цусны бүлгийг нь тогтоож өглөө.

Манай улсад 2015 оны дөрөвдүгээр сарын 3 –наас эхлэн сар бүрийн гуравны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгон зарласан билээ.

Ц.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *