Categories
мэдээ спорт

Дэлхийн цомын тэмцээн бямба гаригт эхэлнэ

-Манай баг “B” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө-

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт энэ сарын 7-8-ны өдрүүдэд болох Дэлхийн цомын тэмцээн болох юм. Тус тэмцээнд оролцох Монголын баг хойд хөршийг зориод байгаа.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/

53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/

55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/

60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, дэлхийн аварга/

63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /Төмөр замын Цагдаагийн хэлтсийн офицер, “Алтай констракшн” компанийн бөх, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/

75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа /Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/ олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, азийн наадмын аварга/ нар барилдана.

Багийн ахлагчаар МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж, албаны төлөөлөгчөөр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин З.Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, шүүгчээр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацрал оролцох юм байна.

Манай баг “B” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө, “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана.

Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа 2 дахь, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар 3 дахь, С.Батцэцэг 4 дэх, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар 5 дахь, О.Насанбурмаа 7 дахь удаа зодоглож байна.

Өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх олж авсан манай эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна. Үүнд II, ҮII байранд тус бүр 1 удаа, Ү, ҮI байранд тус бүр 2 удаа орж байжээ. Өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *