Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018” маргааш болно

Монголд анх удаа “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018”-ыг энэ ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Хаврын баярыг Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-аас санаачилж, МЗХ, СУИС, Сити Их Сургууль, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулах аж. Дэлхийн паркуудын 7 хоногийг жил бүр Ази Номхон далайн бүс нутаг, Америк, Европын улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг бол 2018 онд 4-р сарын 28-аас 5-р сарын 6-ны хооронд дэлхийн улс орнуудад төрөл бүрийн арга хэмжээ болдог байна. Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдрөөр орон бүр өөрийн оронд зохион байгуулдаг арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээллийг www.worldurbanparks.org албан ёсны сайтад байршуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг юм. Энэхүү өдрийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь иргэд олон нийтэд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн соёл, ач холбогдлыг илүү таниулах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг сайжруулахад сонирхогч талуудын анхаарлыг хандуулах, дэлхийн улс орнуудын сайн туршлагуудыг бусдад сурталчлах, “ногоон хариуцлага”-ын талаар ойлголт өгөх, эрүүл, цэвэр агаартай орчинд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх сонирхолтой иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэх юм.

Уг арга хэмжээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, урлаг соёл, боловсролын салбарынхан уригдсан бөгөөд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэлэх юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохиогдох хаврын баярын өдөр олон нийтийг хамарсан төрөл бүрийн хөтөлбөр зохиогдох ба дэмжигч байгууллагуудын баярын жагсаал, “Ногоон экспо” үр бордоо, суулгацын худалдаа, зөвлөгөө өгөх, хүүхэд залуучуудын урлагийн тоглолт, соёлын болон мэдээлэл түгээх нөлөөллийн ажлууд зохиогдоно. Сонирхсон хүн бүхэн арга хэмжээг зорин очих боломжтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *