Дэлхийг нэгэн тоглоомын тавцан гэж үзвэл улс төрийн өрөг дээр нь эрчүүд л тоглож байх ёстой ажээ. Харин энгийн эрчүүд, эгэл бүсгүйчүүдээс илүү хүч чадлаа шавхан байж гарч ирсэн эмэгтэйчүүдийг эмгэнэлт хувь тавилан угтана. Эрчүүд тэр өрөг дээр булхайцаж, булаалдаж, бусдыг алж хэмлэж байсан ч хамаагүй мундаг улстөрч, гайхалтай удирдагч мэт үлдэж чаддаг бол эмэгтэйчүүд үгүй ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үүнийг харуулж байна. Яагаад ч юм бүх хэрэг явдал өөрөөр эргэж, төрийн том махны машин буруу эргэж эцсийн эцэст Пак Гын Хэ хэн ч биш болж, жирийн нэгэн хоригдол авгай болж хувирлаа. Гэвч эргээд харахад тэр юуны төлөө амьдарсан юм бэ, түүний ээж, аав хоёрын амь яах гэж хоосон үрэгдэж, тэр хань ижил ч үгүй, хөлөө хучуулах үр хүүхэд ч үгүй үлдсэн юм бэ гэж бодогдмоор. Хэрэв Пак Гын Хэ эр хүн байсан бол ийм байдалд орохгүй байлаа.
Түүнийг есөн настай байхад эцэг нь БНСУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болсон байдаг. Төрийн тэргүүний анхны хүүхэд болох бяцхан охины хүсэл мөрөөдөл энгийн байлаа. Охидын дунд сургуулийг төгсч, нутагтаа электроникийн инженерээр төгсөөд Францад үргэлжлүүлэн суралцаж багш болохоор шийдсэн байв. Энгийнээс энгийн багшийн ажлыг сонгочихсон суусан түүнийг хувь тавилан өөр зам туулуулахаар шийджээ. Аавынх нь амь насанд халдах гэсэн оролдлогын үеэр ээж нь амь үрэгдэв. Нутагтаа яаран ирж, гэр бүлдээ ижийнхээ оронд ээж болж, бас улс орондоо тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэхээс өөр сонголт түүнд байсангүй. Өнөөдрийн Солонгос орныг бий болгосон удирдагч бол эцэг Пак Ерөнхийлөгчийг гэдэг. Хэрэв тэгж үзвэл аавынхаа түшиг болж, тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж явсан Пак Гын Хэ ч хорин хэдхэн насандаа энэ улсад түүхэн үүргээ гүйцэтгэж, тус дэм болсон гэж болно. Түүний “Миний хамгийн чухал үүрэг бол эцгийгээ ганцаараа биш гэдгийг улс орон, ард олондоо харуулах явдал байсан юм. Энгийн хүний амьдралаа тэгэхэд би орхисон билээ. Амар тайван амьдрах гэсэн миний мөрөөдөл тэр үед замхран одсон сон” гэж бичсэн нь ч учиртай.
Нэг хүний амьдралд тохиолдох сорилт хэмжээ хязгаартай баймаар юм. Харин Пак Гын Хэгийн өмнө ирэх саад, шаналангууд юу ч биш байжээ. Ээжийгээ бусдын гарт алдсан тэрбээр аавыгаа ч аюулгүйн алба хариуцсан ажилтандаа буудуулахыг үзэх тавилан зурагдсан байж. Магадгүй аавыгаа хөдөөлүүлчихээд Хөх ордноос явсан чигтээ явчих ёстой байсан байх. Гэвч хатуухан зурагдсан хувь тавилан түүнийг буцаагаад Хөх ордонд авчирлаа. Азийн санхүүгийн хямрал өмнөд солонгосчуудад хүнд тусч, ард иргэд нь алтан бөгж ээмгээ тайлж өгч байсан үе. Хүн бүр улс орноо гэж эрвийх дэрвийхээрээ байхад тийм аавын охин зүгээр сууж хоцорно гэж үү. Үгүй. Тэгээд Пак Гын Хэ улс төрд орохоор шийджээ. Хуучинсаг, эрчүүд голдуу намын дахин сэргэлтийг тэр өдөөж өгсөн юм. 1998 оноос 2008 оны хооронд гурван удаа нэг тойргоос парламентад сонгогдож ирсэн нь анхаарал татдаг. Эцэг эх нь халдлагад өртөж байсанчлан түүн рүү ч эрүүгийн найман удаагийн хэрэгтэй нэгэн эр халдсан байдаг. Хутгаар нүүрийг нь зүссэн халдлагын дараа эмнэлгийн орон дээр ухаан орохдоо тэр юу гэж хэлсэн гээч. “Тэжон яасан бэ” гэж асуужээ. Солонгосын тав дахь том хотыг асуусан хэрэг. Үүнийх нь төлөө хүмүүс түүнийг улам их хайрлав. Түүний толгойлсон нам удаа дараа ялалт байгуулж, дараалсан сонгуулиудад амжилттай оролцсоныг шууд Пак Гын Хэтэй холбодог. Нэр хүндээ алдаад байсан намынхаа нэрийг сольж, тактикаа өөрчилж хүртэл ялалтын буухиаг үргэлжлүүлж байв. Тиймдээ ч сонгуулийн хатан хаан нэрийг хүртсэн биз.
2012 оноос Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нэр дуулдаж эхэлсэн бөгөөд нэр дэвшигчид дотроос хамгийн хуучинсагт тооцогдож байлаа. Гэвч хүмүүс түүнд итгэсэн. Түүний “Би Солонгос улстай амьдралаа холбосон. Надад өөрийн гэсэн үр хүүхэд байхгүй ч Өмнөд Солонгосын ард түмэн бол миний гэр бүл” гэснийг нь олон хүн хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр 60 нас хүрчихээд өөрийн гэсэн үр хүүхэдгүй яваа эмэгтэйн ингэж хэлсэнд эргэлзэх хүн гарна гэж үү. 2013 онд тэр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, 11 дэх Ерөнхийлөгч болов. Солонгосын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэр болов. Солонгосын үе, үеийн Ерөнхийлөгч нараас илүү дэлхийд танигдаж, нэр хүндээ өсгөж байлаа. 2013-2014 онд “Форбес” сэтгүүлээс гаргасан дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтын 11 дүгээрт тэр бичигдэж байв. 2014 онд мөн сэтгүүлийн Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн 46 дугаарт бичигдэж байлаа. Түүний өмнө хоёрхон солонгос хүн бичигдсэн нь бүгд Самсунгийнхан байсан. Тэгээд бодохоор тэр ямар алдартай улстөрч болж, Солонгосыг дэлхийд таниулах гүүр болж байсан нь харагддаг.
Элдэв ганган чимэг үгүй, халимаг үстэй, солонгос үндэстний онцлогийг илэрхийлэх өвөрмөц хувцас, хямдхан гутал өмсөөд явдаг түүнийг бараг л Махатма Гандитай адилтгаж байлаа. Гэвч одоо түүнээс муу хүн байхгүй болчихжээ. Хэрэг явдал үүсч, өнгөрсөн аравдугаар сараас хойш шуугиад эхлэхэд түүнийг огцруулчихна гэхэд итгэх хүмүүс цөөн байсан байх. Өөрөө ч тэгж бодоогүй биз. Гэтэл огцруулахаар барах уу, ажлыг нь авчихаад шоронд аваачаад хийчихдэг байна шүү. “Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай” гэдэг. “Солонгосын төр зүтгэсэн хүндээ бүр ч халгаатай” ажээ. Бөөн бөөнөөрөө жагсч ирээд л түүнийг хэн ч биш болгов. Манайд эрх мэдэлтнүүд эрх мэдэлтнүүддээ халгаатай байсан болохоос биш ард олон тэгж махны машиныг ажиллуулж байгаагүй билээ. Гэвч хүний олон цөөнөө бариад идчихдэг л юм байна.
Тэсвэр тэвчээр гаргаж дуугүйхэн байсан эмэгтэй хорих өрөөнд орсныхоо дараа тэсэлгүй дуу алдан уйлж, бачимдан орилж байсан талаар хэвлэлд мэдээлжээ. Тэгэхээс ч яах билээ. Тэр чинь хүн шүү дээ. Дэлхийд улс орноо худалдаад, дайны хөлд сүйтгээд юу ч үгүй болгочихсон удирдагчид зөндөө л байдаг. Ирак гэж ямар улс байна одоо, Афганистан гэж дайны хөлөөс салж үзээгүй өрөвдөлт үндэстэнтэй улс байна, Сирид хэдэн мянган хүн дайны хөлөөс дайжиж нутгаа орхиж, хичнээн хүүхдүүд химийн зэвсгийн золиос болж байна вэ. Тэгвэл тэдний хажууд солонгосчууд яаж хохирсон юм бэ гэвэл өөр хариулт гарна. Дэлхийн хамгийн урт насалдаг хүмүүс боллоо. Сэтгэл амар, бие эрүүл байгаа үндэстэн урт насалдаг. Япончуудын олон жилийн турш хүндэтгэлтэй авч ирсэн энэ цол солонгосчуудад хамааралтай болов. Ная, ерээд оны үед нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүний хэмжээ 2300 ам.доллар байсан бол 2010 онд 30 мянган ам.доллар болов. 30 жилийн хугацаанд 13 дахин өссөн үзүүлэлттэй гэж байгаа. Авлига авсан, найз эмэгтэйтэйгээ дотно харилцаатай байсан, хамаг юмаа хэлдэг байсан гэж буруутгаж байх шиг. Нарийн ширийнийг хэн мэдэх билээ. Гэхдээ эмэгтэй хүний онцлог бүр байгалиас заяасан онцлог нь хэн нэгэнтэй харилцан ярилцаж, сэтгэлээ нээж байж оршин тогтнодог. Эрчүүдийн төрөлх зан араншинг хүлээн зөвшөөрч ирсэн шиг эмэгтэйчүүдийнхийг ч ойлгох ёстой. Пак Гын Хэ “Надад хэн ч байгаагүй” гэсэн байдаг. Үнэхээр түүнд хэн ч байгаагүй. Солонгосын түүх түүнд хэнийг ч үлдээсэнгүй. Эцэг, эхийг нь алж, дүү нараасаа хол байлгахаар болж, нөхөр, үр хүүхэд ч заяасангүй. Байлгах ч үгүй бүгдийг нь авсан байж бөө ч гэнэ үү, эмэгтэй найзыг нь яагаад үлдээж болдоггүй юм гэж өмөөрмөөр. Түүн шиг хэрэг хийсэн дэлхийн ямар ч орны удирдагч асуудалгүй байх л байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон хүртэл ард түмнийхээ өмнө Моника Левински гэгчтэй холбоогүй гэдгээ андгайлж байлаа. Дараа нь ДНК-ийн шинжилгээ өөр гарахад итгэл үзүүлэх эсэх асуудлыг ярьж байсан ч хөндөөгүй. Тэр байтугай олон хэрэг дээр эрэгтэй удирдагчдыг тэгэх ёстой юм шиг өнгөрөөдөг. Харин Пак Гын Хэ хүйснийхээ зөрүүгээс болоод ийм ялд унав. Тэр эрчүүдтэй адил “Эр хүн эр хүндээ хайртай байдаг, ойлго” гэж учирлаагүй. Биллиардны ширээ, шар айрагны ширээний ард тохироо хийгээгүй. Мөнгө цаасаар аргалъя гэсэнгүй. Эмэгтэй хүн учраас эрчүүдтэй адил тохироо хийж чадахгүй. Тэгээд үр дүн нь энэ. Хөндүүрлэм юм даа. Эрчүүдийн тоглоомоор тоглосон учраас буруутан болж байна гэх хүмүүс олон гарах байх. Гэвч улс орны асуудал, улс төрийн бодлого зөвхөн эрчүүдийнх биш. Энэ дэлхий дээр байгаа хоёр хүйсний алинд ч хамаатай. Пак Гын Хэг Ерөнхийлөгч болохоос өмнө буюу 2010 онд гарсан “Аугаа үйлс” гээд олон ангит солонгос кино байдаг юм. Түүнд улс орон нь иргэнээ хамгаалж чадаагүйгээс нөхрөө алдсан эмэгтэй шударга ёсны төлөө дуугарч эхэлж улмаар эрчүүдийн улс төрийн заваан булхайд оролцохгүй явсаар байгаад Ерөнхийлөгч болдог тухай гардаг юм. Эмэгтэй учраас, тохироонд ордоггүй учраас тулгарах бэрхшээлүүд ч их байдаг тухай өгүүлдэг. Нийгмийн сэтгэл зүйд эмэгтэй гэдгээрээ ч буруутгагдаж байдаг. Гэвч тэр чаддаг. Кинон дээр чаддаг ч амьдрал дээр чаддаггүй ажээ. Дэлхийн хэмжээний тоглогчид, үндэсний хэмжээний тоглогчид эрэгтэй хүмүүс л байх ёстой гэсэн нийгмийн сэтгэл зүй зуун зуун дамнан байгаа учраас тэр бололтой. Харамсалтай юм, Пак Гын Хэ гэх энэ эмэгтэй бүхий л амьдралаараа, үр удмаараа золиод ч, зүтгээд ч солонгосчууд түүнийг нь ойлгосонгүй. Түүний алдсаны дэргэд авсан нь юу ч биш байсан байлгүй дээ. Гэхдээ хүмүүс эргэнэ, ойлгоно. Ойлгох цаг нь ойрхон л байгаасай даа.