Дэлхийн хүүхдийн загварын олимп болох “Top Teen Model of the Planet- 2017” тэмцээний Гран при цомыг монгол охин хүртэж, Монгол охидын баг тэргүүн байр эзэлжээ.
Гүржийн Батуми хотноо энэ сарын 17-23-нд зохион байгуулсан уг тэмцээнд амжилттай оролцсон бяцхан моделиуд өнөөдөр /2017.09.28/ эх орондоо ирлээ. Дэлхийн 19 орны 36 модель оролцож, авьяас чадвараа сорьсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг нэгдүгээр байр эзэлжээ. Харин бүх насны ангиллын Гран при шагналыг “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Н.Эмүжин хүртсэн байна.
Энэ удаагийн тэмцээнд “Seoul LBMA STAR AGENCY TOP 7”-гийн С.Түмэнжаргал, “Бяцхан мисс-2016” Улсын уралдаант тэмцээний “Шилдэг оролцогч”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” А.Маралгуа, Дорноговь аймгийн “Оны шилдэг хүүхэд”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Г.Уянгадарь, Эрдэнэт хотын “ТОП” загвар өмсөгч Э.Охиноо, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Н.Эмүжин нарын таван бяцхан охид оролцжээ.