Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хүн амын ихэнх хувь нь COVID-19 халдварт өртөх өндөр эрсдэлтэй байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Дэлхий дахинд хүүхдүүдийн дунд гараад буй хордлогот шокийн хам шинжтэй төстэй тохиолдлыг манай улс ч бүртгэж эхэлсэн тухай ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэв.

“Дэлхийн улс, орнуудад хүүхдүүдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж байгаа.

Тухайлбал, Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн.

АНУ-ын 14 мужид л гэхэд 200 гаруй ийм тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна.

Франц, Их Британи улсад ийм хам шинжийн 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ.

ДЭМБ-аас энэ хам шинжийн тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан.

Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн” гэсэн юм.

Мөн энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн улс, орнуудад олон эрхтэн тогтолцооны хам шинж хүүхдүүдийн дунд тархсан. Ийм хам шинж илэрсэн хүүхдүүд гол төлөв хүндэрч, эрчимт эмчилгээнд шилжиж буй.

Энэ талаар ДЭМБ-аас гишүүн орнууддаа анхааруулсаар байгаа.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмжийг гаргасан.

Зөвлөмжид:

  • Хүүхэд 3-аас дээш хоног халуурах
  • Биеэр нь юм туурах
  • Нүд нь өвдөх
  • Хэт нойрмоглож унтах, сэрж чадахгүй болох
  • Бөөлжих, суулгах, гэдсээр нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” хэмээн онцлов.

Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил улсууд тэргүүлсэн хэвээр байна. ДЭМБ-аас өчигдөр хийсэн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сүүлийн 24 цагт 106,000 гаруй хүн шинээр халдвар авсныг зарлаж, энэ нь халдвар анх гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болохыг мэдээлсэн. Дээрх халдварын гуравны хоёр нь АНУ, ОХУ, Бразил, БНЭУ-д бүртгэгдсэн байна.

АНУ

Тус улсад 24 цагийн хугацаанд 23,000 гаруй шинэ тохиолдол, 1,000 гаруй нас баралт бүртгэгджээ.

ОХУ

8,700 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн ОХУ-д нийт халдварын тоо 308,000 гаруй болж байна. Тус улсад тавдугаар сарын 2-ны өдрөөс хойш шинэ халдварын тохиолдол тасралтгүй өсөж, хоногт дунджаар 10,000 гаруй шинэ халдвар бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногоос халдварын тоо тогтворжиж байгааг мэдээлжээ.

Бразил

Тус улсад өчигдөр бараг 20,000 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 290,000-д хүрлээ.

Перу

Перуд халдвар эрчимтэйгээр тархаж байна. Тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус улсад бүртгэгдсэн халдварын тоо нийтдээ 104,000 болжээ.

БНЭУ

Өчигдөр 5,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 106,000 гаруй болсон байна. Үүнээс эдгэрсэн 45,000, идэвхтэй халдвартай 63,000 гаруй байгааг мэдээлжээ. Тус улс ирэх долоо хоногоос дотоодын нислэгүүдээ нээх болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

БНСУ

Тус улсад сүүлийн хоногт 12 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн. Шинэ тохиолдлын 10 нь дотоодын халдвар байгаа бол хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна.

Шөнийн клубээс үүдэлтэй халдварын тохиолдол 197 болсон бол “Самсунг медикал” эмнэлгийн дөрвөн сувилагч хаанаас халдвар авсныг хараахан тогтоож чадаагүй байгааг мэдээллээ. Мөн халдвартай хүмүүсийн ойрын хавьтал болсон 1,200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулж байгаа ажээ.

БНХАУ

Лхагва гарагт хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэний нэг нь дотоодын, нөгөө нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *