Дэлхийд цуутай эрхмүүд эхнэрээсээ салахдаа дуулиан дэгдээж, шүүхээр заргалддаг түүхийг Оросын тэрбумтан Д.Рыболовлевыг ч тойрсонгүй. Тансаг зэрэглэлийн орд харшуудаас гадна Грект хоёр ч арал эзэмшдэг түүний хувьд хамгийн үнэтэй салалт боллоо. Учир нь Женев хотын шүүхээс гэргийд нь хөрөнгийнх нь тал хувийг өгөх шийдвэр гаргажээ. Д.Рыболовлев “Уралкалия, “Сильвинит” компаниудын хувьцааг эзэмшдэг. “Форбес” сэтгүүлд бичсэнээр 8.8 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй. Тэрээр Елена хэмээх бүсгүйтэй 24 жил хамтран амьдарсан боловч албан ёсоор батлуулаагүй аж. Швейцарийн хуулиар хамт амьдарч байх хугацаандаа олсон хөрөнгийг тэнцүү хуваах ёстой юм. Ийнхүү зургаан жил заргалдсаны эцэст Елена тэрбумтан нөхрийнхөө хөрөнгийн талыг, мөн 13 настай охиноо авахаар болжээ.
Харин Дмитрийн ууган охин дэлхийн хамгийн үнэтэй харшид амьдардаг гэдэг жагсаалтын хорьдугаарт бичигдсэн байдаг аж.
1995 онд Рыболовлёв нь эхнэр хүүхдийнхээ хамт Швейцарьт суурьшсан юм байна. Тэднийг салах болсонтой холбогдуулан Швейцарь, АНУ, Сингапур, Кипр, Виржиний арлууд дахь бүх үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжилжээ. Оросын тэрбумтан Д.Трампаас худалдан авсан харштайгаас гадна “Му Аnna” нэртэй дарвуулт онгоц, “Airbus A319”, “Dassault Falcon” онгоц зэргийг эзэмшдэг. Мөн Пикассо, Ван Гог нарын бүтээлүүд байдгаас гадна Киприйн банк, “Монако” хөлбөмбөгийн клубийн хувьцааг эзэмшигч юм. Д.Рыболовлев нь 2012 онд эхнэртэйгээ найрсгаар салахаар тохиролцжээ. Гэвч Д.Рыболовлев эцсийн мөчид гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Елена Рыболовлеваг нөхрийнхөө сангаас 25 сая ам.долларын үнэтэй бөгж хулгайлсан гэх хэргээр саатуулсан байна. Гэвч Дмитрийн бөгжийг эзэмших эрхтэй гэх баримт нотолгоо гаргасны дагуу суллаж байжээ.