Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн том динозаврын чулуужсан яс олжээ

dino

Зураг: Палеонтологич К.Лаковара, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүүгийн Э.Эрдэнийн хамт

-СУДЛААЧДЫН БАГИЙГ МОНГОЛЧУУДЫН ЭЧНЭЭ ТАНИЛ ДОКТОР КЕНЕТ ЛАКОВАРА АХАЛСАН БАЙНА-

АНУ-ын “Drexel” их сургуулийн судлаачдын
баг Аргентинаас 60 орчим тонн жинтэй динозаврын чулуужсан яс илрүүлсэн
талаар Британийн шинжлэх ухааны “Scientific Reports” сэтгүүлд мэдээлсэн
байна. Тэд аварга биетэй, урт хүзүүтэй, “титанозавр”-ын бүлэгт хамаарах
энэхүү өвсөн тэжээлтний асар том чулуужсан ясыг судалжээ.

Судлаачдын багийг бидний эчнээ танил,
АНУ-ын “Drexel” их сургуулийн доктор Кенет Лаковара ахалжээ. Тэрээр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хүүгийн сайн найз бөгөөд
Монголоос хууль бусаар гадагш зөөгдсөн үлэг гүрвэлүүдийн олдворуудыг эх
нутагт нь буцаан авчрах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Түүний ахалсан судлаачдын баг 2005-2009
онд Аргентины Патагони мужид малтлага хийн, “титанозавр”-ын бүлэгт
хамаарах энэхүү өвсөн тэжээлтний араг ясны бараг тал хувийг бүрдүүлжээ.
Мөн чулуужсан ясуудыг хэмжин “Энэ амьтан 26 метр урт, 59.3 тонн жинтэй
байсан” гэж үзсэн байна. Эрдэмтэд динозаврын энэ шинэ төрөл зүйлийг
“Dreadnoughtus schrani” хэмээн нэрлэжээ. Энэ нь “Аймшиггүй” гэсэн
утгатай аж. Мөн судлаачдын үзэж буйгаар, энэ амьтан 77 сая жилийн өмнө
устаж үгүй болсон бололтой.

Аргентинаас олдсон үлэг гүрвэлийн
чулуужсан үлдэгдэл нь өнөөг хүртэл олдсон хамгийн аварга сауропод
динозаврынх болох нь тогтоогджээ. Шинжээчид уг “Dreadnoughtus schrani”
амьтныг бүрэн судлахад нийт ясны 70 хувь нь шаардлагатай гэж хэлсэн
байна.

Толгойноосоо сүүл хүртлээ 26 метр урт
“Dreadnoughtus” нь хоёр ширхэг Лондон автобусыг нийлүүлсэнтэй тэнцэнэ
гэж BBC мэдээлжээ. Доктор Кенет Лаковара хэлэхдээ “Энэхүү амьтан нь
Африкийн хэдэн арван зааныг нийлүүлсэнтэй тэнцэнэ” гэж хэлсэн байна.
Тэрээр “Аймшиггүй” урт хүзүү, булчинлаг сүүл, хойд хөлдөө гурван
сарвуутай. 65 тонн жинтэй. Ийм амьтны чулуужсан яс олсон нь үнэхээр
гайхамшигтай явдал юм” гэж онцлон тэмдэглэжээ.

-ДЭЛХИЙ ДЭЭР АМЬДАРЧ БАЙСАН ХАМГИЙН ТОМ ҮЛЭГ ГҮРВЭЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Хэдийгээр түүний гавлын яс бүрэн бүтэн
олдоогүй ч араг ясны тал орчим хувь нь олдсонд эрдэмтэд олзуурхаж байна.
Олдоод байгаа араг ясуудыг нийлүүлвэл “Dreadnoughtus schrani”-ийн
биеийн гуравны хоёр хэсэг бүрдэх ажээ. “Dreadnoughtus” урьд өмнө нь
амьдарч байсан хамгийн том үлэг гүрвэл байж болзошгүй бөгөөд анатоми,
биомеханик болон титаносаурсын хувьсалд маш том үүд хаалгыг нээн өгч буй
юм байна.

Судлаачид “Dreadnoughtus” нь бусад үлэг
гүрвэлүүдийн олдворын хажууд 20 дахин илүү жинтэй байгааг тогтоожээ.
Түүний зөвхөн сүүл л гэхэд 9 метрийн урттай юм байна. “Энэ олдвор
үнэхээр эдгээр амьтдыг судалж, илүү тодорхой судалгаа хийх боломж
олголоо” хэмээн нэгэн судлаач BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

 “Одоо бид тэдний цусны даралт, хэрхэн
амьсгалдаг байсан, хэдий хэмжээний хоол хүнс иддэг байсан талаар бодож
эхлэх хэрэгтэй боллоо. Нэгэнт бид тэдний ерөнхий биеийн харьцаа болон
хэлбэрийг мэдсэн учир титоносаурын биологийн нууцыг тайлж эхлэх болно”
гэж судлаачид хэлжээ. Уг үлэг гүрвэлийн аварга том бие түүнийг ямар ч
дайралтад ялагдашгүй болгодог байна. Нарийвчилсан тооцоогоор, уг олдвор
77 сая жилийн настай байсан бололтой. Сонирхуулахад, “Dreadnoughtus”-ийн
нэрээр 1900-гаад оны эхэн үед аварга том байлдааны усан онгоцыг нэрлэж
байсан түүхтэй ажээ.

Э.ЭРДЭНЭ

dino

dino

dino

dino

Зураг: Олдворийн гуяны яс

Эх сурвалж www.medee.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *