Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн эрчим хүчний шинэ эх үүсвэр “ШАТДАГ МӨС”

Өмнөд Хятадын тэнгист шатамхай мөсийг олборлож буй нь

Хятад улсын нефть олборлогчид Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос ус, байгалийн хийн нэгдэл илрүүлжээ. Энэхүү нэгдлээ “Шатдаг мөс”, “Шатамхай мөс” гэж нэрлээд байна. Учир нь мөс шиг харагдах энэхүү бодисыг шатаахад асар их энерги ялгардаг юм байна. Далайн ёроолд өндөр даралт, нам температурын нөлөөгөөр талсжин нэгдсэн энэ хүчирхэг нэгдэл нь дэлхийн эрчим хүчний ирээдүйг тодорхойлно. Учир нь бид хүн төрөлхтөний эрчим хүчний ирээдүйг аврах томоохон нээлт хийлээ хэмээн Хятадын холбогдох яам, хүрээлэнгүүдийн удирдлагууд тодотгоод байгаа юм.

“Шатдаг мөс”-ийг Хонконгийн эргээс 285 км-ийн зайд орших Шэну гэх газраас 1200 метрийн гүнээс олборложээ. Нэг шоо метр “шатдаг мөс” 160 шоо метр байгалийн хийтэй тэнцэж байгааг төслийн багийнхан тогтоосон байна. Газаар явдаг машин 100 литр хийгээр 500-600 км явдаг бол 100 литр “шатдаг мөс”-өөр 50 мянган км зам туулах боломжтой юм байна. Ингэхээр бидний хувьд машиныхаа шатахууны савыг “шатдаг мөс”-нөөс гаргаж авсан түлшээр нэг дүүргэчихсэн байхад эх орноо хэд бол хэд тойрно гэсэн үг.

Хятадын Геологийн судалгааны удирдах газрын мэдээлсэнээр тус улс одоогоор 99.5 хувийн агууламжтай шатамхай хийг 100 мянган шоо метрийг олборлоод байгаа гэнэ. “Шатдаг мөс”-ийг молекулын түвшинд нь томруулан судлахад метан болон усны молекулууд маш нягт нэгдсэн байдалтай бат бэх байгааг Сингапурын Үндэсний их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Маш бага температурт, өндөр даралтын дор бий болсон энэхүү бодис нь мөнх цэвдгийн давхарга дээр байгаа аж. Далайн ёроолд ийм төрлийн эрчим хүчний эх үүсвэр байж магадгүй гэдэг таамаглалыг 1960-аад оны үед эрдэмтэд дэвшүүлж байсан ч сүүлийн 10-15 жилд энэ чиглэлийн төслүүд Канад, Хятад, Япон зэрэг орнуудад хэрэгжиж эхэлжээ.

Дэлхийн улс орнуудын хувьд эрчим хүчний шинэ хувилбаруудыг санал болгосны дотор занар нэлээд өндөр санал авч, олон орон “Занарын хувьсгал”-д нэгдсэн. Тэдгээр орныг Бразил, Хятад, Эстони, АНУ тэргүүлж байгаа бол 20 орчим тэрбум тонн нөөцтэй занартай гэгдээд буй манай улс ч нэлээд дэмжиж тусгай бодлого эхлүүлсэн. Дээрх орнуудын шийдвэр гаргагчдын хувь нефтийн болон эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бие даан шийдэх цор ганц гарц нь шатдаг занар гэж үзсэн. Гэтэл энэ хувьсгал эхэлж ч амжаагүй байтал манай урд хөрш “Шатдаг мөс”-ний хувьсгалаа эхлүүлж “Энэ дэлхийн эрчим хүчний асуудлыг шийдэх гарц нээлээ” гэж нүүр бардам зарлачихлаа.

Далай ёроолоос гаргаж авсан “Шатдаг мөс” ингэж харагддаг юм байна

Дэлхий даяар “шатдаг мөс”-ний асар их орд байгаа бөгөөд далайн ёроолоос л олборлох боломжтой гэж ташаарч болохгүй гэнэ. Хятадын нефть олборлогчдид улс орнууд “шатдаг мөс”-ийг олборлох сонирхолтой байгаагаа эхнээсээ илэрхийлж цэвдэгтэй бүс нутгуудад хайгуулын ажил хийлгэх “захиалга” өгч байгаагаа дуулгажээ. Энэ төслийн чухал хүмүүсийн нэг профессор Ли Нам “Энэ бол нээлт. “Шатдаг мөс”-ийг боловсруулах үйлдвэрүүдээ даруй нээвэл маш том ирээдүй харагдаж байна. 2025 он гэхэд шинэ төрлийн түлш, эрчим хүчний эх үүсвэрээ амьдралдаа хэрэглэж эхэлнэ” гэжээ.

Судлаачид байгалийн бас нэг чухал нэгдэл, бодис учир ашиглалтад нь одооноос хяналт тавих хэрэгтэй. Учир нь байгаль, экологийн асуудал давхар хөндөгдөнө. Бас нэг аюул байгаа нь дэлхийн дулааралд метан сөргөөр нөлөөлж болзошгүй гэж сануулж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *