Categories
мэдээ нийгэм

Дэлхийн дуучин Г.Ариунбаатар эх орондоо ирлээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Уэлсийн нийслэл Кардифф хотноо болсон ‘BBC Cardiff Singer of the World” тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр “BBC” агентлагаас жил жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдаанд оролцож, тус тэмцээний романс болон ари төрөлд өрсөлдсөн билээ. Г.Ариунбаатар “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгаран, шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг хүртсэн юм.

Дэлхийн тайзнаа монгол сонгодог урлагийг дахин эгшиглүүлсэн түүнийг ар гэрийнхэн болон “Сүлд” чуулгын хамт олон онгоцны буудалд угтан авлаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо хөл тавиад баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. “Нар хур тэгширсэн, сайхан өдөр эх орондоо ирж байна, сайхан байна. “Cardiff singer of the world” тэмцээнд хоёр төрлөөр оролцож, хоёуланд нь финалд үлдэж, нэг төрөлд нь тэргүүн байр эзэлж, Монголынхоо амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна. Сэтгэл дүүрэн байна сайхан байна” гэлээ. “Миний хувьд дэлхийн тайзан дээр Монголынхоо агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх юмсан гэсэн мөрөөдөл байсан. Миний мөрөөдөл биеллээ. Олон хүнд их таалагдсан нь мэдэгдэж байлаа. Гадаадад байгаа монголчууд төдийгүй маш олон хүн надад урмын үг хайрлаж, дэмжиж байлаа. Сүүлийн хэдэн өдөр аз жаргалаар бялхсан сайхан өдрүүд байна. Монгол Улс сонгодог урлагтай, бид бас юм бүтээдэг хүмүүс шүү дээ гэдгийг харуулахыг хичээж, тэмцээндээ оролцлоо. Үзэгчид ч маш сайхан хүлээж авсан” гэж тэр ярьсан юм.

Мөн “Төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярлалаа. Намайг өдий зэрэгтэй авч яваа СУИС, миний багш нар, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулга, Соёлын төв өргөөний хамт олон, Улсын филармони гээд миний ажиллаж, амьдарч байсан байгууллага хамт олон бүхий л хүмүүстээ талархаж байна. Дээрээс нь миний хажууд дэм болсон Буриад зон олон, Буриадын дуурь бүжгийн театрын хамт олон гээд энэ сайхан хүмүүсийн халуун цус, халуун дулаан уур амьсгал, намайг дэмждэг сэтгэл дээр миний амжилт тогтдог юм болов уу гэж боддог. Эх орноо, эх нутгаа байнга бодож, бахархаж, баярлаж явдаг” гэлээ.

Дуучин Г.Ариунбаатар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хотын удирдлагууд, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар хүлээн авч авч, баяр хүргэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *