Categories
гадаад мэдээ

Дэлхийн аюулгүй байдлын шинэ санаачилга DNN.mn

БНХАУ-ын Хайнань арлын Боао хотноо “Дорнын Давос” гэгддэг Азийн эдийн засгийн форум эхэлсэн. Бид цар тахлаас хойш хэрхэн илүү сайн сайхан дэлхий ертөнцийг бий болгож чадах вэ? Дэлхийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжихийн тулд бид юу хийж чадах вэ? Бид хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах вэ? гэсэн гурван асуултын хүрээнд голлон хэлэлцүүлэг өрнүүлэх энэ оны Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт нь дэлхий дахины анхаарлын төвд байгаа юм.

БНХАУ-ын дарга Cи Жиньпин тус чуулга уулзалтад цахимаар оролцож, үг хэлэхдээ “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” хэмээх шинэ санаачилгыг дэвшүүллээ. Cи Жиньпин “Аюулгүй байдал гэдэг бол хөгжлийн үндэс суурь бөгөөд хүн төрөлхтөн бид салшгүй уялдаа холбоо бүхий аюулгүй байдлын хамтын цогцод аж төрж байна” гэжээ. “Ковид-19” цар тахалтай тэмцэх, эдийн засгийн сэргэлтийг хөхиүлэн дэмжих, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах болон дэлхийн засаглалд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд бүх улс орон гар нийлэн хамтран ажиллах хэрэгтэйг БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэжээ. Ялангуяа, их гүрнүүдийн хувьд тэгш байдал, хамтын ажиллагаа болон хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдлэх замаар үлгэрлэж, өөрсдийн статуст тохирсон үйл ажиллагаа явуулах нь чухал гэж тэрбээр хэлсэн байна.

Cи Жиньпин Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад зургаа дахь удаагаа илтгэл тавьсан нь энэ бөгөөд түүний хөнддөг гол сэдэв нь хамтын ажиллагаа болон энх тайван юм. Дэлхий дахины байдал амаргүй болсон энэ үед Азийг дэлхийн энх тайвны хөтөч, дэлхийн эдийн засгийн өсөлт болон олон улсын хамтын ажиллагааны илүү хүчирхэг хөшүүрэг болгоход дэлхий дахины аюулгүй байдлыг хангах зорилго бүхий “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэрээр тэмдэглэн хэлсэн байна. Cи Жиньпин Ази тивийнхэн сайн сайхан явбал дэлхий дахин ашиг тусыг нь хүртэх болно гээд Азийн зах зээлийг илүү нээлттэй болгож өргөжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, энэ онд хүчин төгөлдөр болсон “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” хэмээх Ази-Номхон далайн улс орнууд хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр, өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орсон Хятад-Лаосын төмөр зам зэрэг гэрээ хэлэлцээрүүд, бүтээн байгуулалтаас гарч буй боломжуудыг ашиглахыг улс орнуудад уриалсан байна.

Бүх улсыг “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-даа нэгдэхийг Хятад улс урьж байна. Энэхүү санаачилгын хүрээнд нийтлэг алсын хараа, иж бүрэн, үр өгөөжтэй бөгөөд тогтвортой аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан уялдаа холбоо бүхий буюу салгаж болшгүй аюулгүй байдлын зарчим зэрэг зургаан чиглэлээр улс орнууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргах ажээ.

Хятад улсын тэргүүний уг санаачилгатай холбогдуулан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэвлэлийн бага хурал хийж “Жинхэнэ олон талт үзэл бүхий уг санаачилга нь бүх улс оронд нээлттэй. Хятад улс энэхүү том санаачилгыг дэвшүүлсэн улсын хувьд үүнийг хэрэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ хичээн ажиллах болно” гэж мэдэгдэв.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *