Categories
мэдээ спорт

​Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Онцгой байдлын албаны тамирчид эх орондоо ирлээ

Монголчууд багийн спортод амжилт гаргаж чаддаг болсны бас нэг нотолгоог Онцгой байдлын алба хаагчид харуулж чадлаа. Тэд гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд өнөөдөр эх орондоо ирсэн юм. Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр алд цэнхэр хадгаа дэлгэн ааваараа, хүүгээрээ бахархан хүлээж суугаа олны дундаас нэгэн аавыг онцолж ярилцлаа. Эрхэмбаатар Дорноговь аймгаас эхнэр хүүхэд, ах дүү хамаатан садныхаа хамт энд хүрэлцэн иржээ. Хүслийг нь гүйцээх гэж хүү төрдөг гэдэгчлэн аавынхаа бахархлыг төрүүлж, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Билгүүн онцгой байдлын албанд ажиллаад таван жил болсон гэнэ. Эрхэмбаатар ярихдаа “Аав минь залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг. Гүйж яваа туулайг бариад авдаг хурдан хүн байлаа. Би ч хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан. Хүү минь өвөө аав хоёрынхоо хийж чадаагүйг хийсэнд баяртай байна” гэж ярисан юм.

Харин Э.Билгүүн хүү нь бид нэг хүн шиг ажиллаж чадсан болохоор ийм сайхан амжилт гаргаж чадлаа гэж даруухан ярьж байлаа. Түүнээс тэмцээний сонин сайхан хийгээд хамгийн хүчтэй өрсөлдөгчид хэн байсан талаар сонирхоход “Хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Болгарын шигшээ баг гурван удаа тархалт хийсэн боловч үүргээ амжилттай гүйцэтгэж чадаагүй. ОХУ-ын тамирчид тархалт хийх хүртэл бид мөнгөн медалийн болзол хангаад байсан. Үүний дараа бид хүрэл медаль хүртсэн. Манай багийн тамирчдын ихэнх нь хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан нь ийм амжилт гаргахад мөн нөлөөлсөн гэж бодож байна” гэсэн юм.

“Манай аав эндээ мэнгэтэй нь, мөнгөн медаль авсан” гэж хүн бүрт ярьж явсан Тамираа хүү аавтайгаа уулзаад тун баяртай байна. Аравдугаар ангиа төгсмөгцөө онцгой байдлын албанд ажиллах болсон Тамирын аав Мөнхтунгалаг “Манай багийнхан хориодхон хоног бэлтгэл хангасан гэхэд маш өндөр амжилт гаргаж чадлаа. Бидэнд зааж сургаж байсан дасгалжуулагч багш болон багийн ахлагч нартаа баярлалаа. Техник төхөөрөмжийн хувьд бас хангалттай сайн байж чадсан нь энэ амжилтад нөлөөлсөн болов уу гэж бодож байна” гэсэн юм.

Турк улсын Измир хотод есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын нэгний өдрүүдэд зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын албаны баг тамирчид 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртсэнд баяртай байна.

Гал унтраах техникийн олон төрөлт спорт манай улсад үүсч хөгжөөд 60 гаруй жил болж байгаа бөгөөд анх удаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн нь Онцгой байдлын албаныхны хувьд маш том амжилт юм. Онцгой байдлын алба хаагчид 2012 оноос хойш энэ тэмцээнд тасралтгүй оролцож байсан. Манай багийн найман тамирчин энэ удаагийн тэмцээнд дөрвөн төрлөөр оролцсон. Довтолгооны шат болон саадтай 100 метрийн тэмцээнүүд бол хувь хүний амжилт. “4х100” метрийн төрөлд дөрөв дөрвөөрөө уралддаг. Харин манай тамирчдын хүрэл медаль хүртсэн байлдааны тархалтын төрөлд багийн бүх гишүүд оролцдог. Энэ төрөлд манай тамирчид 27:08 секундын амжилт гаргасан бол Беларусь улс алт, ОХУ мөнгөн медаль хүртсэн. Байлдааны тархалтын төрөл нь галыг оновчтой унтраахад чухал үүрэгтэй бэлтгэл сургуулилт болдог гэж Онцгой байдлын хурандаа С.Залаахүү онцлон ярьж байлаа.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр, дасгалжуулагчаар бэлтгэл дэд хурандаа, ОУХМ Д.Ганболд нар ажиллажээ. Багийн бүрэлдэхүүнд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, дэслэгч О.Батсайхан, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, нэгдүгээр зэрэгтэй тамирчин Э.Билгүүн нар багтаж, түүхэн амжилтын эзэд болсон байна.

Эрхэмбаатарын Билгүүн. Аав ээж, эхнэр хүүхдийн хамт

Б.Наранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *