Categories
мэдээ нийгэм

Дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд байр бэлэглэлээ

Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн цэнгүүн өчигдөр болж өнгөрлөө.

Шинэ жилийн цэнгүүнд холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, УИХ-ын гишүүн, Улсын аварга Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, Б.Өнөбаатар, “Хасу-Мегаватт” компанийн захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш болон манай оронд хамтарсан бэлтгэл хийж байгаа БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны шигшээ багийн дасгалжуулагч Батмөнх шигшээ багийнхаа бөхчүүдийн хамт урилгаар оролцжээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын шүүгч С.Чинбат “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсаныг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар улсын шүүгч Д.Алтанцэцэг “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, МЧБХ-ны ажилтан С.Оюунтунгалаг яамны “Хүндэт жуух”-аар шагнагдсаныг СБТ-ийн төвийн дэд дарга Ц.Одонбаяр гардуулан өгчээ. МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ өнгөрч байгаа онд ДАШТ-нээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд холбооны өмнөөс хоёр өрөө байр бэлэглэж хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр хоёр сая төгрөгөөр урамшуулжээ. Мөн олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаярыг ирэх оноос компанийхаа нэр дээр барилдуулж байх болсноо зарлаж түүний бэлтгэл сургуулилтанд нь дэмжлэг болгон түүний дасгалжуулагч, “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, Гавьяат тамирчин А. Энхээд 10 сая төгрөг гардууллаа. Тус компани нь энэ онд өмнө нь Гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, О.Насанбурмаа нарт байр олгосон ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *